Wednesday 30 November 2016

Хөхөө шалгах аргад сургасан бүртгэл

Орхон сум. 
Булганы аймгийн төв байрладаг Булган аймгийн хамгийн том газар нутагтай сумуудын нэг. Судалгааны ажлаар тэндэхийн эрүүл мэндийн төвөөр ороод гарах аз нэг биш нэлээд хэдэн удаа тохиосон юм.
Биднийг очих бүрд Монгол ёсоор гадаад дотоодын мэргэжилтнүүдийг эрвийх дэрвийхээрээ дайлаад гаргана. Шууд л халуун цай, таваг дүүрэн хуушуур, өрөм ааруултай тавгийн идээ...
Бидний заншлыг мэддэггүй гадныхны нүдээр бол эмнэлэгтэй танилцах гэж ирсэн биш идэх гэж иржээ гэж бодоо юу даа гэлтэй.
Миний сонирхлыг хамгийн ихээр татсан нэгэн зүйл бол эх баригчийн бөглөх ёстой бичиг баримтууд. Ээ бурхан минь...
Та зураг дээрээс эх баригчийн ширээ, түүн дээр өрөөстэй байгаа бөглөх ёстой баримтуудыг харж байна. Өнөөгийн бүх зүйл компьютержсэн ертөнцөд аймгийн төвтэй хамгийн ойр сум гэхэд л ийм цаасан дээр суурилсан тогтолцоотойгоо л байж байна. Мэдээж эмнэлэг юм чинь бичиг баримт, бүртгэл байх хэрэгцээ шаардлага өндөр байлгүй яахав. Гэхдээ энэ нь таны төсөөлж байгаагаас ч илүү олон гэвэл та итгэх үү? За жагсаагаад үзье л дээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл 
(бүртгэлгүй яахав)
Жирэмсэн эхийн амрах байрны бүртгэл 
(хэрэг байна уу? сард 1-2 эх л төрдөг сум. Төрөх гээд хүлээх хугацаандаа 5, 6 хоног амардаг байр биздээ.)
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн судалгаа
(судлалгүй яахав)
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн эм тарианы зарцуулалт
(эмзэг бүлэгийн эмэгтэйчүүдэд өөр эм тариа өгдөг юм байхдаа)
Өртөмтгий бүлгийн жирэмсэний бүртгэл
(хэрэг байна уу? жирэмсэний бүртгэл дээр бүртгэчихэж болохгүй юу?)
Хөх умайн хүзүүний үзлэгийн бүртгэл 
(окэй)
Жирэмсэн эхийг хөхөө шалгах аргад сургасан бүртгэл
(жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн үзлэгийн үеэр хэлж зөвлөх ётой эмчийн үүргүүдийн нэг. Хэрэв энийг бүртгэж байгаа бол бусад зөвлөгөөнүүдээ бүгдийг нь бүртгэх ёстой бишүү?)
Умайн хүзүүний эсийн шинжилгээний маягт 
(окей)
Нярайн бүртгэл 
(эхээс тусдаа байх хэргэцээ нь яг юу юм бол? )
Төрсөн нярайг 30 минутын дотор амлуулах бүртгэл
(бүх нярайг 30 минутаас 1 цагийн дотор амлуулах ёстой. Эх хүүхдийн дэвтэр дээр ч бүртгэл нь байгаа)
0-2 настай хүүхдийн дархлаажуулалтын бүртгэл 
(окей)
Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр 
(энэ дэвтрийг жаахан богиносгомоор л санагдаад байгаа юм даа, за тэгэхдээ энэ бол эх баригчийн хийх ёстой ажлуудын гол хэсэг. Эхэд өөрт нь хэрэгтэй.)
Хэвийн төрсөн эхчүүдийг халдварын шинж тэмдэгээр тандах тандалтын бүртгэл
(хэрэг байна уу? Төрөлтийн бүртгэлтэйгээ нийлүүлж болдоггүй юмуу?)
Хөхний өмөнгийн илрүүлгийн маягт
(энэ ч бас бусадтайгаа нийлчихмээр санагдаад байна)

Надад үзүүлсэн нь гэхэд л энэ, гэхдээ үүнээс цааш хэр их бүртгэл байгааг би хэлж мэдэхгүй. Бараг л шинж тэмдэг болгон дээр л бүртгэл явуулах нь холгүй байдаг юм байна. Арай л жирэмсэн эхийн хавагнасан бүртгэл гэж байдаггүй байлтай.
Би асуув.
“Та чинь одоо яахаараа ингээд өчнөөн юм бүртгээд суудаг байнаа. Цагийн гарз бишүү? Эксел дээр сайхан хүснэгт хийгээд тийм үгүй гээд чагтлаад явбал яаж байна?”
“Өө ёстой тэгж болдоггүй юм, миний дүү. Яамны хүмүүс бүртгэл болгоныг тусад нь үйлдэж явуул гээд байдаг юм.”
Тэгээд би эрүүл мэндийн яамны эх хүүхдийн асуудал хариуцан 20 гаруй жил нэг местен дээрээ суусан мэргэжилтэнтэй уулзав. Тэр хүн бол чухам л Монголын эх хүүхдийн асуудлыг бүхэлд нь базаж байдаг учиртай, өнөөгийн тогтолцоог нуруун дээрээ үүрч яваа хүн юм. Уулзаад авсан зургуудаа үзүүлээд, суманд нөхцөл байдал ийм байна, энэ олон бүртгэлээ больчихож болдоггүй юмуу, цаадуул чинь ачааллаа даахгүй хэцүү байна. Ийм их юм бөглөхөөс гадна жирэмсэн эх хянах, төрүүлэх, нярай хянах, ихэс халдваргүйжүүлж хаях, жижүүрт гарах, хөдөөний эх баригч нар бол эмчтэйгээ ээлжилж дуудлаганд явж хүн үзэх гээд борви бохисхийхгүй байна шүү дээ , арай дэндлээ энээ тэрээ гэв (Журмандаа ч ажил үүргийг нь ингэж заасан юм байна. Нэг ёсны эмч, сувилагч, асрагч гурвын үүргийг давхар гүйцэтгэдэг юм байна.). Тэгсэн чинь манай мэргэжилтэн эгч хэлдэг байгаа.
“Хүүе ээ, би ёстой энэ бүртгэлийг чинь үзээ ч үгүй хараа ч үгүй юм байна. Эд нар өөрсдөө л сайн дураараа ийм юм хийж байгаа биз. Юун хөхөө шалгах аргад сургасан бүртгэл вэ? Күү, ёстой тийм байх ёсгүй.”
Арга мухардав.
Энэ тогтолцооны аль үе шатан дээр яам, эх баригч хоёрын маань дунд үл ойлголцол үүсээд байна?
Орхон сумын эх баригчийн хуруу хумсаа хугалах шахам, гараа сарвайтал бичсэн тэр их бичиг сачиг бүртгэл хаашаа яваад хэний өрөөнд очиж түгжигдээд, эсвэл хэний зуухны түлш болоод байна вэ?
Тэр их хувийн мэдээлэл хаана очоод гацаад байна вэ? Муу хүмүүсийн гарт орвол яана?
Энийг мэддэг, шийддэг хүн нь тэгээд хэн юм бэ?
Хариултыг хаанаас хайх вэ?

Эх сурвалж:
http://urguu-amarjikh.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=311:2013-12-06-07-59-37&catid=3:2013-01-08-16-18-42&Itemid=35

Tuesday 29 November 2016

Агаарын бохирдлоос болоод амьгүй төрөлт ихсээд байна уу?



Амьгүй төрөлт гэж юу вэ?
28 долоо хоногтойдоо буюу түүнээс дээш хугацаанд, эсвэл 1000 г-с их жинтэй болсон хойноо төрсөн амьгүй нярай хэмээн ДЭМБ тодорхойлсон. Гэвч манай орон өөрсдийн гэсэн тусгаар тогтносон тодорхойлолттой юм байна. Тэр нь 22 долоо хоногтойгоос дээш эсвэл 500г-с дээш жинтэй төрсөн амьгүй нярай.

Агаарт агуулагдаж байгаа ультра бичил бодисууд жирэмсэн эх амьсгалахад уушги уруу орж цусны урсгалд нэгдсэнээр, ихэсийн хоригийг нэвтэрч ургийн хөгжилд саад учруулдаг. Энэ үйл явц жирэмсэний эхний сард урагт хүчтэй нөлөө үзүүлж өсөлтгүй жирэмслэлтийн хүчин зүйл болж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-н стандартаас даруй 80 хувиар илүү байна. Ялангуяа өвөлдөө PM2.5-н хэмжээ 6-7 дахин ихэсдэг байна. Энэ утаа нь Улаанбаатар хотод гарч байгаа нийт нас баралтын 10%-н буруутан болж байгаа ба үүнд уушигны хавдар, зүрх судасны өвчин, амьсгалын замын бусад өвчнүүд нэрлэгджээ. Харин амьгүй төрөлт ихсэж байгаагийн буруутан мөн үү?

2009 онд анагаах ухааны мэргэжлийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг болох Lancet-д мэдээлсэнээр Монголын амьгүй төрөлтийн тоо нийт 193 орноос доороосоо 96д бичигджээ.Харин сүүлийн жилүүдэд энэ явдал ихсээд байна уу? Үнэхээр Улаанбаатарт утаа ихтэй болчихоод тэр үү?

2014 оны мэдээгээр Улаанбааатар дахь амьгүй төрөлтийн тоо 1000 төрөлтөнд 6.2 байсан бол бусад аймгуудын дундаж 6.6 байж. Онцын ялгаа лав алга. Харин энэ үзүүлэлтийг жил бүрээр аваад үзвэл эсрэгээрээ бүр буурсан юм шиг харагдна. 1995 онд энэ тоо 1000 төрөлтөнд 15 байсан бол 2009 онд 11 болсон байна. Амьгүй төрөлт үнэхээр ихсэв үү гэтэл үгүй ажээ.

Энэ талаар Монголд хийсэн судалгаа уртаашаа 2 л байна. Гэвч нэг нь нэр нь үл мэдэгдэх хүний бичсэн мастерын ажил, нөгөөх нь маапаантай судалгааны аргачлалаар хийсэн хурлын тэмдэглэл. Хоёул албан ёсоор хэвлэгдээгүй гэсэн үг. За яахав, хүмүүс дандаа л албан ёсны сэтгүүл дээр хэвлэгдсэн байх ёстой гээд сүржигнэх юм, дата л бол дата шүү дээ гэж магадгүй. Энэ хоёр судалгааны үр дүнгээс харахад амьгүй төрөлт агаарын бохирдолтой холбоотой гэж гаргасан юм билээ. Гэхдээ гаргасан тоон үзүүлэлтийг нь сайн хараад байхаар бас ч тиймгүй (би маапаантай гэж дээр дурьдсан). 

