Saturday 29 June 2019

Gesundheit!
Хэрвээ мөрөөдөл чиний сэтгэл зүрхэнд хорогдоод эхэлбэл чи юу хийх вэ? Чи мөрөөдөлтэйгээ цуг гүйж болно, эсвэл мөрөөдөл чиний амьдралыг чиглүүлж болно, бүр болиод чи мөрөөдлөө хөөж явуулчихаад насан туршдаа яах байсан бол гэж гайхширж ч болно.
Доктор Адамсын бага насанд аав нь бараг хамт байсангүй, байсан ч хүүхдүүдтэйгээ огт харьцдаггүй хүн байв. Харин 16 настай байхад нь аав нь зүрхний шигдээсээр нас барахынхаа өмнөх нэгэн долоо хоногийг хүүтэйгээ цуг өнгөрөөжээ. Энэ л үед тэрбээр аавынхаа дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноос хойш хэрхэн сэтгэл санааны гүн шарх авч, анд найз нь өөрийг нь аврахын тулд гэдсэндээ гренат хийж амиа өгч байсанд харамсаад ч бардаггүй тухай мэдэж авчээ. Аавынх нь амьдралын хамгийн том гэмшил нь хүүхдүүддээ сайн аав байж чадаагүй явдал байв. Аав нь хүүгээсээ уучлал хүсч, сэтгэлээ уудалсанаас хэдхэн хоногийн дараа зуурдаар нас барсан нь Адамст маш хүнд цохилт болов. Үүний дараа давхар давхар золгүй явдал тохиолдсоноос болж, Адамс амиа хорлохоор шийдсэн ч ээж нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэнээр бүх зүйл орвонгоороо эргэжээ. Энэ л үед тэрбээр ганцаардал бол хамгийн хор хөнөөлтэй байдал, сэтгэл санаа бол хүний бүх төрлийн өвчний эх үүсвэр болохыг ойлгож авав. Нэг өрөөнд цуг хэвтэж байсан өвчтөний яриаг сонсоод хэрвээ би энэ чигээрээ бусдаас ирж байгаа хайрыг хүлээж авахгүй байсаар байвал ирээдүйд ийм л болох юм байна гэж мэдрэв. Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг үл ойшоож, бүхнийг шинжлэх ухаанчаар батлах гэж оролдох нь эсрэгээрээ түүнийг ганцаардуулдаг байсан аж.
Хэтэрхий их бодох нь өөрөө асуудал юм. Бодохын оронд мэдрэх хэрэгтэй. Эндээс Адамсын амьдралд эргэлт гарч, олон ном уншиж, олон хүмүүсийн амьдралын түүхийг сонсож, өөрийн гэсэн амьдралын номын сангаа бүтээж эхэлжээ. Тэрбээр хүмүүс ямар үед сайхан мэдрэмж авдаг, яагаад аз жаргалтай гэр бүл үүсдэгийг мэдэж авахыг хүсэв. Хүмүүстэй ярих туршлага суухын тулд дурын утасны дугаарлуу ярьж хэр удаан ярьж чадах эсэхээ сорьж үздэг байв. Нийгэм судлалын оюутан, урлаг судлаач болж дүр эсгээд утасны цаадах хүн өөрийн доторх би-гээ хэр зэрэг нээхийг харах гэж оролдов. Цахилгаан шатанд суугаад хэдэн давхар хүртэл явахад тэр хүн өөртэй нь илэн далангүй ярьж, бүр цуг дуу дуулж болохыг туршиж үзэв. Сургуульд байхдаа шинжлэх ухааны туршилт хийх дуртай байсан бол одоо хүмүүсийн аз жаргалтай мөчийнх нь тухай яриулж чадах эсэхээ туршдаг болов. Ингээд нэг жил сайн дураараа хүмүүсийг сурвалжилдаг болсоны дараа амьдралын үзэл нь батжиж, насан туршид хадгалагдах өнөөгийн бие хүнийг нь бий болгожээ. Энэ үедээ л анагаахын сургуулийн үүдийг татаж эмч болохоор шийдсэн байна.
Гэтэл эмч хүн гэхээр л хувиралгүй нүүртэй, бүхнээс дээгүүр, их мэдэгч царайлж, өвчтөнийг хүн талаас нь биш өвчин талаас нь хардаг тухайн үеийн эрүүл мэндийн системтэй нүүр тулгарах үед цочирдов. Тэр үүнийг өөрчлөхийг хүсэв. Анагаахын хичээлдээ үргэлж онц сурдаг байсан тэрбээр хичээлийн их номын хажуугаар уран зохиолын ном уншихаа, хүн хоорондын харилцааг судлахаа хэзээ ч болисонгүй. Энэ удаад яаж хүн инээлгэдэг болох тал дээр хичээллэж эхлэв. Яагаад гэвэл хүн инээж, аз жаргалтай байвал эмчээс үзүүлж байгаа эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байдагийг анзаарсан болохоор тэр. Улам бүр технологийн шийдлээр орчин үежиж байгаа анагаах ухааны ертөнцөд хүний зөвхөн биеийг бус сэтгэлиийг хамтатган эмчилж чаддаг хүн л үнэлэгднэ, ялгарна.
Америкийн эрүүл мэндийн системийн харгис, мөнгөний төлөө байдлыг хараад өөрийн үнэ төлбөргүй эмнэлгийг байгуулахыг мөрөөдөв. Өвчтөнөөс нэг цент ч авахгүйгээр үйлчилж чаддаг эмнэлгийг байгуулах гэж гучин жилийн туршид шантарч буцалгүй зүтгэв. Нүсэр их цаг хугацаа, хандив туслалцаа, олон хүний сайн дурын хүч хөдөлмөр энэ эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад одоо ч шаардагдсаар байна. Өдгөө энэ эмнэлэг бүрэн хүчин чадлаараа баригдаж дуусаагүй ч тэрбээр өөрийнхөө мөрөөдлийг хэзээ ч хаясангүй, бүхий л амьдралаараа энэхүү галзуу ч юм шиг зорилгынхоо төлөө зүтгэсээр байна. Хүнд ер нь жаахан галзуурал байх хэрэгтэй, тэгж байж хүлээстэй олсоо тас татан, өөрийгөө чөлөөлөх зориг гардаг. Ноцтой чухал царайлалгүй санамсаргүй зугаатай амьдрахад яагаад болохгүй гэж.

