Thursday 14 July 2016


Жон Мэний бичсэн The Leadership Secrets of Genghis Khan гэдэг номыг уншиж дуусгалаа. Тэр бол анхдагч байсан, олон зүйл дээр. Яагаад гэдгийг нь би одоо тайлбарлая. Гэхдээ бүх хүний мэдэж байгаа замаар биш. 
Би түүний санаачилсан тогтолцоог эрүүл мэндийн салбарт хэрхэн буулгаж болох бол хэмээн бодож сууна. 
Удирдагч байх ухаан №1.
Олонд хүргэх мессэжээ хяна. 
Чингис нас барахынхаа өмнөхөн Монголын Нууц Товчоог бичих тушаал гарган, өөрийгөө тэнгэр заяат хэмээн тэмдэглүүлж үлдээсэн байдаг. Энэ хэдийгээр абстракт сонсогдож байгаа ч тухайн үедээ энэ мэссеж  түүний байлдан дагуулалтын гол зэвсэг болж чадсан юм. Бүх зүйл тэнгэрийн тааллаар болдог, хэрэв тэнгэр та нар луу намайг илгээсэн бол та нар Тэнгэрийн гэсгээлийг хүртэх хувьтай байж хэмээн Хорезмыг эзлэх үедээ тунхаглаж байсан гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт энэ яаж буух вэ?
Эрүүл биед саруул ухаан гэж Монголын маань сайхан үг бий. Эрүүл байж гэмээнэ толгой чинь ажиллана, толгой чинь ажиллаж гэмээнэ мөнгө олох чадвартай байна, мөнгө олж гэмээнэ амьдрал чинь дээшилнэ, амьдрал чинь дээшилж гэмээнэ улс чинь хөгжинө. Тэгэхээр эрүүл байх бүхний үндэс мөнөөс мөн. Манай аялгуу сайхан Монгол хэлэнд аль хэдийн энэ чухал мэссеж суугаад өгсөн байна. 
Удирдагч байх ухаан №2.
Шүүмжлэлийг хүлээж ав. 
Тэмүүжин багадаа эх нэгтэй Бэгтэр ахыгаа харваж хороодог тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Зарим судлаачид түүнийг өшөө авах, алаан хядлагын донтой,  багаасаа цус нэгт ахыгаа хороож байсан сэтгэцийн өвчтэй гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл тэр Монголын нууц товчоог өөрөө захиалж бичүүлсэн юм бол яагаад энэ гашуун явдлыг нуун дарагдуулаагүй юм бэ? Яагаад гэвэл тэр зэмлэлийг хүлээн авч өөрийгөө засч залруулах чадвартай, сэтгэл зүйн тэвчээр асар өндөр хүн байсан болохоор тэр. Тэр Өүлүн эхийнхээ зэмлэл, сургаалийг хүлээн авч, хийсэн үйлдэлдээ насан эцэслэтлээ харамссан болхоор л энэ түүхээ хэнээс ч нуугаагүй юм. Харин ч үүнийгээ цаашдын гаргах шийдвэрүүдийнхээ гол үндэс суурь болгосон юм. Атаа хорсол, сэтгэл хөдлөлдөө бүү авт, гол зорилгодоо анхаарлаа хандуулж шийдвэрээ гарга гэдэг том сургамжийг тэр арван хоёр настай байхдаа амьдралаас мэдэж авсан юм. Эрүүл мэндийн салбар, ер нь аль ч салбарт ч адил. Болохгүй байгаа асуудлыг хүлээн зөвшөөрч сур, буруу шийдвэр гаргасандаа гэмшиж сур, харин тэгээд залруул.
Удирдагч байх ухаан №3.
Алсын хараатай бай.
Чингис Хаан тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулах явдал нь түүний анхны зорилго байв. Харин тэр энэ зорилгодоо хүрчихээд л зогссон бол дахиад л дотоодын хагарал, хаан ширээний тэмцэл дуусахгүй байсан биз. Түүний оронд Чингис Монгол гэсэн нэрийн дор нэгдсэн овог аймгуудад бүгдэд таалагдах, тэднийг нэгэн цул болж нэгтгэх алсын хараатай зорилгыг нөхцөлдүүлсэн юм. Тэр нь Монгол үндэстнээр дэлхийг удирдуулах. 
Эрүүл мэндийн салбарын алсын хараа юу вэ? Мэдээж бүх хүн эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэж, нэг ч хүн үлдээлгүйгээр эрүүл амьдрах. Тодорхойлоход хамгийн амархан мөртлөө тогтоох бараг боломжгүй эд. Гэхдээ энэ алс хэтийн бодлого мэдээж бүх хүний сэтгэлд нийцэх нь дамжиггүй. 
