Tuesday 21 June 2016

Их эзэн Чингис хаан маань агуу системчилсэн бодлого баримтлагч, лидер хүн байсныг бүх хүн мэднэ. Гэхдээ түүний байлдан дагуулалтын хамгийн гол нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь юу байсан гээч? Энх үеийн дайны бэлтгэл. Өөрөөр хэлбэл дайн гараагүй байхад дайны бэлтгэл сургуулилтаа байнга хийх, үүнийг цэргүүдийнхээ амьдралын хэвшил болгох.  Яаж тэр вэ гэхээр нүүдэлчдийн ахуйн хэрэгцээнээс урган гарсан ан авыг нарийн зохион байгуулалт, цэргийн эмх цэгцээр хийдэг байсанд оршино
Монголын эзэнт гүрэнд нэгэн үе зүтгэж байсан Персийн агуу түүхч Жиовани тухайн үеийн их авын талаар тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. "Тэд бүхэл бүтэн 2, 3 сарын туршид ав хийх цагираг үүсгэн ан аваа шахаанд оруулан, дунд нь байгаа нэг ч амьтныг гарах газаргүй болгодог. Хэрэв ангийн цагирагийг үүсгэгч нэг хүн л цагирагийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах юм бол цаазаар авах хүртэлх хатуу шийтгэлийг оногдуулдаг. Ангийн олдоц, хаанаас ямар амьтан гарч ирсэн, хаашаа явсан зэрэг ангийн явцыг хаандаа байнга мэдээлнэ. Яваандаа ангийн цагирагийг нягтаршуулж 10-15 км зайны диаметртэй болоод ирмэгц хорондоо олсоор холбогдож, улам  нягтаршин цэргүүд мөр мөрөө шүргэх дайнд ойртож ирдэг.  Эцэст нь шахаанд орсон бүх амьтдын архиралдаан, тэмцэлдээн болж ан ав амжилттай, олзоор арвин дуусдаг." Ингэж л Чингис дайны бэлтгэл болгож ан амьтадтай жинхэнэ дайныг хийж цэргүүдээ зохион байгуулалт, мэдээлэл дамжуулалт, цаг тухай бүрийн шийдвэр, алан хядлага, олзны баярыг газар дээр нь мэдрүүлж байсан байх нь. 
Энэ бүхэн тэгээд эрүүл мэндийн системд ямар хамаатай юм бэ гэжүү? За тэгэхээр эрүүл мэндийн салбарт системчилсэн бодлогогүй, үймээн самуурлын бэлтгэлгүй бол юу болдог талаар нэг баримт дурдъя.
1998 онд Африкийн Гана улсын Батлан хамгаалах яамны харъяа нэгэн цэргийн госпитальд эмч нарын цалинг нэмжээ. Харин бусад эмнэлэгийн эмч нарт энэ боломж хүртсэнгүй. Энэ нь улс даяар эмч нарын бослогыг өдөөж өгсөн байна. Эмч нар өөрсдийнхөө төлөө бослого гаргаснаар засгийн газар бодлогоо эргэн нэг харж, эмч нарын ажилласан илүү цагийн мөнгийг нэмж олгохоор болжээ.  Энэ шийдвэр нь чухамдаа бусад хэдэн арван жилийн турш зогсонги байсан салбаруудаа ч анхаарч үзэх хөшүүрэг нь болсон байна. Яагаад нэгэн жижиг эмнэлгийн бяцхан шийдвэр ийнхүү улсыг бүхэлд нь хамарсан үр дагавар авчрах болов?
Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэ бодлогууд дандаа амжилттай шийдэлд хүргэдэг үү гэвэл худлаа. Шинэ бодлогын үр дүнд үүссэн эрүүл мэндийн системийн өөрчлөлт нь эргээд бодлогоо буруутуулах шалтгаан нь болж өгдөг. Зөвхөн нэг жишээ дурьдахад Европ, Өмнөд Америкт хийгдсэн маларияг устгах кампанит ажил амжилттай болсоноос улбаалан дэлхий даяар энэ өвчнийг устгаж чадах юм байна гэсэн итгэлийн очийг бадраасан. Гэсэн ч малариягийн эсрэг олон сая тэрбум долларын хөрөнгө зарсаны дараа  өвчний гол цөм болох Африк тивээс төслөө татаж авахаас өөр аргагүй байдалд хүргэж байлаа. Учир юун гэвэл шумуулын хоронд малария тээгч шумуулнууд тэсвэртэй болсон зэрэг техникийн шалтгаанаас гадна угийн сул дорой эрүүл мэндийн систем нь энэ ажлыг амжилттай үргэлжлүүлэх орчныг бүрдүүлж өгч чадаагүй юм. 