Харин өсөлтгүй жирэмслэлт бол өөр шүү. Ялангуяа жирэмсэний эхний нэг сард тохиолдож байгаа бол агаарын бохирдлоос шалтгаалж байж болох өндөр магадлалтай. Гэвч өсөлтгүй жирэмсэнг манай оронд хэн ч сонирхохгүй байна. Яагаад гэвэл эхийнхээ хэвлийд хэлбэр дүрсээ олж, бүрэлдэж ч амжаагүй болохоор хэн ч ач холбогдол өгөхгүй байгаа хэрэг. Гэтэл бид ирээдүйн эрдэнэт үрсийнхээ хэдийг нь бохир агаараас болж алдчихаад буйгаа огт мэдэхгүй явсаар л.
    
Эх сурвалж:

Allen, Ryan W., et al. "An assessment of air pollution and its attributable mortality in Ulaanbaatar, Mongolia." Air Quality, Atmosphere & Health 6.1 (2013): 137-150.
Yiliqi, X. (2014). Stillbirth and Fine Particulate Matter Exposure in Ulaanbaatar Mongolia: July 2010-April 2014.
Undram, L., Gantuya, D., Erkhembaatar, T., & Chimedsuren, O. (2015). Association Of Outdoor Air Pollution And Stillbirth Risk In Ulaanbaatar, Mongolia. Value in Health18(3), A105.
http://chartsbin.com/view/1445
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10339448
Health indicator 2014

Saturday 29 October 2016

Женевийн тэмдэглэл- Сонголтын орон

Швейцарь улст амьдарч байгаа 8 сая хүний нэг болно гэдэг бол аз гийсэн хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь энэ орны хүмүүс манай гариг дээрх хамгийн аз жаргалтай, эрүүл, боловсролтойд тооцогдож байна. 
Эрүүл мэндийн системийн хувьд ч тэр. Энд үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд өөрсдийнх нь эрүүл мэндийн систем төгс гэдэгт итгэчихсэн байдаг. Оршин суугчдын эрүүл мэндийг аваад үзэхэд л дунджаар 82.7 хэмээх урт наслалтаараа Япон, Хонг-Конг, Исландын дараа орохуйц өндөр үзүүлэлттэй. Хүмүүс нь эрүүл мэнддээ маш их анхаарал тавьна.  Наад зах нь гудамжаар нь явахад л тарган хүн бараг үзэгдэхгүй. 
Гэхдээ эрүүл мэндийн зардлаараа дэлхийд тэргүүлдэг төдийгүй, жил бүр өсөн нэмэгдсээр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувь нь эмчилгээ үйлчилгээнд яваад өгдөг гэж байгаа. 
Женев хотод нийтийн унаанд суучихаад чөлөөтэй утсаар ярих боломжтой. Энэ Монгол хүнд мэдээжийн хэрэг боловч Япон хүмүүсийн нүд орой дээрээ гарна. Ярих ярихдаа маш чанга ярихаас гадна, зүсэн зүйлийн хэлээр энд тэндээс зэрэгцүүлэн ярьна. Франц, Герман, Португал, Итали гээд л. Англи хэл харин хэр барагтай бол сонсогдохгүй. Яагаад гэвэл энэ орон эдгээр гүрнүүдтэй хиллэдэг, Европын холбоонд орсоноос хойш хүмүүс нь өөр хоорондоо чөлөөтэй зорчиж, тэр бүү хэл оршин сууж, ажиллаж амьдарч байна. Энэ их гүрнүүд нь Швейцарь улсын эрүүл мэндийн системийг санхүүжүүлэх, лиценз бүхий эмч эмнэлгийн ажилтнаар хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Швейцарь хүн  хувийн хувьсгалын 67 төрлийн эрүүл мэндийн даатгалаас сонгож үйлчлүүлдэг гэж байгаа юм. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь мэдлэг, эрүүл мэнддээ хандах хандлага ямар чухал байх нь вэ гэдэг нь мэдрэгднэ. 
Өөр бас нэг сонин жишээ. Энд хар тамхичид үй олноороо амьдардаг гэнэ. Гаднаас нь харахад огт мэдэгдэхгүй, биендээ арчаатай, ажилтай амьдралтай. Бидний төсөөлж заншсан хар тамхичдаас тэс өөр. Яагаад?
Яагаад гэвэл нэгдүгээр шатлалын эмнэлэг дээрээ очоод үнэгүй хар тамхи авдаг гэж байгаа юм. Түүнтэй холбоотойгоор хар тамхи хайж явах шаардлагагүй, хайхгүй болохоор хэн нэгэн зарах ашиггүй, ингээд мөнгө төгрөгнөөс холдоод ирэхээр гэмт хэрэг эрс буурч, хар тамхи хэрэглэх эсэх нь тухайн хүний сонголт болоод ирнэ. Хүнд сонголт байхаар хүн яадаг вэ? Мэдээж арай илүү замыг нь сонгохыг хүснэ. Ингээд хар тамхинаас сайн дураараа гарах үүд хаалга нь онгойно гэсэн үг. 
Тэр бүү хэл архинд донтсон хүнд өглөө оройных нь 100 г виног нь өрхийн эмнэлэг нь бэлдээд өгдөг гэсэн шүү. Сонголтын асуудал л яригдаад байна. Хангаад өгье, бэлдээд өгье, май ав ав гээд шахаад байхаар нөгөө эсрэг психологи нь ажиллаад хүний дургүй хүрээд өөрөө гармаар санагддаг байлгүй. Харж л байя, иймэрхүү хангамж улс орныг ямар болгодгийг. Бас тусгаж авч болохоор л санаа. 
Өөр нэг шал хамаагүй жишээ. Миний очиж байсан хотуудаас хамгийн их Монгол хүнтэй хот. Гудамжаар нь явахад л өдөрт 2-3 удаа хажуугаар чинь Монголоор яриад өнгөрнө. Тэгэхээр надад бас Монгол хүнтэй очиж ярих ярихгүйн асар их сонголт байжээ дээ янз нь. 

Thursday 29 September 2016

Би бол бичил биетний үүр

Хүний биеийн зөвхөн 10% нь эд эсээс бүрддэг гэнэм. Үлдсэн 90% нь бичил биетийн орчин буюу микробиот дээр оршин тогтнодог байна. Английн эрдэмтэн зохиолч Аллана Колины бичсэн энэ ном сүүлийн үед барууны уншигчдын дунд шуугиан тариад байна. 
Хүний бие дэх удамшлын генүүд олон төрлийн уураг үйлдвэрлэж, тэдгээр нь бие махбодийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг гүйцэтгэдэг гэж өнөөгийн шинжлэх ухаан тайлбарладаг. Гэтэл үнэндээ таны биеийг саяхан хүний геномын бүтцийн судалгааны эцсийн үр дүнгээр тодорхойлогдсон 21 мянган ген чинь биш, харин биенд чинь зэрэгцэн орших 100 триллион бичил биетэн удирддаг гэвэл итгэх үү? Эдгээр бичил биетийн бүрдүүлсэн орчин л бидний эрүүл байх нөхцлийг хангадаг гэх. Тэгэхээр манай эриний он тоолол эхэлсэн цагаас хүн төрөлхтөн "Би гэж юу вэ?" хэмээх философийн асуултанд хариулах гэж шаналсаар ирсэн бол энэ номноос үзвэл би гэдэг нь бичил биетний үүр, тэдний унаа унш болж таарах нь.  
20-р зуун хүн төрөлхтөнд хүний эрүүл мэндийг аврах дөрвөн том ололт амжилтыг авчирсан билээ. Вакцин, эмнэлгийн орчны ариун цэвэр, газар доорх бохир, цэвэр усны байгууламж, антибиоткийн нээлт. Эдгээр нь хүн төрөлхтөнийг олон янзын өвчин, тахлаас хамгаалж чадсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд хүний биед хэвийн бус үзэгдлүүд илрэх болсон байна. Эдгээр нь харшил, арьсны атопи, чихрийн шижин, чонон хөрвөс, гурилан бүтээгдэхүүн боловсруулах чадваргүй болдог целиакийн өвчин, сэтгэл гутрал, аутизм гэх мэтээр хөвөрнө. Гэтэл энэ бүгд нь эрт үед хүн төрөлхтөнд ажиглагддаггүй байсан өвчнүүд. Таргалалт ч ялгаагүй. 1960-аад онд АНУ-д улсын хэмжээнд 13%-тай байсан таргалалт энэ онд даруй 36% давжээ. Энэ нь зөвхөн Америкаар зогсохгүй бусад олон орны нийтлэг үзэгдэл болоод байгааг та мэдэж байгаа байлгүй. Харин Колин бээр номондоо хүний биеийн бичил биетийн орчны алдагдал энэхүү таргалалтыг нөхцөлдүүлж байгаа хэмээн бичжээ. Жишээлбэл тарган, туранхай хоёр хулганы микробиотийг бүрдүүлэгч бичил биетнүүд хоорондоо бүтцийн асар их ялгаатай байдаг гэнэ. Тэр бүү хэл тарган хулганы микробиотоос жаахныг аваад туранхай хулаганад суулгахад л мань хулгана хөөрхөн бондойгоод ирдэг гэнэ шүү. Ямар ч байсан эндээс таргалалттай тэмцэх шинэ эмчилгээг хүний биеийн микробиот дээр суурилан гаргаж авах боломжтой болоод байгаа юм байна. Тэгэхээр өнөөг хүртэл турах оролдлого хэчнээн хийгээд бүтээгүй хүмүүс хамаг бурууг өөрөөсөө хайх хэрэггүй болж, баярлууштай сайхан үйл явдал тохиож байгаа нь гарцаагүй. 
За тэгвэл микробиотийн тэнцвэрт байдал яагаад алдагддаг юм бол?
Уг номноос үзвэл, антибиотикийн замбараагүй хэрэглээ, хүнсний эслэг дутуу авах, нярай хүүхэд өсгөх арга зэргээс хамаардаг гэнэ шүү. 20-р зууны эхээр хүн төрөлхтөний үхлийн гол шалтгаанд уушигны хатгалгаа, сүрьеэ, халдварт суулгалт ордог байсан ба хөгжингүй орнуудад хүртэл дундаж наслалт 50 гарч чаддагүй байв. Харин өнөөдөр хөгжингүй орны хүн бол 80 наслах нь зайлшгүй үзэгдэл болж хувирсан ч үхлийн эхний гурван шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар, тархины шигдээс болж өөрчлөгджээ. Сүүлийн үеийн анагаах ухаанд үүнийг тайлбарлахдаа  хүний биед удаан хугацааны туршид үрэвсэл явагдсантай холбоотой хэмээн үзэж байна. Үрэвсэл гэдэг маань ердөө өнөөх л бичил биетийн орчны алдагдал, ялангуяа ходоод гэдсэн дэх шаардлагат нянгуудын тэнцвэрт байдал алдагдахыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид өглөө бүр өөрсдийн биенд орших бичил биетнүүддээ жаахан санаа тавьж сурвал, олон төрлийн өвчин зовлонд өртөхгүй байх бүрэн бололцоотой цаг ирсэн ажээ.

