Thursday 21 September 2017

Цамаандаа бус цаадах учиртаа


За энэ бол улсын нэгэн сургуулийн үдийн цай хөтөлбөрийн нэг өдрийн меню. Таван ширхэг гурилан боорцог. Нэг аяга цай ч дагалдахгүй. Нэгдэхээс тав дахид өдөр бүр хэлбэр хэмжээ тооны хувьд өөрчлөгдөх боловч, найрлагын хувьд дан ГУРИЛ хэвээрээ.

Хүмүүс энэ зургийг хараад янз бүрийн сэтгэгдэлтэй байна л даа.
- Харин тансаг юм бишүү, бид нар багадаа юу ч үгүй л сургуульдаа явдаг байсан, одоо зүгээр л байна даг.
- Хүүеэ арай ч дээ, пүү паа, ногоо жимс өгмөөр юм.
- Юун цамаан юм зүгээр, юу ч өгөхгүй байсан бол яах байсан юм.
- Хахаж үх гэж байгаа юм байна л даа.
- Гуанзгүй сургууль нь тэгээд өөр яах юм? Жаахан наанатай цаанатай бай.
- Энэ Монгол уу?
- Үдийн цайны хөтөлбөр болохоос үдийн хоолны хөтөлбөр биш ш дээ.

Гэх мэтчилэн. Хүмүүс минь, тогтож хайрла. За тэр БСШУ, ЭМ-ийн сайдын тушаасан ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ бол мөрөөдлийн цаадах мөрөөдөл юм байна.

Одоо зүгээр бүгдээрээ хүүхдээрээ ингэж тоглож болохгүй ээ. Ийм үдийн цайг (үүнийг үдийн цай гэж дуудах нь зөвүү?) яагаад өдөр бүр хүүхдэд өгч болохгүй вэ?

Нэгдүгээрт захын хорооллын эсвэл хөдөө орон нутгийн сургуулиуд ийм үдийн цайгаар аргацаах хандлагатай байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхэддээ өдөр хоол бэлдээд өгчих цаг зав, боломж муутай айл өрхийн хүүхдүүд дийлэнх нь гэсэн үг. Тэгэхээр тийм айлын хүүхэд бие махбодь хамгийн их илчлэг, тэжээллэг хүнс шаарддаг өглөө (өглөөний хоол яагаад чухлыг эндээс) юмуу өдрийн хоолондоо энэхүү таван боорцогийг долоо хоногийн таван өдөр идэх нь. Үдийн цайг бага ангийнханд л өгдөг гээд тооцохоор энэ байдал өдөр  хоногоор биш нэгээс таван жил үргэлжлэх юм байна. Ийм хоолны дэглэмээр таван жил амьдарсан хүүхэд дунд ангид ороход бие мабодь нь яаж өөрчлөгдөх вэ?

Таргална.
Яг энэ менюг харахад таргалуулдаг хоолны гурван үндсэн хүчин зүйлийг хангаад өгч. Тосонд хайрсан, энгийн нүүрс усаар баялаг, хүнсний эслэгээр дутмаг. Өөхлөлт үүсэх төгс нөхцөл. Улмаар таргалалт зүрх судасны өвчинд нэрвэгдэх эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Төвлөрөлт муудна, сурах идэвхи сонирхолгүй болно.
Чихэрлэг, нүүрс усаар хэт баялаг хүнс хүний биед ормогцоо цусан дахь сахарыг ихэсгэнэ. Ингээд тархийг идэвхижүүлэх ёстой энерги нь инсулин ялгаруулж цусны сахараа буулгах тал дээр түлхүү ажиллаад эхлэх ба тархи руу очих энерги ийнхүү дутагдаж, нойр хүрч, хичээлийн идэвхи сонирхол буурна.

Чихрийн шижинтнэ. 
Цусны сахарын агууламжийг огцом өсгөдөг хүнс (тийм хүнсний талаар эндээс) хэрэглэхэд инсулин  ялгарч эсүүдэд сахарыг зөөвөрлөн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Энэ байдал хэт их хэмжээгээр удаа дараа давтагдан үргэлжилбэл инсулин дутагдаж эхлэн, орж ирсэн сахартай тулж ажиллаж чадахгүйд хүрдэг. Ингээд инсулинээ хамаа замбараагүй ашиглачихсан хүнд цусны сахар нь ихэссэн хэвээр байх ба ам цангах, нойр хүрэх шинжүүд илэрч сахарын өвчний эхлэл тавигдаж буйн дохио болж өгнө. 

Хоёрдугаарт ер нь ингээд ойлгочих хэрэгтэй. Цайны газар байхгүй гээд удаан хадгалж болдог бүтээгдэхүүн хэрэглэх тусам хүний бие өөрөө цаг хугацаанд тэсвэргүй болдог. Заавал цайны газарт хоол хийх албагүй. Заавал Монголд ховрын бараа жимс ногоо өгөөдөх гээгүй. Нэг уут боовных нь зардалд тохируулаад сүү юмуу тараг гэсэн уураглаг бүтээгдэхүүн дагалдуулахад л болоод явчих юм. Хүний биеийн машин механизм уураг идсэнээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг. Ингэж ажилласнаар уураг нь булчин болж, амархан ядраахгүй болгодог гэсэн үг.  Монгол чинь сүү тарагны орон биз дээ, хэдэн хүүхдээсээ харамлалаа юу?

Гуравдугаарт, төсвийн багахан мөнгөндөө тохируулаад бантан хийгээд өгдөг, боов боорцогтой өдрөө сүүтэй цай өгчихдөг, үзэмний шүүс дагалдуулчихдаг сургуулиуд зөндөө байна. Тэгэхээр боломжгүй зүйлийг би огт яриагүй болж таарах нь. Зарим сургуулийн удирдлагад жаахан сэтгэл л дутаад байна уу даа.

Эх сурвалж:
Jiménez, Emilio González. "Obesity: etiologic and pathophysiological analysis." Endocrinología y Nutrición (English Edition) 60.1 (2013): 17-24.
http://www.legalinfo.mn/annex/details/7465?lawid=12260
「食事」を知っているだけで人生を大きく守れる 細川モモ 2016


x