Тэгэхээр эрүүл мэндийн систем нь нарийн уялдаа холбоо, хоорондоо хамаарал бүхий олон системийн цогц болж таарах нь. 
За эргээд Ганаруугаа оръё. Энэ орон эрүүл мэндийн системдээ төсвийнхөө 15%-ийг зарцуулдаг, эх нялхсын эндэгдэл өндөртэй орнуудын нэг. Хамгийн гол нь эмч нарын өндөр хөгжилтэй оронд цагаачлах үзэгдэл газар авсан. Улсынх нь гайгүй гэсэн анагаахын сургуулийг төгссөн эмч нарын 60% нь Англи Америкруу гарчихдаг гэж байгаа юм. Чингээд үлдсэн эмч нар нь яасан гэхээр сард ердөө 200-270 орчим долларын цалин авдаг байж. Энэ нөхцөл байдал нь юунд хүргэсэн гэхээр 100 мянган хүнд ногдох эмчийн тоог ердөө 6 болгосон байна. Тэгэхэд Америкад энэ тоо 270 давсан Англид 160 хол гарсан байдаг. Ингэхээр эмч нарын ажлын ачаалал, үүнийг зохицуулдаг хууль нь ямархуу байх нь ойлгомжтой. 
Ийм эмч нарын гомдол цөхрөл хуримтлагдсан суурин дээр цэргийн госпиталийн удирдлагад сууж байгаа хэдэн нөхдүүд эмч нарынхаа цалинг нэмээдхэж. Уул нь бол хөөрхийс эмчлэх боловсон хүчин дутагдчихаад залуу эмч нарыг татах санаатай санаачилсан ажил нь юмсанж. Энэ явдал мэдээжийн хэрэг батлан хамгаалах яамны харъяа бус бусад эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын дургүйцлийг ихээхэн хөдөлгөж. Ингээд л бүх юм эхэлсэн хэрэг.  Энэ нь ч олон жил дуугүй явсан ахмад үеийн эмч нарын ч дэмжлэгийг даруй авч улс нийтийг хамарсан эмч нарын ажил хаялт, жагсаал болж хурцдав. Тэд үндсэндээ цалингийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, долоо хоногийн ажлын цаг 40-с давсан тохиолдолд ажлын ачааллын зохицуулга гэсэн 3 сонголтын аль нэгийг биелүүлэх шаардлагыг тавив. Хөдөө орон нутаг нь бараг 100% улсын эмнэлэгээс бүрддэг эрүүл мэндийн систем нь ийнхүү зогсов. 
Засгийн газар эмч нарын холбоотой даруй зөвшилцөл хийсэн боловч цаг, мөнгө хожих үүднээс 2 дахь сонголт буюу илүү цагийн нэмэгдэл хийхээр болж. Эмч нарын холбоо ч зөвшөөрч. Гэхдээ нэг болзолтой. Хэрэв илүү цагийн нэмэгдэл төлөгдөхгүй байвал эмч нарын ажил хаялтыг ямар ч анхааруулгагүйгээр эхлэнэ хэмээн хугацаа заав. Харин өөрсдөө илүү цаг ажилласан тэмдэглэгээ жагсаалтаа бэлдэж үзүүлэх юм болов. Иймэрхүү олон шат дамжлагатай процесс нь мэдээж хүндрэл чирэгдэл үүсгэж засгийн газар заасан хугацаанд мөнгөө шилжүүлж чадсангүй. Уур нь хүрсэн эмч нарын ажил хаялт давалгаалан сувилагч нарын тэмцлийг ч өдөөж өгөв. Сувилагч нарын 7 өдрийн ажил хаялт нь эрүүл мэндийн салбарыг дахин сөхрүүлэв. Засгийн газар ч сандран  илүү цагийн нэмэгдэлдээ сувилагч нарыг багтааж өгье гэв. Энэ амлалт нь байдлыг бүр дордуулж эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх ажилчдыг  идэвхжүүлж, өөрсдийгөө ч мөн нэмэгдэлд хамруулахыг шаардав. Ингээд хагас жилийн дараа гэхэд эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх хүмүүсийг нэмэгдэл хөлс бодож өгөх тогтолцоонд хамруулахаар болов. 