Эх сурвалж:
https://www.amazon.com/10-Human-Microbes-Health-Happiness/dp/0007584032
https://www.cdc.gov/obesity/data/adult.html
http://forbesjapan.com/articles/detail/13608/3/1/1

Thursday 8 September 2016

Хөшигний цаадах амьдрал

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэдэг Японы нэгэн сайн дурын ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжилтэн эмч надтай уулзаж байсан юм. Тэрээр бараг Монголын бүх аймгуудаар явж, тэргэнцэр бэлэглэж, бас тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийг цуглуулж, реабилитацийн дасгал зааж өгдөг гэнэ.
Тэр хүний ярианаас цочирдмоор нэгэн баримтыг мэдэж авсан нь хөдөө орон нутгуудаар явж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орон дээрээ суулгачихаад, хүн орж ирэхээр орныхоо хөшгийг татчихдаг айл цөөнгүй харсанаа ярьсан явдал байв.
Тэрээр цааш ярихдаа тийм айлын эцэг эхчүүд хүнд харуулмааргүй байгаа үедээ хөшиг урдуур нь татчихдаг, амьдралынх нь хугацаанд бараг үг сольж үзээгүй, яг л тасалгааны цэцэг шиг харьцдаг юм байна лээ. Гэтэл энэ хүүхдүүдэд жаахан л анхаарал тавьж, нөхөн сэргээх дасгал хийлгээд байх юм бол өдөр тутмын ойр зуурын үйлдлээ өөрсдөө хийгээд байж чадахаар болно шүү дээ гэв.
Хирдхийм баримт.
Нээрээ л одоо бодоод байхад бага байхдаа хөдөө зусахаар очиход тархины саатай хүүхэд нэг биш удаа харж билээ. Хөөрхийсийг бараг нохойтой адил үздэг байж билээ. Энд тэнд тэнээд л явж байдаг, айл айлд ороод л тавган дээрх боов боорцог,  ааруулаас нь аваад л гардаг, хэн ч түүнтэй нийгмийн хүн ёсоор хандаж харьцдаггүй байж билээ. Хөдөөнийхөн тийм хүүхэдтэй айлыг ер нь гадуурхах талдаа, зарим нь халдвартай гэж бодно, зарим нь хараал хүрсэн, сүнс нь зайлчихсан юм гэнэлээ гэж ярьна.
Монгол орны хэмжээнд бараг зуугаад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн, 11 мянга гаруй нь хүүхэд юм байна. Үүнээс тусгай дунд сургуульд хамрагддаг нь ердөө 1600. Тэгэхээр үлдсэн 10 мянга нь үндсэндээ хөшигний цаана амьдардаг ажээ. 
Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бараг 70 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн тооцоо ч байна. Ямар аймшигтэй зураглал вэ?
Орлогогүй, ажилгүй, боловсролгүй хүмүүс мухар сүсэгт итгэхдээ амархан байдаг. Гадуурхагдна гэх айдас илүү байдаг. Тэд үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хүний нүднээс нууж амьдарч байгаа юм гэжүү?
Улаанбаатар хотын төв хэсгүүдээр яваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бараг дайралддаггүй шүү дээ. Харин Японд хаа саагүй тэдэнтэй тааралдна.
Манайхан зарим нь Японд ирэхээрээ нэг ийм юм ярьдаг. 
Энэ Япон чинь ямар хаашаа юм бэ, бас хэт хөгжих чинь дэмий юм байна, ямар их тахир дутуу хүнтэй юм бэ гэж дуу алдацгаадаг. Үнэндээ бол Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бусад орны жишигээр хүн амын 10 хувьтай л тэнцэхээр байдаг.
Хамгийн гол нь тэд хөшигний цаана хоригддоггүй, гудамжинд гарч ирээд нийгмийн амьдралд оролцоод явдаг болохоор тэр. Ажил хийдэг, амарч зугаалдаг учраас тантай тааралддаг байх нь. 
Японд та лифтгүй галт тэрэгний буудал, тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замгүй олон нийтийн барилга байгууламж олох гээд үзээрэй. Бараг л олдохгүй. Токио хот бол бусад олон улсын метрополис хотууд болох Нью Иорк, Лондонтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их ээлтэй газар гэдэг нь нэг очиход л мэдрэгднэ. Түүнээс гадна Японы засгийн газар энэ иргэддээ зориулаад хот дүүрэг болгонд үнэгүй зөвлөх мэргэжилтэн гаргаж өгдөг. Эдгээp хүмүүс нь харьяа хороо дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажилд орох, өдөр тутмын амьдарлаа хэрхэн энгийн хүмүүстэй зохицуулж авч явахыг хүртэл зөвлөдөг юм.
Харин манайд яаж байна?
Энэ хүүхдүүдийг үндсэндээ халамжийн цөөхөн хэдэн төгрөг өгсөн болоод орхиж байна. Улаанбаатар хот ч яахав БНХАУ-н буцалтгүй тусламжаар хөгжлийн төвтэй болох юм байна. Гэтэл хөдөө байгаа хүүхдүүдийг яах вэ? Япон мэргэжилтний ярьсанаар зарим аймгийн удирдлага тэднийг хүлээж авахаас дургуйцдэг, итгэдэггүй, Эрүүл Мэндийн Яам болохоор хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ хий гэж сүржигнэдэг гэнэ. Нэгэнт өөрсдөө хүрч үйлчилж чадахгүй байж, сайн дураараа туслая гээд ирсэн хүмүүсийг яагаад боож хаадаг юм бэ? Гэрээ хийж яах гэж байгаа юм? Мөнгө авах гэж байгаа юмуу?
Тэрний оронд яамнаасаа нэг баг, нэг хүн ч болтугай томилоод тэдгээр сайн дурын ажилчдыг дагуулаад сургаад явбал яасан юм бэ? Тэгсэнээр итгэхгүй байгаа гадныхны үйлдийг ч хянах боломжтой болж ирнэ шүү дээ. 
Гадныхнаас өнөөдөр идэх загасаа авах биш, загас барих аргыг нь суралцах хэрэгтэй гэдэг үг байдаг байхаа.

Эх сурвалж:
http://www.tv5.mn/news/15/2233
http://oidov.blogspot.jp/2011/08/blog-post.html
http://www.ninjin-npo.org/

Tuesday 30 August 2016

Тайчсанаар даам гарахгүй 

Манайхан ч 2016 оны Риогийн олимпоор нэрээ цуурайтуулна гэж мөрөөдсөнийхөө дагуу хоёр медал авсанаасаа илүүтэйгээр нэрээ цуурайтуулж л орхилоо. Медал авахад хүч хөдөлмөр шингэдэг, тамирчны алдар хямдхан олддоггүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд олимпод оролцсон ихэнх орнууд дор хаяж ганц хоёр медал чирээд л харьсан байгаа. Тэр дундаас Монгол нэг их ялгарах юм үнэндээ байхгүй. 
Гэтэл ялагдсан бөхөө өмөөрч  хоёр дасгалжуулагч нь хувцасаа тайчих үзүүлбэрээр эсэргүүцлээ үзүүлсэнээр манай сайхан орны нэр дэлхийн том том мэдээллийн агентлагуудаар цуурайтаад авав. За би тэр олон янзын дүрэм журмыг нь мэдэхгүй зүгээр, гэхдээ яаж ч дүрмийн дагуу барилдаад, шударга шүүж чадаагүй гэхэд ингэж эсэргүүцлээ үзүүлэх онцгүй байна. Өөр орны хүмүүс байсан бол шавиагаа ханатал инээхсэн, өөрийн орны хүмүүс болохоор инээж ч чадахгүй уйлж ч чадахгүй байна. Гэхдээ энэ яагаад ийм үйлдэл гарахад хүрэв?
Зөвхөн энэ хоёр тайчсан дасгалжуулагчдад учир байгаа ч юм биш, аягүй бол оронд нь өөр дасгалжуулагч байсан бол бас л иймэрхүү үйлдэл гаргах байсан байх. Энэ ердөө Монгол хүмүүс дэлхийд нэрээ цуурайтуулахын дон тусчээ л гэж оношлохоос аргагүй. 
Олимпийн медал үнэтэй цэнэтэйтэй би маргах гээгүй. Гэхдээ өгч байгаа ач холбогдол нь арай дэндээд байна. Энүүгээр амьдрал дуусдаггүй юм. Олимпын медал авсанаар тухайн улс орны хөгжил хэмжигддэггүй юм. 
Улс орны хөгжил ер нь юугаар хэмжигддэг юм?
Хэр баян тарганаас илүүтэйгээр тухайн орны туйлын хөгжлийг илэрхийлдэг нэг үзүүлэлт байдаг. Хүний хөгжлийн индекс.
Зарим хүмүүс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр улс орнуудыг харьцуулж, хөгжсөн хөгжөөгүйгээр нь дүгнэх дуртай. Гэтэл яг үнэндээ энэ үзүүлэлт тухайн оронд баяжсан цөөхөн хэдхэн хүний мөнгөөр хэмжигдээд дуусдаг. Үлдсэн ядуус нь хэр их байгаа, яажшуухан ядруухан амьдарч байгааг нь огтхон ч илэрхийлэхгүй.  
2012 оны Монголын үсрэнгүй хөгжлийн сенсаацыг эргээд саная. Манай эдийн засаг дөрвөн жилийн өмнө 12.3 хувийн өсөлттэй гарч дэлхийд тэргүүлээд байсан. Гэтэл ядуурал бараг 30 хувьтай байв. Тэгэхээр хүний хөгжлийн индексээ эхлээд харчихья. 
Хүний хөгжлийн индекс гурван зүйл дээр үндэслэдэг. Хүн амын эрүүл, урт удаан амьдрал, боловсролын түвшин, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болно. 
Олимпын медалын тоо биш шүү. Манай орны эдгээр үзүүлэлт тэгээд чухам хаахна яваа юм бол?
Манай дундаж наслалт 69.4
Боловсрол эзэмшсэн дундаж жил нь 9.3 
Нэг хүнд ногдох ДНБ 10729.4
За эдгээр гол тоонууд нь бусад дагалдах тоонуудтайгаа нийлээд индексийг маань 0.727 болгож, дэлхийн нийт 194 орноос ардаа 104 орныг хаяж, 90т жагсдаг юм байна. 
Олимпын медалын тоо биш энэ тоонууддаа анхаарал тавьж, даам болох хүслээ биелүүлээчээ.
Надад бол энэ гурван үзүүлэлтийг өргөх нэг л хөшүүрэг санаанд ороод байна. Тэр нь хүүхэд. Хүүхдүүдээ  эрүүлжүүлэн урт наслах үндэс суурийг нь тавьж, хүүхдүүдийнхээ боловсролыг анхаарч, хүүхдүүдийнхээ ядуурлаас гарах арга замыг нь л зааж өгмөөр санагдаад болж өгөхгүй юм. 
Манай гуравхан сая иргэнээс 800 мянга нь л 14 хүpтэлх насны хүүхэд байгаа. За тэндээс ядуурлын түвшин 2014 оны байдлаар 21.6 хувь болсон юм байна. Тэгэхээр 170 мянган хүүхэд багцаагаар гарцаагүй ядуу амьдарч байна. Эндээс 1100 гаруй хүүхэд сургуулиас завсардаж байна. 
Энэ тоонуудыг яагаад нуршаад унаваа гэжүү? 
Та ямар бяцхан тоонууд болохыг анзаарав уу? Бидэнд 30 сая иргэнтэй Малайз шиг толгойгоо гашилгах шаардлага байна уу?
Ийм хэдхэн цөөхөн хүүхдийг аятайхан хүн шиг өсгөөд явчих ухаан дутлаа гэжүү?
Энэ хүүхдүүдээ сайхан бүртгэж аваад нэг нэгээр нь тулж ажиллаж болохоор тийм л цөөхүүлээ ард түмэн шүү дээ. Энэ хүүхдүүдээр чинь амьдрал хэмжигдэх гээд байна, олимпын медалиар огтхон ч биш шүү. Энэ хүүхдүүдээ ярьж сүржигнэж, энэ хүүхдүүдийн төлөө хувцасаа тайлаад өгчих хэрэгтэй, медалын төлөө биш шүү. 
Андуураад байна хүмүүсээ!