Удирдагч байх ухаан №4.
Амалсандаа хүр.
Юу ч болж байсан, хэрвээ чи лидер л юм бол хэлсэн үгэндээ эзэн бол. Чингис хаан Мэргэдүүдэд Бөртэ хатнаа алдчихаад Тоорил Вангийн туслалцаатайгаар авааль эхнэрээ буцааж авдаг. Харин энэ үед Бөртэ бие давхар болчихсон байдаг ч Чингис хаан нэгэнт л өөрөө шийдэж Бөртэгээ авч байгаа хойно энэ фактыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үнэндээ тэр эрх мэдэлтэй хүний хувиар ямар ч шийдвэр гаргаж болох байсан. Гэвч тэр болсон нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авч төрсөн үр Зүчээ өөрийн үр хэмээн хайрлаж өсгөсөн байдаг юм. Энэ нь ч Чингисийн албатуудын түүнд хүндэтгэл хайраа өгөх бас нэгэн том шалтгаан болж өгсөн байна.
Эрүүл мэндийн салбарт хүний амийг аварна, хүнийг бие махбодь, сэтгэл зүрхний хувьд илааршуулан, хувийн нууцыг чандлан хадгална гэж эмч та тангараг өргөсөн бол няцаж үл болно. Аливаа хүнийг мөнгөтэй төгрөгтэйгээр нь, нөлөөтэй, эрх мэдэлтэйгээр нь, эсвэл өөрийн, хүнийхээр нь ялгаж эрүүлийг хамгаалах юм бол та анагаагч биш алуурчин болсонд өөрийгөө тооц.
Удирдагч байх ухаан №5.
Хатуу хөтүүг өөр дээрээ үүр. 
Сайн лидер амжилтыг аз хөтөлсөн гэж үздэг боловч, уналтыг өөрсдөө хариуцдаг. Чингис хаан нөхөдтэйгээ хамт дайтаж, өөрөө хэзээ ч хойш сууж байгаагүй юм. Тэр байлдаан дунд орж, цэргүүдтэйгээ нэгэн тал, тэдний төлөө өөрийгөө бүрэн зориулж байгаа гэдэгээ мэдрүүлж чаддаг байв. 
Энэ чанар Эрүүл Мэндийн Яамны сайд хүнд тохирно. Хэрэв эрүүл мэндийн салбарыг хариуцаж л байгаа бол тэр үед улаан бурханы дэгдэлт гарсан, нялхас хэдэн арваараа нас барсан бол сайд үүнд хариуцлага үүрэх ёстой. Харин энэ манайд эсрэгээрээ, аль доод албан тушаалтны л буруу болоод өнгөрөх жишээний. 
Японд энэ үзэл бүрэн утгаараа хөгжсөн байдаг. 2011 оны цүнамигаас болж Фүкүшимагийн цахилгаан станцын осолд өөрийн хийж чадах бүх зүйлийг хийсэн боловч, бэлтгэл муу базаасан, тохиромжтой арга хэмжээг авч чадаагүй гэдэг шалтгаанаар тухайн үеийн ерөнхий сайд Наото Кан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон байдаг. Иймэрхүү жагсаалт Японд бараг хэвийн үзэгдэл мэт хөвөрнө. 
Удирдагч байх ухаан №6.
Өөрийн сул талаа мэд.
Чингис хаан хэдийгээр бичиг үсэггүй нэгэн байсан боловч, их засгийг удирдахад бичиг үсэг, боловсрол юу юунаас ч илүү чухалыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байв. Тэр анх Уйгарын Тата-Тунгагаар Монгол бичгийг зохиолгож, уйгаржин бичгийг авч Монголжуулсан байдаг юм. Энэ бичиг өдгөө бидний өв соёлын ямар агуу үрийг үлдээв дээ. Чингис хаан боловсрол мэдлэгийг дээдэлдэг, прагматик үзэлтэй хүн байсан болохоор Хятад ч бай, Уйгар ч бай хамаагүй номтой эрдэмтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн зөвлөгөө, сургаалийг нь хүлээн авч өөрийн засаглалд гярхайгаар тусгаж авсан байдаг юм. Менежментийн том урлаг.
