Thursday 8 September 2016

Хөшигний цаадах амьдрал

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэдэг Японы нэгэн сайн дурын ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжилтэн эмч надтай уулзаж байсан юм. Тэрээр бараг Монголын бүх аймгуудаар явж, тэргэнцэр бэлэглэж, бас тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийг цуглуулж, реабилитацийн дасгал зааж өгдөг гэнэ.
Тэр хүний ярианаас цочирдмоор нэгэн баримтыг мэдэж авсан нь хөдөө орон нутгуудаар явж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орон дээрээ суулгачихаад, хүн орж ирэхээр орныхоо хөшгийг татчихдаг айл цөөнгүй харсанаа ярьсан явдал байв.
Тэрээр цааш ярихдаа тийм айлын эцэг эхчүүд хүнд харуулмааргүй байгаа үедээ хөшиг урдуур нь татчихдаг, амьдралынх нь хугацаанд бараг үг сольж үзээгүй, яг л тасалгааны цэцэг шиг харьцдаг юм байна лээ. Гэтэл энэ хүүхдүүдэд жаахан л анхаарал тавьж, нөхөн сэргээх дасгал хийлгээд байх юм бол өдөр тутмын ойр зуурын үйлдлээ өөрсдөө хийгээд байж чадахаар болно шүү дээ гэв.
Хирдхийм баримт.
Нээрээ л одоо бодоод байхад бага байхдаа хөдөө зусахаар очиход тархины саатай хүүхэд нэг биш удаа харж билээ. Хөөрхийсийг бараг нохойтой адил үздэг байж билээ. Энд тэнд тэнээд л явж байдаг, айл айлд ороод л тавган дээрх боов боорцог,  ааруулаас нь аваад л гардаг, хэн ч түүнтэй нийгмийн хүн ёсоор хандаж харьцдаггүй байж билээ. Хөдөөнийхөн тийм хүүхэдтэй айлыг ер нь гадуурхах талдаа, зарим нь халдвартай гэж бодно, зарим нь хараал хүрсэн, сүнс нь зайлчихсан юм гэнэлээ гэж ярьна.
Монгол орны хэмжээнд бараг зуугаад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн, 11 мянга гаруй нь хүүхэд юм байна. Үүнээс тусгай дунд сургуульд хамрагддаг нь ердөө 1600. Тэгэхээр үлдсэн 10 мянга нь үндсэндээ хөшигний цаана амьдардаг ажээ. 
Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бараг 70 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн тооцоо ч байна. Ямар аймшигтэй зураглал вэ?
Орлогогүй, ажилгүй, боловсролгүй хүмүүс мухар сүсэгт итгэхдээ амархан байдаг. Гадуурхагдна гэх айдас илүү байдаг. Тэд үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хүний нүднээс нууж амьдарч байгаа юм гэжүү?
Улаанбаатар хотын төв хэсгүүдээр яваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бараг дайралддаггүй шүү дээ. Харин Японд хаа саагүй тэдэнтэй тааралдна.
Манайхан зарим нь Японд ирэхээрээ нэг ийм юм ярьдаг. 
Энэ Япон чинь ямар хаашаа юм бэ, бас хэт хөгжих чинь дэмий юм байна, ямар их тахир дутуу хүнтэй юм бэ гэж дуу алдацгаадаг. Үнэндээ бол Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бусад орны жишигээр хүн амын 10 хувьтай л тэнцэхээр байдаг.
Хамгийн гол нь тэд хөшигний цаана хоригддоггүй, гудамжинд гарч ирээд нийгмийн амьдралд оролцоод явдаг болохоор тэр. Ажил хийдэг, амарч зугаалдаг учраас тантай тааралддаг байх нь. 
Японд та лифтгүй галт тэрэгний буудал, тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замгүй олон нийтийн барилга байгууламж олох гээд үзээрэй. Бараг л олдохгүй. Токио хот бол бусад олон улсын метрополис хотууд болох Нью Иорк, Лондонтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их ээлтэй газар гэдэг нь нэг очиход л мэдрэгднэ. Түүнээс гадна Японы засгийн газар энэ иргэддээ зориулаад хот дүүрэг болгонд үнэгүй зөвлөх мэргэжилтэн гаргаж өгдөг. Эдгээp хүмүүс нь харьяа хороо дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажилд орох, өдөр тутмын амьдарлаа хэрхэн энгийн хүмүүстэй зохицуулж авч явахыг хүртэл зөвлөдөг юм.
Харин манайд яаж байна?
Энэ хүүхдүүдийг үндсэндээ халамжийн цөөхөн хэдэн төгрөг өгсөн болоод орхиж байна. Улаанбаатар хот ч яахав БНХАУ-н буцалтгүй тусламжаар хөгжлийн төвтэй болох юм байна. Гэтэл хөдөө байгаа хүүхдүүдийг яах вэ? Япон мэргэжилтний ярьсанаар зарим аймгийн удирдлага тэднийг хүлээж авахаас дургуйцдэг, итгэдэггүй, Эрүүл Мэндийн Яам болохоор хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ хий гэж сүржигнэдэг гэнэ. Нэгэнт өөрсдөө хүрч үйлчилж чадахгүй байж, сайн дураараа туслая гээд ирсэн хүмүүсийг яагаад боож хаадаг юм бэ? Гэрээ хийж яах гэж байгаа юм? Мөнгө авах гэж байгаа юмуу?
Тэрний оронд яамнаасаа нэг баг, нэг хүн ч болтугай томилоод тэдгээр сайн дурын ажилчдыг дагуулаад сургаад явбал яасан юм бэ? Тэгсэнээр итгэхгүй байгаа гадныхны үйлдийг ч хянах боломжтой болж ирнэ шүү дээ. 
Гадныхнаас өнөөдөр идэх загасаа авах биш, загас барих аргыг нь суралцах хэрэгтэй гэдэг үг байдаг байхаа.

Эх сурвалж:
http://www.tv5.mn/news/15/2233
http://oidov.blogspot.jp/2011/08/blog-post.html
http://www.ninjin-npo.org/

No comments:

Post a Comment