  
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/t8w
 http://hdr.undp.org/en/content/human-development-index-hdi
http://www.nikkei.com/article/DGXZZO48913460Y2A121C1000015/
http://www.worldbank.org/mn/news/press-release/2015/07/01/poverty-continued-to-decline-falling-from-274-percent-in-2012-to-216-percent-in-2014
http://hdr.undp.org/en/countries/profiles/MNG
http://www.ikon.mn/p/i72
http://www.edunews.mn/article/463

Wednesday 17 August 2016

Хятад, Орос, Монгол гурав байжээ

Өмнөд Солонгос улс бол эдийн засгийн хувьд богино хугацаанд хүчирхэгжсэн орон бөгөөд дэлхийн тавцанд тодорхой байр суурь эзлэх өндөр амбицтай орон. Энэ нь ч эрүүл мэндийн системд нь илэрч гарч ирдэг. Энэ орон эдийн засгийн үсрэнгүй өсөлтийнхөө нэгэн адилаар 1989 он гэхэд ердөө 12хон жилийн дотор бүх нийтээр даатгалд хамрагдаж чадсан байв. Ерөнхийлөгч Пак Чун Хи-гийн үйлдвэржилтийн төлөөх мятрашгүй оролдлогын нэгээхэн хэсэг болж эрүүл мэндийн салбар нь ч өндийж ирсэн юм. 2000 онд Солонгос Улс эрүүл мэндийн бүх байгууллагуудаа нэгэн шүхэрт багтааж Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын үйлчилгээг байгуулав. Энэ нь ерөнхийдөө үйлчлүүлэгчдийн төлбөр, ажилчдын орлого дээрээс дутууг нь улсын санхүүжилтээр нөхдөг байгууллага юм. Улс орныхоо хэмжээнд байгаа ядуу өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгыг агуулж байлаа. 
Гэвч энэ тогтолцоо нь өвчтөнүүд хувиасаа их зардал гаргахад хүргэсэн юм. Засгийн газар нь ойролцоогоор нийт эрүүл мэндийн зардлын  54 хувийг гаргадаг юм байна. Энэ нь OECD-н бусад гишүүн орнуудаасаа даруй 20 хувиар бага байгаа юм.  Тэгэхээр үлдсэн 46 хувь нь хувийн хэвшлээс, ялангуяа  хувь хүний халааснаас гардаг гэсэн үг. Энэ юуны тусгал вэ гэхээр Өмнөд солонгосын эрүүл мэнд нь тогтолцооноосоо бус эмнэлгүүдээс хамаараад ирж байгааг харуулж байгаа юм. Нэн ялангуяа гуравдугаар шатлалын эмнэлгээсээ асар их хамааралтай. Өнөөдөр нийт эмнэлгийн 94 хувь, нийт орны 88 хувь нь хувийн хэвшлийнх байна. Өвчтөнүүдийн чөлөөт сонголт, төлбөрт суурилсан үйлчилгээ нь үнийн хөөргөдлийг дагуулж байна. Улс ямар ч хөнгөлөлт олгохгүй байгаагаас эмнэлгүүд өвчтөнөөс орж ирсэн төлбөр, улсын эрүүл мэндийн даатгалын систем хоёроос л санхүүжиж байна. Ингээд ирэхээр мөнгө олох чин зорилготой том эмнэлгүүд хүрээгээ тэлж өвчтөнүүдийг янз бүрийн аргаар татах нөхцөл нь бүрдээд ирж байгаа юм.  Харин энэ тогтолцоо нь ард иргэд нь түргэн хөгширч, эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх өдөр нь уртасч байгаа хүмүүстэй Солонгос оронд таатай үр дагаврыг яавч авчрахгүй нь тодорхой.  Энэ орны өндөр настангуудын тоо OECD-н  орон дундаас хамгийн их хурдацтайгаар нэмэгдэж байна. OECD-н  орнуудад дунджаар 0.56 хувьтай байхад Солонгос 3.6 хувьтай байна. 
Солонгосын энэхүү өндөр үйлдвэржилтийн үр дүнд бий болсон эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлжилт нь хүрээгээ тэлж шинэ стратеги боловсруулж байгаагийн хоморгонд манай улс гүнээ шигдсэн билээ. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг цэцэглүүлэн хөгжүүлэх үйлст амь биеэ зориулан зүтгэж байгаа Солонгос Улсын топ гурван үйлчлүүлэгч орнууд нь Хятад, Орос, Монгол гурав бөлгөө. Ёстой нөгөө Хятад, Орос, Монгол гурав байжээ гэдэг онигоо утгаараа оршиж байна.
2015 оны байдлаар банкны системээр эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулсан мөнгөний 40 хувийг Солонгос оронд манайхан зарцуулаад ирж. Монголчууд маань банкинд өр зээл тавьж байгаад ч болов Солонгос орны эрүүл мэндийн системийг аврахаар, Солонгос хөгшчүүлийг гар газарт, хөл хөсөр амруулахаар зүтгэж байна. Одоо чадаж байгаа юмыг яая гэх вэ дээ. 

 Britnell, M. (2015). In Search of the Perfect Health System. Palgrave Macmillan.
https://www.mongolbank.mn/documents/.../emchilgeezardal.pdf

Tuesday 2 August 2016


Стерлита ажилгүй болжээ

Корнеллийн Их Сургуульд ирээд нэгэн хуучны танил мэт санагдах хүнтэй танилцав. Венесуэлээс ирсэн судлаач эмэгтэй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад 2 жил гаруй ажиллаад судлаачийн мөр хөөх гээд энэ сургуульд ирсэн гэнэ. 
Жижигхэн хөөрхөн охин байв. 
Би ч шууд л Венесуэл хүн гэдгийг нь сонсонгуутаа Халтар Царайт санаанд орж, Улаанбаатар хот энэ савангийн дуурийг үзэх гэж хэрхэн эзгүйрдэг байсан, хүмүүс үзэх гэж яаж алаан болдог байсан, хөдөөний зарим хүн мотоцикл дээр бөөнөөрөө сундалж үзэх гэж явж байгаад яаж осолддог байсан, бидний үеийнхэн өөрсдийгөө халтар царайтын үеийхэн гэж нэрлэх нь холгүй байдаг гээд л ярьж өглөө. 
Нөгөө охин ч бүр нүд нь орой дээрээ гараад, тийм тулга тойрсон сэдэвтэй, зөвхөн Каракас хотын хэдхэн хүний амьдралыг сүржингээр харуулдаг савангийн дуурь яахаараа Монголд гардаг байнаа. Ер нь дэлхийн хаа нэгтээ гардаг байсан гэхээр төсөөлөгдөхгүй юм гэж ирээд л бид хоёр чинь зүгээр хуучны танилууд уулзаж байгаа юм шиг дуу дуугаа авалцлаа. 
Би ч Халтар царайт дээр баян хоосны ялгааг үзээд, бүр гайхаад бардаггүй байсан байтал одоо Улаанбаатар хот маань хэрхэн араас нь орж, ардчилал хэрхэн хөгжиж, бид хэрхэн өөрчлөгдөвөө гээд л харьцуулалт хийв. 
Харин тэр охин гунигтайгаар санаа алдаад тэр үед ч цаг сайхан байж дээ, одоо Венесуэлд нэг ч савангийн дуурь хийхгүй байгаа, жүжигчид нь ажилгүй болж ойр тойрныхоо Коломби мэтийн орнууд руу цагаачилдаг болсон гэв. 
Бидний мэддэг Венесуэл орон үндсээрээ өөрчлөгджээ. Тэд дарангуйлагчтай болсон юм байх, ардчилал нэр зүүснээс цаашгүй болсон  юм байх, хэвлэлийн эрх чөлөө боогдож,  телевизээр улс төрийн ухуулгын шинжтэй уйтгартай нэвтрүүлгээс өөр юм гарахаа больсон юм байх. Дээдчүүл нь эх орноо хувааж идэж байгаа юм байх, хар тамхи, гэмт хэрэг, өлсгөлөн энэ орныг тэр аяар нь нэрвэсэн юм байх.
Онгоцны буудлууд нь хаагдсан юм байх, гааль нь чангарсан юм байх, венесуэлээс гарч явах хэцүү болсон юм байх. Би ч бүр цохилтонд орж эрүүгээ унжуулав.
Хорьхон жилийн дотор дэлхий ямар хурдан өөрчлөгдөө вэ?
Үнэхээр өрөөндөө орж ирээд Венесуэл гээд гүүглэдхэд түүний ярьсан бүгд үнэн байлаа. Венесуэл орон чинь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй юм байна. Гэтэл газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд байнга буурч энэ орны ганц орлогын үүдийг тагласан юм гэнэ.
Тэгээд болоогүй дээрээс нь дарангуйлагч маягийн ерөнхийлөгчтэй, засгийн газар нь хүнснийхээ үнийг барьдаг гэнэ. Түүнээсээ болоод хүнс үйлдвэрлэгчид үйлдвэрлэх зардлаасаа бага үнээр зарах ашиггүй тул бизнэсээ орхичихдог юм байна. Хаана хүнс зарж байна, тэр газар луу хүмүүс дайран орж, цөлмөж байгаа юм байна. Өлсгөлөнгөөс болоод хүн хүнийхээ эсрэг болсон гэнэ.
Удахгүй орон даяар ерөнхийлөгчийн сонгууль болно гэнэ, ардчилал нэр зүүчихээд хүн зоноо хөсөрдүүлэлгүй, тэр сонгууль нь шударга л явагдаасай билээ. Венесуэлийн ард түмний өмнөөс сэтгэл шимшрэв.
Ингээд бодохоор Монгол орон маань сувдаг удирдагчтай байсан ч хамаагүй таван хошуу малаа шүтээд амьдардаг болохоор ямар ч мулгуу улс орны шийдвэрийг бие биенээ хоолноос болж хөнөөхгүй хэмжээнд, ажралгүй даваад байдаг байж таарах нь. 
Аяа эх орон мину. 