Дараагийн 4 жилд нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөний үлгэр болвоо. Засгийн газар хугацаандаа цалингаа тавихгүй байснаас байнгын   дарамт, шахалтанд орж, жагсаал хийх, ажил хаях явдлыг бүр гааруулав. Хугацаандаа цалингаа тавьж чадахгүй байсан нэг гол шалтгаан нь түрүүний хэлсэнээр ажилчдын илүү цагийн үйл ажиллагааны тайлан жагсаалт цагтаа ирэхгүй байх, тодорхой бус байх, үүнд зарцуулсан хяналт шалгалт нүсэр их ажил дагуулсанаас үүдэлтэй. Сүүлдээ эрүүл мэндийн яам ч арга нь барагдаж сангийн яамнаасаа арга чарга гуйв. Сангийн яам товч бөгөөд тодорхой хариулт ирүүлсэн нь эрүүл мэндийн яам бүтэн нэг жилийнхээ төсвийг тэр чигт нь зарцуулах явдал байв. Маш богино хугацаанд илүү цагийн нэмэгдэлд зарцуулах төсөв ийнхүү 1 саяас 84 сая доллар болтлоо өсөв. Яв явсаар илүү цагийн нэмэгдэл бус цалингаа нэмчүүл яасын гэдэг дээр ирвээ. Нэмэхдээ бас зүгээр ч нэг нэмчихсэнгүй, мэргэжлийн дээд доод түвшин гээд 2 хэсэгт хувааж байгаад хооронд нь талцуулах гэж байгаа юм шиг хол зөрүү цалин тогтоов.
Энэ бүх хугацаанд ард иргэд мэдээж нүдэн балай чихэн дүлий суусангүй. Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл эцсийн дүндээ тэдний хүргэж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ, үр дүнг сайжруулж чадаж байгаа юмуу, яагаад эх хүүхдийн эндэгдэл буурахгүй хэвээрээ байгаад байгаан гэсэн ард түмний эргэлзээ, дургүйцлийг аажим өрдсөөр байсан юм. Хүмүүс засгийн газартаа итгэх итгэл алдрав.
Энэ бүх улайрсан тэмцэл 10 жилийн дараа сая нэг юм аль аль талын зөвшилцөлд (бүрэн бус ч гэсэн) хүрч хоорондын зөрүүг багасгасан хоёр түвшний цалингийн шинэтгэл хийгдэв. Нэгэнт цалингийн шинэтгэл явагдаж байгаагаас хойш нийт улсын байгууллагын цалингийн тогтолцоог өөрчлөхөд хүргэв. Ганц эрүүл мэндийн салбар ч биш бусад бүх салбар дуугаа өндөрсгөв. 
Тэгэхээр энэ бүх процесс өчигдрийн асуудлын шийдэл нь өнөөдрийн асуудлыг үүсгэх шалтгаан болдогийг тод томруунаар харуулж байна. Гана Улсын эрх баригч нар зөвхөн хямралын тариа хийснээс бус системчилсэн бодлого баримтлаагүйгээс болоод ар араасаа хөвөрсөн олон дургүйцэл, шахалтыг амсав.
Нэгэнтээ Сигогийн хэлсэнээр "Хямралын үед хямралын л арга хэмжээ авагддаг" гэдгийн үлгэрээр зөвхөн тухайн үеийн галыг унтраах л үйл явц болж өрнөжээ. Тэгэхээр байнгын тогтолцооны хяналт хийж, хямралын эрт үеийн шинж тэмдгийг илрүүлж үргэлжийн бэлэн байдалд, хоорондоо нарийн уялдаатай системчилсэн бодлогыг баримталж   байх явдлын аргагүй байдлын тод томруун жишээ энэ буюу. 

Эх сурвалж: 
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
Agyepong, I. A., Kodua, A., Adjei, S., & Adam, T. (2012). When ‘solutions of yesterday become problems of today’: crisis-ridden decision making in a complex adaptive system (CAS)—the Additional Duty Hours Allowance in Ghana. Health policy and planning27(suppl 4), iv20-iv31.

No comments:

Post a Comment