Харин Монголын эрүүл мэндийн салбарт инээх ч хэцүү, уйлах ч хэцүү нэгэн үзэгдэл байдаг. Юу вэ гэхээр аягүй том ярьна. Зорилго гээд хэдэн сарын өмнө бичсэнээ хэдэн сарын дараа биелүүлчихлээ гэж зарлан тунхаглана. За юуны тухай яриад байна вэ гэхээр нэг жишээ дурьдъя. Манайхан эх нялхасын төв эмнэлэгт чухам сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй мундаг лаборатори бариад, дэлхийн жишигт нийцсэн судалгаа шинжилгээ хийхээр боллоо гэдэг. Начир дээр нь очоод үзэхээр боловсон хүчин нь уул нь байна. Гадаадад доктороо хамгаалсан, олон эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шижигнэсэн сайхан залуус нь байна. (Дашрамд дурдахад тэдний өчүүхэн цалингаа юман чинээд тоолгүй, зөвхөн эх орноо гээд ирсэн сэтгэлд нь алга ташья!) том том тусламжаар авсан багажнуудын зарим нэг нь байна. Харин нөгөө урвалж бодис, байнгын ажиллагааг нь хангах жижиг багаж хэрэгсэл, эсийн сан, туршилтын амьтны үржүүлэг энээ тэрээ юу ч байхгүй. Өрөө гаргаад өгчихсөн, өнөө муу залуусыгаа ийм тийм юм хариуцсан дарга, захирал гээд том гуншин цоллочихсон, ингээд цаашдыг нь та нар өөрсдөө хийцгээ гээд орхичихсон, тэгээд түүндээ дарга нар нь сэтгэл ханачихсан. Тийм тийм юм үздэг, яасан ийсэн лабораторийг байгууллаа гээд зарлан тунхаглаад, бүр нээлтээ хийгээд, туузаа хайчилчихна. Манайхан баярлах тэмдэглэхдээ хэнээс ч дутахгүй. Сэр л дээ.
Чадахгүй байгаа юмаа чадахгүй байна гээд хэлж суръя, хэт том зорилго бүү тавь, наад захын шаардлагатай шинжилгээнүүдээ бүх эрүүл мэндийн төв, хөдөө орон нутгууддаа хүргэе. Тэр сумдад багаж нь байсан ч юу үздэгийг нь хариуцсан хүн нь өөрөө мэдэхгүй байна. Жирэмсэн эхэд юу юу үзээд явуулахаа ч гадарлахгүй байна. Нөхцөл байдал ийм л байна. Дутагдлаа бодитоор харъя. Тэгээд чаддаг хүмүүсээс нь тусламж авъя. Хийрхэж, нэр хүнд олж авах, тууз хайчилахаа урьтал болгохоо л больчихъё.
Удирдагч байх ухаан №7.
Удирдагч хүнд үнэнч албат хэрэгтэй. 
Хүмүүсийг өөртөө үнэнч байлгахын тулд яах ёстой вэ? Өөрийгөө үнэнч гэдэгийг харуул. Чингис хаан Жамуха андтай байр суурь булаалдан эе эвдрэлцсэн ч, түүнийг өөрт нь барьж ирээд тушаасан албатуудыг цаазаар авсан юм. Тэр урвалт хүний хамгийн дорд чанар гэж үзэж, үүнийгээ ч олон янзаар батлан харуулж, өөрөөс нь урвабал юу болохыг ардын сэтгэлд гүнзгий хадаж өгсөн юм. Гэхдээ нөгөөтэйгүүр тэр өөрийг нь дагавал ямар ашигтай болох, Чингис хаан түүнийг ямар хувь тохиолоор шагнаж болохыг ч харуулахаа мартаагүй юм. Тэр цэргүүддээ дайн байлдааны олзноос авахуулаад, өндөр албан тушаал, шан харамжаар бялхуулж, тэдний үнэнч сэтгэлийг өөртөө татаж чаддаг байсан юм. 
За энэ ч тодорхой байлгүй, эмч нарын өвчтөний итгэлийг олж авахыг хэлж болох байх. Нууцыг чандлан хадгалж, өвчтөндөө өөрийгөө мэдлэг чадвартай, эмгэг хуучийг нь илааршуулах увидастай гэдэгээ мэдрүүлж гэмээнэ сая өвчтөн эдгэрч байна гэж өөрийгөө боддог. Энэ итгэлийг яаж олж авах вэ? Нэгт харилцаа хандлага, хоёрт мэдлэг чадвар. Аль алинд нь чармайлт хэрэгтэй. 

(Үргэлжлэл бий.)

Эх сурвалж:
https://www.theguardian.com/world/2011/aug/26/naoto-kan-resigns-japan-pm
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
http://www.kuriositas.com/2013/04/genghis-khan-rides-again-huge-statue-of.html

No comments:

Post a Comment