Эх сурвалж:
http://www.nytimes.com/2016/06/24/insider/the-times-on-the-air-venezuelan-hunger-american-gun-laws-and-more.html?rref=collection%2Ftimestopic%2FVenezuela&action=click&contentCollection=world&region=stream&module=stream_unit&version=latest&contentPlacement=4&pgtype=collection

http://www.nytimes.com/2016/06/20/world/americas/venezuelans-ransack-stores-as-hunger-stalks-crumbling-nation.html?rref=collection%2Ftimestopic%2FVenezuela&action=click&contentCollection=world&region=stream&module=stream_unit&version=latest&contentPlacement=7&pgtype=collection



Tuesday 26 July 2016

 Гурван үг

Меланиа трамп гэж нэг өөрөө өөрийгөө хутгалдаг эмэгтэй байна. Нөхрийнхөө ерөнхийлөгчийн кампанит ажил дээр давхиж очоод, найман жилийн өмнөх Мишел Обамагийн илтгэлээс бүхэл бүтэн хоёр догол мөр хуулж аваад илтгэсэн байна. 
Плажиаризм гэж юу вэ?
Мастерынхаа ажлыг хийх гээд диссертаци бичиж байхдаа плажиаризмтай анх танилцаж билээ. Хүмүүс янз бүрээр л үүнийг тодорхойлдог. Гэхдээ яг хаана хүртэл хуулбал өршөөгдөөд, хаана хүрэхээр цээрлэгдэх ёстой нь нэг л шуудхан бууж өгөхгүй байлаа. Ганц тодорхой хэлж өгсөн юм нь хэрэв плажиаризм хийгээд баригдвал чиний эрдэм ном хөөх зам чинь дуусаа гэдэг зүйл. 
Монголд анагаахад сурч байхад реферат бичихдээ багш нарын номыг нэг байтугай нэлээн хэдэн параграфийг тэр чигээр нь хуулаад хашлаганд хийгээд хуулсан номынх нь нэрийг тавьдаг байж билээ. Ингэхлээр нөгөө номоо хуулуулсан багш нь их баярлана, надад их талтай хандна. Өөрийнх нь номыг ишилсэн байна гээд сайшаана. Би ч өөрийгөө аягүй дажгүй биччихлээ гэж андуурна.
Харин манай Жонс Хопкинсын Их сургуулиас ирсэн Япон удирдагч багш маань тов тодорхой хэлж өгч билээ. Гурван дараалсан үг.
Ердөө л энэ. Хэрэв чи гурван дараалсан үг хэн нэгнээс хуулах юм бол энэ бол плажиаризм. Аймшигтай байгаа биз? 
Үнэндээ гурван дараалсан үг тухайн өгүүлбэрийн, бүр цаашлаад тухайн судалгааны ажлын гол цөмийг илэрхийлж чадах увидастай. Чи хичнээн хайгаад тэр хүний сонгож бичсэн гурван үгнээс өөр тохирох үг олж чадахгүй байх тохиолдол олонтаа гарна. Гэвч дүрэм юм хойно орлуулах үгийг олж л таараа. 
За тэгэхээр танд одоо Меланиа Трамп хэрхэн агуу тэнэгтсэн нь бууж ирж байгаа биз? Тэр энэ үйлдлийнхээ төлөө олын өмнө гарах нүүргүй гэсэн үг. Ядаж л эрдэм шинжилгээний салбарт тийм байх ёстой.
Гэтэл юу вэ???
Трампын сонгуулийн кампанит ажлынхан үүнийг Трампыгаа магтах сайхан зэвсэг болгон ноён хөзөр үзүүлэх нь тэр. Яасан гэхээр тэр илтгэлийг нь олон жилйн хамтран зүтгэгч, үнэнч бичээч найз ажилтан нь бэлдэж өгсөн юм байх. Тэгээд найз ажилтан яахавдээ том тэнэгтсэнээ хүлээн зөвшөөрөөд ажлаас халах өргөдөл өгсөн юм байх. Тэгсэн Трамп ах олон жилийн итгэмжлэгдсэн харилцаа, нөхөрлөлийн үнэ цэнээ илүүд үзэж түүний ажлаас халах өргөдлийг хүлээж авах нь бүү хэл, намтар түүхийг нь дурайтал бичиж интернэтэр цацаад өөрийгөө энэхүү явдалд хэрхэн уужим хандаж, нөхөрлөлөө хэрхэн үнэнчээр хадгалж чаддагаа дэлхий даяар сурталчлаад авав.
Хорвоо дэлхий ингэж л эргэдэг юм байна. Дүрмийн дагуу тоглож, ямар ч алдааг боломж болгон ашигла гэдгийн жишээ энэ буюу. 

Эх сурвалж:
http://www.nytimes.com/2016/07/21/us/politics/melania-trump-speech-meredith-mciver.html?_r=0
http://www.cnn.com/2016/07/19/politics/melania-trump-michelle-obama-speech/

Thursday 14 July 2016


Жон Мэний бичсэн The Leadership Secrets of Genghis Khan гэдэг номыг уншиж дуусгалаа. Тэр бол анхдагч байсан, олон зүйл дээр. Яагаад гэдгийг нь би одоо тайлбарлая. Гэхдээ бүх хүний мэдэж байгаа замаар биш. 
Би түүний санаачилсан тогтолцоог эрүүл мэндийн салбарт хэрхэн буулгаж болох бол хэмээн бодож сууна. 
Удирдагч байх ухаан №1.
Олонд хүргэх мессэжээ хяна. 
Чингис нас барахынхаа өмнөхөн Монголын Нууц Товчоог бичих тушаал гарган, өөрийгөө тэнгэр заяат хэмээн тэмдэглүүлж үлдээсэн байдаг. Энэ хэдийгээр абстракт сонсогдож байгаа ч тухайн үедээ энэ мэссеж  түүний байлдан дагуулалтын гол зэвсэг болж чадсан юм. Бүх зүйл тэнгэрийн тааллаар болдог, хэрэв тэнгэр та нар луу намайг илгээсэн бол та нар Тэнгэрийн гэсгээлийг хүртэх хувьтай байж хэмээн Хорезмыг эзлэх үедээ тунхаглаж байсан гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт энэ яаж буух вэ?
Эрүүл биед саруул ухаан гэж Монголын маань сайхан үг бий. Эрүүл байж гэмээнэ толгой чинь ажиллана, толгой чинь ажиллаж гэмээнэ мөнгө олох чадвартай байна, мөнгө олж гэмээнэ амьдрал чинь дээшилнэ, амьдрал чинь дээшилж гэмээнэ улс чинь хөгжинө. Тэгэхээр эрүүл байх бүхний үндэс мөнөөс мөн. Манай аялгуу сайхан Монгол хэлэнд аль хэдийн энэ чухал мэссеж суугаад өгсөн байна. 
Удирдагч байх ухаан №2.
Шүүмжлэлийг хүлээж ав. 
Тэмүүжин багадаа эх нэгтэй Бэгтэр ахыгаа харваж хороодог тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Зарим судлаачид түүнийг өшөө авах, алаан хядлагын донтой,  багаасаа цус нэгт ахыгаа хороож байсан сэтгэцийн өвчтэй гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл тэр Монголын нууц товчоог өөрөө захиалж бичүүлсэн юм бол яагаад энэ гашуун явдлыг нуун дарагдуулаагүй юм бэ? Яагаад гэвэл тэр зэмлэлийг хүлээн авч өөрийгөө засч залруулах чадвартай, сэтгэл зүйн тэвчээр асар өндөр хүн байсан болохоор тэр. Тэр Өүлүн эхийнхээ зэмлэл, сургаалийг хүлээн авч, хийсэн үйлдэлдээ насан эцэслэтлээ харамссан болхоор л энэ түүхээ хэнээс ч нуугаагүй юм. Харин ч үүнийгээ цаашдын гаргах шийдвэрүүдийнхээ гол үндэс суурь болгосон юм. Атаа хорсол, сэтгэл хөдлөлдөө бүү авт, гол зорилгодоо анхаарлаа хандуулж шийдвэрээ гарга гэдэг том сургамжийг тэр арван хоёр настай байхдаа амьдралаас мэдэж авсан юм. Эрүүл мэндийн салбар, ер нь аль ч салбарт ч адил. Болохгүй байгаа асуудлыг хүлээн зөвшөөрч сур, буруу шийдвэр гаргасандаа гэмшиж сур, харин тэгээд залруул.
Удирдагч байх ухаан №3.
Алсын хараатай бай.
Чингис Хаан тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулах явдал нь түүний анхны зорилго байв. Харин тэр энэ зорилгодоо хүрчихээд л зогссон бол дахиад л дотоодын хагарал, хаан ширээний тэмцэл дуусахгүй байсан биз. Түүний оронд Чингис Монгол гэсэн нэрийн дор нэгдсэн овог аймгуудад бүгдэд таалагдах, тэднийг нэгэн цул болж нэгтгэх алсын хараатай зорилгыг нөхцөлдүүлсэн юм. Тэр нь Монгол үндэстнээр дэлхийг удирдуулах. 
Эрүүл мэндийн салбарын алсын хараа юу вэ? Мэдээж бүх хүн эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэж, нэг ч хүн үлдээлгүйгээр эрүүл амьдрах. Тодорхойлоход хамгийн амархан мөртлөө тогтоох бараг боломжгүй эд. Гэхдээ энэ алс хэтийн бодлого мэдээж бүх хүний сэтгэлд нийцэх нь дамжиггүй. 
Удирдагч байх ухаан №4.
Амалсандаа хүр.
Юу ч болж байсан, хэрвээ чи лидер л юм бол хэлсэн үгэндээ эзэн бол. Чингис хаан Мэргэдүүдэд Бөртэ хатнаа алдчихаад Тоорил Вангийн туслалцаатайгаар авааль эхнэрээ буцааж авдаг. Харин энэ үед Бөртэ бие давхар болчихсон байдаг ч Чингис хаан нэгэнт л өөрөө шийдэж Бөртэгээ авч байгаа хойно энэ фактыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үнэндээ тэр эрх мэдэлтэй хүний хувиар ямар ч шийдвэр гаргаж болох байсан. Гэвч тэр болсон нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авч төрсөн үр Зүчээ өөрийн үр хэмээн хайрлаж өсгөсөн байдаг юм. Энэ нь ч Чингисийн албатуудын түүнд хүндэтгэл хайраа өгөх бас нэгэн том шалтгаан болж өгсөн байна.
Эрүүл мэндийн салбарт хүний амийг аварна, хүнийг бие махбодь, сэтгэл зүрхний хувьд илааршуулан, хувийн нууцыг чандлан хадгална гэж эмч та тангараг өргөсөн бол няцаж үл болно. Аливаа хүнийг мөнгөтэй төгрөгтэйгээр нь, нөлөөтэй, эрх мэдэлтэйгээр нь, эсвэл өөрийн, хүнийхээр нь ялгаж эрүүлийг хамгаалах юм бол та анагаагч биш алуурчин болсонд өөрийгөө тооц.
Удирдагч байх ухаан №5.
Хатуу хөтүүг өөр дээрээ үүр. 
Сайн лидер амжилтыг аз хөтөлсөн гэж үздэг боловч, уналтыг өөрсдөө хариуцдаг. Чингис хаан нөхөдтэйгээ хамт дайтаж, өөрөө хэзээ ч хойш сууж байгаагүй юм. Тэр байлдаан дунд орж, цэргүүдтэйгээ нэгэн тал, тэдний төлөө өөрийгөө бүрэн зориулж байгаа гэдэгээ мэдрүүлж чаддаг байв. 
Энэ чанар Эрүүл Мэндийн Яамны сайд хүнд тохирно. Хэрэв эрүүл мэндийн салбарыг хариуцаж л байгаа бол тэр үед улаан бурханы дэгдэлт гарсан, нялхас хэдэн арваараа нас барсан бол сайд үүнд хариуцлага үүрэх ёстой. Харин энэ манайд эсрэгээрээ, аль доод албан тушаалтны л буруу болоод өнгөрөх жишээний. 
Японд энэ үзэл бүрэн утгаараа хөгжсөн байдаг. 2011 оны цүнамигаас болж Фүкүшимагийн цахилгаан станцын осолд өөрийн хийж чадах бүх зүйлийг хийсэн боловч, бэлтгэл муу базаасан, тохиромжтой арга хэмжээг авч чадаагүй гэдэг шалтгаанаар тухайн үеийн ерөнхий сайд Наото Кан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон байдаг. Иймэрхүү жагсаалт Японд бараг хэвийн үзэгдэл мэт хөвөрнө. 
Удирдагч байх ухаан №6.
Өөрийн сул талаа мэд.
Чингис хаан хэдийгээр бичиг үсэггүй нэгэн байсан боловч, их засгийг удирдахад бичиг үсэг, боловсрол юу юунаас ч илүү чухалыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байв. Тэр анх Уйгарын Тата-Тунгагаар Монгол бичгийг зохиолгож, уйгаржин бичгийг авч Монголжуулсан байдаг юм. Энэ бичиг өдгөө бидний өв соёлын ямар агуу үрийг үлдээв дээ. Чингис хаан боловсрол мэдлэгийг дээдэлдэг, прагматик үзэлтэй хүн байсан болохоор Хятад ч бай, Уйгар ч бай хамаагүй номтой эрдэмтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн зөвлөгөө, сургаалийг нь хүлээн авч өөрийн засаглалд гярхайгаар тусгаж авсан байдаг юм. Менежментийн том урлаг.
Харин Монголын эрүүл мэндийн салбарт инээх ч хэцүү, уйлах ч хэцүү нэгэн үзэгдэл байдаг. Юу вэ гэхээр аягүй том ярьна. Зорилго гээд хэдэн сарын өмнө бичсэнээ хэдэн сарын дараа биелүүлчихлээ гэж зарлан тунхаглана. За юуны тухай яриад байна вэ гэхээр нэг жишээ дурьдъя. Манайхан эх нялхасын төв эмнэлэгт чухам сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй мундаг лаборатори бариад, дэлхийн жишигт нийцсэн судалгаа шинжилгээ хийхээр боллоо гэдэг. Начир дээр нь очоод үзэхээр боловсон хүчин нь уул нь байна. Гадаадад доктороо хамгаалсан, олон эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шижигнэсэн сайхан залуус нь байна. (Дашрамд дурдахад тэдний өчүүхэн цалингаа юман чинээд тоолгүй, зөвхөн эх орноо гээд ирсэн сэтгэлд нь алга ташья!) том том тусламжаар авсан багажнуудын зарим нэг нь байна. Харин нөгөө урвалж бодис, байнгын ажиллагааг нь хангах жижиг багаж хэрэгсэл, эсийн сан, туршилтын амьтны үржүүлэг энээ тэрээ юу ч байхгүй. Өрөө гаргаад өгчихсөн, өнөө муу залуусыгаа ийм тийм юм хариуцсан дарга, захирал гээд том гуншин цоллочихсон, ингээд цаашдыг нь та нар өөрсдөө хийцгээ гээд орхичихсон, тэгээд түүндээ дарга нар нь сэтгэл ханачихсан. Тийм тийм юм үздэг, яасан ийсэн лабораторийг байгууллаа гээд зарлан тунхаглаад, бүр нээлтээ хийгээд, туузаа хайчилчихна. Манайхан баярлах тэмдэглэхдээ хэнээс ч дутахгүй. Сэр л дээ.
Чадахгүй байгаа юмаа чадахгүй байна гээд хэлж суръя, хэт том зорилго бүү тавь, наад захын шаардлагатай шинжилгээнүүдээ бүх эрүүл мэндийн төв, хөдөө орон нутгууддаа хүргэе. Тэр сумдад багаж нь байсан ч юу үздэгийг нь хариуцсан хүн нь өөрөө мэдэхгүй байна. Жирэмсэн эхэд юу юу үзээд явуулахаа ч гадарлахгүй байна. Нөхцөл байдал ийм л байна. Дутагдлаа бодитоор харъя. Тэгээд чаддаг хүмүүсээс нь тусламж авъя. Хийрхэж, нэр хүнд олж авах, тууз хайчилахаа урьтал болгохоо л больчихъё.
Удирдагч байх ухаан №7.
Удирдагч хүнд үнэнч албат хэрэгтэй. 
Хүмүүсийг өөртөө үнэнч байлгахын тулд яах ёстой вэ? Өөрийгөө үнэнч гэдэгийг харуул. Чингис хаан Жамуха андтай байр суурь булаалдан эе эвдрэлцсэн ч, түүнийг өөрт нь барьж ирээд тушаасан албатуудыг цаазаар авсан юм. Тэр урвалт хүний хамгийн дорд чанар гэж үзэж, үүнийгээ ч олон янзаар батлан харуулж, өөрөөс нь урвабал юу болохыг ардын сэтгэлд гүнзгий хадаж өгсөн юм. Гэхдээ нөгөөтэйгүүр тэр өөрийг нь дагавал ямар ашигтай болох, Чингис хаан түүнийг ямар хувь тохиолоор шагнаж болохыг ч харуулахаа мартаагүй юм. Тэр цэргүүддээ дайн байлдааны олзноос авахуулаад, өндөр албан тушаал, шан харамжаар бялхуулж, тэдний үнэнч сэтгэлийг өөртөө татаж чаддаг байсан юм. 
За энэ ч тодорхой байлгүй, эмч нарын өвчтөний итгэлийг олж авахыг хэлж болох байх. Нууцыг чандлан хадгалж, өвчтөндөө өөрийгөө мэдлэг чадвартай, эмгэг хуучийг нь илааршуулах увидастай гэдэгээ мэдрүүлж гэмээнэ сая өвчтөн эдгэрч байна гэж өөрийгөө боддог. Энэ итгэлийг яаж олж авах вэ? Нэгт харилцаа хандлага, хоёрт мэдлэг чадвар. Аль алинд нь чармайлт хэрэгтэй. 

(Үргэлжлэл бий.)

Эх сурвалж:
https://www.theguardian.com/world/2011/aug/26/naoto-kan-resigns-japan-pm
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
http://www.kuriositas.com/2013/04/genghis-khan-rides-again-huge-statue-of.html

Tuesday 5 July 2016


Англи Европын холбооноос гарах шийдвэрийг гаргалаа. Европын Холбоо нь нийт 28 орныг нэгтгэсэн эдийн засаг улс төрийн нэгдмэл холбоо байсан юм. Одоо Английн олон нийтийн санал асуулгаар шийдэж орхисон энэхүү шийдвэр зөвхөн Англичууд өөрсдөөс нь гадна даян дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бол?

Хамгийн түрүүнд мэдээж цагаачлалын асуудал гарч ирнэ. Английн эрүүл мэндийн систем цэвэр засгийн газраасаа санхүүждэг. Тэгээд Англичууд цагаачдаа ад үзээд байдгийн нэг шалтгаан нь тэднээс болоод эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардал ихэсчихлээ гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн арваад жилд цагаачлагч нар Англид эдийн засгийн том дэмжлэг болж өгсөн байдгийг University College London  сургуулийн судалгааны баг тогтоосон байгаа юм. Үнэндээ тэдний эрүүл мэндэд зарлагадсанаас 34%-р илүү орлого оруулж өгсөн байна. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатайг төсөв хариуцсан албаныхан мэдээлж. Энэ цагаачдаас үүдэлтэй эдийн засгийн эерэг  хөрөнгө оруулалтаас гадна, эрүүл мэндийн боловсон хүчний том нөөц аль хэдийн үүсчээ. Англид нийт эмнэлгийн ажилтны 10%, эмч нарын 30%-г цагаач нар эзэлж байна гээд боддоо. 

Одоо нөгөө талаас нь харъя. Румин Улс. Энд эмч нарын илүү цагаар ажилласан хөлсийг сарын цалинд нь багтааж тооцох юм бол цагт ердөө 1лев, Монгол мөнгөөр 300 төгрөг, ганц цэвэр ус аваад уучихаж ч чадахгүй мөнгө. Мэс засал хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй яг энэ цалингаа л авна. Румин бол Европын холбоонд багтсан хамгийн ядуу 10 орны нэг. Тийм болохоор эмч нарын урсгал Европын оронд багтсан цагаас эхлэн зогсохоо байсан. 1990 онд улсын хэмжээнд 60аад мянган эмч тоологдсон бол  2014 онд түүнээс 20 мянга гаруй нь арилаад өгсөн байна. Дандаа 20-30 насны залуу эмч нар Англи, Франц, Герман луу гараад өгч.
2013 онд Европын холбооноос явуулсан судалгаагаар Румин иргэдийн 28% нь эмчид хахууль өгч үзсэн гэсэн тоо байна. Тэгсэн тухайн үед ерөнхий сайд байсан Виктор Понта гэдэг нөхөр "Эмч нарын авилгалыг хуулиар зөвшөөрч, татвар ноогдуулна. Авилгалтай тэмцэх гэж зүдэрсэнээс албан ёсны болгочихоод татвар аваад суусан нь хамаагүй ач холбогдолтой" гэж санаачлага гаргасан ч мэдээжийн хэрэг батлагдсангүй. Гэхдээ энэ орны эмч нарын нөхцөл байдал ямаршуу хэмжээнд хүрчихээд байгааг хэлээд өгөв.
За тэр ядарсан Румин эмч нар ч яахав өөрсдөө хэлээ сайжруулчихвал сайхан газар очоод 10 нугалсан их цалин авах боломжтой юм байна. 

Харин Монгол?
Сарын дундаж цалин 621 мянган төгрөг буюу 415 ам.доллар. Бас л илүү цаг энээ тэрээгээ бодвол хэцүүхэн л тоо гарна. Авилга гэж дийлдэхээ больсон. Мянган хүнд хийсэн судалгааны дүнгээр 57.2% нь эмч нарт хахууль өгч үзсэн гэж байгаа.  
Тэгээд манай эмч нар ямар Европын холбоонд багтсан биш тийшлэх ямар ч нүх сүв байхгүй. Тийшлэх байтугай ийшлээд ойр хөрш, Азийн орнууддаа очоод ч эмчийнх нь лиценз хүлээн зөвшөөрөгдөхгүй. Ер нь хаашлах ч үгүй. Гадаад явмаар байгаа бол нэг бол судлаач болоод, эрдмийн мөрөө хөөгөөд явах. Эсвэл Монголдоо үлдээд хамаг амьтны шүүмжлэл, гологдлын бай болоод, дээрээс нь бас ус аваад уучихаж ч чадахгүй цалингаараа амьдрах сонголттой. Арай нэг дөнгүүрүүд нь борооны дараах мөөг шиг олшроод байгаа хувийн эмнэлгүүдэд ажиллах байх. Тиймээс Монголд эмч нарын тархины урсгал бол харьцангуй гайгүй байхаас аргагүй. 
Гэхдээ хаана хүн байна тэнд өвчтөн байдаг л хойно бид хэдэн эмчээ гоочлохоосоо өмнө сурах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх нөхцөл, эмнэлгийн орчинг сайжруулах, амьдарлын баталгаатай цалингаар нь хангачихаад дараа нь муусайн хэдийгээ шүүмжилж баймаар байна. Энгийн хүмүүс хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломж нь ч алга, нөхцөл нь ч алга. Нийт ард түмнээ бодоод эмч нарыгаа өөд нь татмаар байна. 



Эх сурвалж:
http://blogs.plos.org/globalhealth/2016/06/brexit-and-global-health/
http://globe.asahi.com/feature/article/2016062900005.html?page=2
http://www.assa.mn/content/16606.shtml?a=social
http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4472
http://www.globalresearch.ca/why-there-will-probably-be-a-second-referendum-on-brexit/5533705
Өнөөдөр би  70 хүнд мэс засал хийчихлээ. Нүдний давхраа хийхэд л 3-4 минутанд 1200 доллар, уруул нимгэлэх нэг хагалгаа гэхэд л 1500 доллар, хамар өндөрсгөхөд 3500 доллар гэх жишээний.
Ямар үнэтэй юм бэ гэж хүмүүс дуу алддаг ч 40 жилийн турш огт үнээ өөрчилсөнгүй. Гоо сайхны мэс засал бол хүний өөрийнх нь сонголт учир сүүлийн үеийн мэдлэгтэй, чадвартай эмч бол цөм хийх боломжтой чөлөөт өрсөлдөөний ертөнц юм.  Чадвар дорой ч сайн ч байсан ялгаагүй ижил цалин авдаг улсын эмнэлгээс өөр. 
Манай Такасү Клиник  жилдээ 60 сая долларын орлого олдог. баян хүмүүсээс их мөнгө авдаг болохоор л бусад хүмүүст үнэгүй үйлчилж чаддаг.  Эмчийн буян гэж үүнийг л хэлнэ. Газар хөдлөлт, цүнамигийн их гамшигийн үеэр гамшигт нэрвэгдэгсдэд үнэгүй үйлчилгээ үзүүлж байлаа. Сэвх, үрчлээг нь арилгаад, залуужуулаад өгөхөөр л сэтгэл нь сэргэж амьдрах урам зориг нь оргилоод ирж байгаа юм. Гоо сайхны мэс засал чинь үнэндээ гайхамшигтай эмчилгээ юм шүүдээ. 
Хүмүүс намайг төрөлхийн авъяастай төрсөн, эмчийн лицензгүй нэрт мэс засалчийн тухай өгүүлдэг Black Jack зохиолын баатартай адилтгадаг. Би харин түүнийг үзэн яддаг. Нэгт эмчийн лицензгүй хүн үзнэ гэж юу гэсэн үг вэ, хоёрт төрөлхийн мэс заслын авъяас гэж байдагүй юм, олон удаагийн алдаа оноо хийж байж сая мэс засалчийн гартай болдог юм. 
Би чинь ердөө 7 хоногт 2 өдөр л гоо сайхны мэс засалч хийдэг хүн. Бусад өдөр нь хөдөө байдаг хөгшчүүлийн асрах газраа удирдаж ажиллуулдаг. Бүгдийг нь даатгалаар үздэг. Гэхдээ өөрийн санаснаар чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тусам алдагдалд ордог. Үүнийгээ би гоо сайхны мэс заслын эмнэлгээсээ нөхөж авдаг болохоор дампуурдаггүй юм. 
Миний хувьд мөнгө бол цустай адил. Хүн амьд явахын тулд цусаа байнга эргэлдүүлэх шаардлагатай, хэрэгцээнээс ихэдсэн цусаар хүн яах ч юм билээ. Тэрийг хураагаад нөөцлөөд байх шардлага байхгүй. Одоо тэгээд 71 хүрчихлээ, юу л байна мөнгө байна. Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлах, Төвдөд сургууль барьж өгөх, хөгжиж буй оронд эмчилгээ үнэгүй хийж өгдөг эмч нарын санд эмчилгээний өрөө бэлдэж өгөх мэтээр нийгэмд хувь нэмрээ оруулах ажлыг хийгээд л явж байна даа. 
Такасү Клиникийн захирал Такасү Кацүя
Эх сурвалж: http://globe.asahi.com/feature/article/2016062900007.html




Tuesday 21 June 2016

Их эзэн Чингис хаан маань агуу системчилсэн бодлого баримтлагч, лидер хүн байсныг бүх хүн мэднэ. Гэхдээ түүний байлдан дагуулалтын хамгийн гол нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь юу байсан гээч? Энх үеийн дайны бэлтгэл. Өөрөөр хэлбэл дайн гараагүй байхад дайны бэлтгэл сургуулилтаа байнга хийх, үүнийг цэргүүдийнхээ амьдралын хэвшил болгох.  Яаж тэр вэ гэхээр нүүдэлчдийн ахуйн хэрэгцээнээс урган гарсан ан авыг нарийн зохион байгуулалт, цэргийн эмх цэгцээр хийдэг байсанд оршино
Монголын эзэнт гүрэнд нэгэн үе зүтгэж байсан Персийн агуу түүхч Жиовани тухайн үеийн их авын талаар тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. "Тэд бүхэл бүтэн 2, 3 сарын туршид ав хийх цагираг үүсгэн ан аваа шахаанд оруулан, дунд нь байгаа нэг ч амьтныг гарах газаргүй болгодог. Хэрэв ангийн цагирагийг үүсгэгч нэг хүн л цагирагийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах юм бол цаазаар авах хүртэлх хатуу шийтгэлийг оногдуулдаг. Ангийн олдоц, хаанаас ямар амьтан гарч ирсэн, хаашаа явсан зэрэг ангийн явцыг хаандаа байнга мэдээлнэ. Яваандаа ангийн цагирагийг нягтаршуулж 10-15 км зайны диаметртэй болоод ирмэгц хорондоо олсоор холбогдож, улам  нягтаршин цэргүүд мөр мөрөө шүргэх дайнд ойртож ирдэг.  Эцэст нь шахаанд орсон бүх амьтдын архиралдаан, тэмцэлдээн болж ан ав амжилттай, олзоор арвин дуусдаг." Ингэж л Чингис дайны бэлтгэл болгож ан амьтадтай жинхэнэ дайныг хийж цэргүүдээ зохион байгуулалт, мэдээлэл дамжуулалт, цаг тухай бүрийн шийдвэр, алан хядлага, олзны баярыг газар дээр нь мэдрүүлж байсан байх нь. 
Энэ бүхэн тэгээд эрүүл мэндийн системд ямар хамаатай юм бэ гэжүү? За тэгэхээр эрүүл мэндийн салбарт системчилсэн бодлогогүй, үймээн самуурлын бэлтгэлгүй бол юу болдог талаар нэг баримт дурдъя.
1998 онд Африкийн Гана улсын Батлан хамгаалах яамны харъяа нэгэн цэргийн госпитальд эмч нарын цалинг нэмжээ. Харин бусад эмнэлэгийн эмч нарт энэ боломж хүртсэнгүй. Энэ нь улс даяар эмч нарын бослогыг өдөөж өгсөн байна. Эмч нар өөрсдийнхөө төлөө бослого гаргаснаар засгийн газар бодлогоо эргэн нэг харж, эмч нарын ажилласан илүү цагийн мөнгийг нэмж олгохоор болжээ.  Энэ шийдвэр нь чухамдаа бусад хэдэн арван жилийн турш зогсонги байсан салбаруудаа ч анхаарч үзэх хөшүүрэг нь болсон байна. Яагаад нэгэн жижиг эмнэлгийн бяцхан шийдвэр ийнхүү улсыг бүхэлд нь хамарсан үр дагавар авчрах болов?
Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэ бодлогууд дандаа амжилттай шийдэлд хүргэдэг үү гэвэл худлаа. Шинэ бодлогын үр дүнд үүссэн эрүүл мэндийн системийн өөрчлөлт нь эргээд бодлогоо буруутуулах шалтгаан нь болж өгдөг. Зөвхөн нэг жишээ дурьдахад Европ, Өмнөд Америкт хийгдсэн маларияг устгах кампанит ажил амжилттай болсоноос улбаалан дэлхий даяар энэ өвчнийг устгаж чадах юм байна гэсэн итгэлийн очийг бадраасан. Гэсэн ч малариягийн эсрэг олон сая тэрбум долларын хөрөнгө зарсаны дараа  өвчний гол цөм болох Африк тивээс төслөө татаж авахаас өөр аргагүй байдалд хүргэж байлаа. Учир юун гэвэл шумуулын хоронд малария тээгч шумуулнууд тэсвэртэй болсон зэрэг техникийн шалтгаанаас гадна угийн сул дорой эрүүл мэндийн систем нь энэ ажлыг амжилттай үргэлжлүүлэх орчныг бүрдүүлж өгч чадаагүй юм. 
Тэгэхээр эрүүл мэндийн систем нь нарийн уялдаа холбоо, хоорондоо хамаарал бүхий олон системийн цогц болж таарах нь. 
За эргээд Ганаруугаа оръё. Энэ орон эрүүл мэндийн системдээ төсвийнхөө 15%-ийг зарцуулдаг, эх нялхсын эндэгдэл өндөртэй орнуудын нэг. Хамгийн гол нь эмч нарын өндөр хөгжилтэй оронд цагаачлах үзэгдэл газар авсан. Улсынх нь гайгүй гэсэн анагаахын сургуулийг төгссөн эмч нарын 60% нь Англи Америкруу гарчихдаг гэж байгаа юм. Чингээд үлдсэн эмч нар нь яасан гэхээр сард ердөө 200-270 орчим долларын цалин авдаг байж. Энэ нөхцөл байдал нь юунд хүргэсэн гэхээр 100 мянган хүнд ногдох эмчийн тоог ердөө 6 болгосон байна. Тэгэхэд Америкад энэ тоо 270 давсан Англид 160 хол гарсан байдаг. Ингэхээр эмч нарын ажлын ачаалал, үүнийг зохицуулдаг хууль нь ямархуу байх нь ойлгомжтой. 
Ийм эмч нарын гомдол цөхрөл хуримтлагдсан суурин дээр цэргийн госпиталийн удирдлагад сууж байгаа хэдэн нөхдүүд эмч нарынхаа цалинг нэмээдхэж. Уул нь бол хөөрхийс эмчлэх боловсон хүчин дутагдчихаад залуу эмч нарыг татах санаатай санаачилсан ажил нь юмсанж. Энэ явдал мэдээжийн хэрэг батлан хамгаалах яамны харъяа бус бусад эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын дургүйцлийг ихээхэн хөдөлгөж. Ингээд л бүх юм эхэлсэн хэрэг.  Энэ нь ч олон жил дуугүй явсан ахмад үеийн эмч нарын ч дэмжлэгийг даруй авч улс нийтийг хамарсан эмч нарын ажил хаялт, жагсаал болж хурцдав. Тэд үндсэндээ цалингийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, долоо хоногийн ажлын цаг 40-с давсан тохиолдолд ажлын ачааллын зохицуулга гэсэн 3 сонголтын аль нэгийг биелүүлэх шаардлагыг тавив. Хөдөө орон нутаг нь бараг 100% улсын эмнэлэгээс бүрддэг эрүүл мэндийн систем нь ийнхүү зогсов. 
Засгийн газар эмч нарын холбоотой даруй зөвшилцөл хийсэн боловч цаг, мөнгө хожих үүднээс 2 дахь сонголт буюу илүү цагийн нэмэгдэл хийхээр болж. Эмч нарын холбоо ч зөвшөөрч. Гэхдээ нэг болзолтой. Хэрэв илүү цагийн нэмэгдэл төлөгдөхгүй байвал эмч нарын ажил хаялтыг ямар ч анхааруулгагүйгээр эхлэнэ хэмээн хугацаа заав. Харин өөрсдөө илүү цаг ажилласан тэмдэглэгээ жагсаалтаа бэлдэж үзүүлэх юм болов. Иймэрхүү олон шат дамжлагатай процесс нь мэдээж хүндрэл чирэгдэл үүсгэж засгийн газар заасан хугацаанд мөнгөө шилжүүлж чадсангүй. Уур нь хүрсэн эмч нарын ажил хаялт давалгаалан сувилагч нарын тэмцлийг ч өдөөж өгөв. Сувилагч нарын 7 өдрийн ажил хаялт нь эрүүл мэндийн салбарыг дахин сөхрүүлэв. Засгийн газар ч сандран  илүү цагийн нэмэгдэлдээ сувилагч нарыг багтааж өгье гэв. Энэ амлалт нь байдлыг бүр дордуулж эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх ажилчдыг  идэвхжүүлж, өөрсдийгөө ч мөн нэмэгдэлд хамруулахыг шаардав. Ингээд хагас жилийн дараа гэхэд эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх хүмүүсийг нэмэгдэл хөлс бодож өгөх тогтолцоонд хамруулахаар болов. 
Дараагийн 4 жилд нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөний үлгэр болвоо. Засгийн газар хугацаандаа цалингаа тавихгүй байснаас байнгын   дарамт, шахалтанд орж, жагсаал хийх, ажил хаях явдлыг бүр гааруулав. Хугацаандаа цалингаа тавьж чадахгүй байсан нэг гол шалтгаан нь түрүүний хэлсэнээр ажилчдын илүү цагийн үйл ажиллагааны тайлан жагсаалт цагтаа ирэхгүй байх, тодорхой бус байх, үүнд зарцуулсан хяналт шалгалт нүсэр их ажил дагуулсанаас үүдэлтэй. Сүүлдээ эрүүл мэндийн яам ч арга нь барагдаж сангийн яамнаасаа арга чарга гуйв. Сангийн яам товч бөгөөд тодорхой хариулт ирүүлсэн нь эрүүл мэндийн яам бүтэн нэг жилийнхээ төсвийг тэр чигт нь зарцуулах явдал байв. Маш богино хугацаанд илүү цагийн нэмэгдэлд зарцуулах төсөв ийнхүү 1 саяас 84 сая доллар болтлоо өсөв. Яв явсаар илүү цагийн нэмэгдэл бус цалингаа нэмчүүл яасын гэдэг дээр ирвээ. Нэмэхдээ бас зүгээр ч нэг нэмчихсэнгүй, мэргэжлийн дээд доод түвшин гээд 2 хэсэгт хувааж байгаад хооронд нь талцуулах гэж байгаа юм шиг хол зөрүү цалин тогтоов.
Энэ бүх хугацаанд ард иргэд мэдээж нүдэн балай чихэн дүлий суусангүй. Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл эцсийн дүндээ тэдний хүргэж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ, үр дүнг сайжруулж чадаж байгаа юмуу, яагаад эх хүүхдийн эндэгдэл буурахгүй хэвээрээ байгаад байгаан гэсэн ард түмний эргэлзээ, дургүйцлийг аажим өрдсөөр байсан юм. Хүмүүс засгийн газартаа итгэх итгэл алдрав.
Энэ бүх улайрсан тэмцэл 10 жилийн дараа сая нэг юм аль аль талын зөвшилцөлд (бүрэн бус ч гэсэн) хүрч хоорондын зөрүүг багасгасан хоёр түвшний цалингийн шинэтгэл хийгдэв. Нэгэнт цалингийн шинэтгэл явагдаж байгаагаас хойш нийт улсын байгууллагын цалингийн тогтолцоог өөрчлөхөд хүргэв. Ганц эрүүл мэндийн салбар ч биш бусад бүх салбар дуугаа өндөрсгөв. 
Тэгэхээр энэ бүх процесс өчигдрийн асуудлын шийдэл нь өнөөдрийн асуудлыг үүсгэх шалтгаан болдогийг тод томруунаар харуулж байна. Гана Улсын эрх баригч нар зөвхөн хямралын тариа хийснээс бус системчилсэн бодлого баримтлаагүйгээс болоод ар араасаа хөвөрсөн олон дургүйцэл, шахалтыг амсав.
Нэгэнтээ Сигогийн хэлсэнээр "Хямралын үед хямралын л арга хэмжээ авагддаг" гэдгийн үлгэрээр зөвхөн тухайн үеийн галыг унтраах л үйл явц болж өрнөжээ. Тэгэхээр байнгын тогтолцооны хяналт хийж, хямралын эрт үеийн шинж тэмдгийг илрүүлж үргэлжийн бэлэн байдалд, хоорондоо нарийн уялдаатай системчилсэн бодлогыг баримталж   байх явдлын аргагүй байдлын тод томруун жишээ энэ буюу. 

Эх сурвалж: 
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
Agyepong, I. A., Kodua, A., Adjei, S., & Adam, T. (2012). When ‘solutions of yesterday become problems of today’: crisis-ridden decision making in a complex adaptive system (CAS)—the Additional Duty Hours Allowance in Ghana. Health policy and planning27(suppl 4), iv20-iv31.