Saturday 13 April 2019

Lean in by Sheryl Sandberg


Ажил хийдэг өөрийн гэсэн кареертэй эмэгтэй гэхээр л гэртээ суудаг бүтэн цагаар хүүхдээ өсгөхөд анхаардаг ээжээс өөр байх ёстой юу? Ийм хоёр төрлийн эмэгтэй заавал бие биенээ үгүйсгэж, хоорондоо дайн зарлах хэрэгтэй юу?

Олон улсын нэр хүндтэй сургуулиудаас цугларсан 30 гаруй мэргэжилтнүүдийн хамтран хийсэн судалгаагаар ээж нь гэртээ суудаг байсан хүүхэд бусад хүүхдээс оюун ухааны болон хэл яриа, хүнтэй харилцах чадвар, эх үрийн холбооны нягтарлаараа ямар ч ялгаагүй байдаг нь тодорхой болжээ.

Амжилт гэж юу вэ? Тухайн цаг үедээ тохируулж өөрийнхөө хийж чадах хамгийн шилдэг сонголтыг хийхийг л хэлнэ. Томилолтоор явах гээд бяцхан үрээ тэврэхэд битгий яваач гэж гуйж байсныг нь сэтгэл өмрөн нүдэндээ дүрслэвч, ямар нэгэн бурууг өөрт тохоолгүйгээр оногдсон боломжийг хамгийн сайнаар нь ашиглах л явдал юм. Гэлээ гээд гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй бас ажилгүй гэсэн үг биш. Тэдний үр хүүхэддээ оруулж байгаа оюуны, цагийн хөрөнгө оруулалт, нийгэмд хийж байгаа сайн дурын ажлууд үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэднийг зүгээр л нэг гэрийн эзэгтэй, жинхэнэ ажил хийдэггүй гэж цоллохоо зогсоох ёстой.

Феминист гэхээр л заавал эрчүүдийг үзэн ядсан, яаж инээхээ ч мэддэггүй, байнгын албархаг царайлж, хөхний даруулгаа үзэн яддаг хүүхнийг хэлэх үү? Яагаад феминизм гэхээр учиргүй цэрвээд, эсвэл зайлсхийгээд байдаг юм бэ? Энэ нь зүгээр л эмэгтэй хүний тэгш бус байдлыг ил тодоор тавьж байгаа асуудал шүү дээ. Ихэнх хүн тэр тусмаа эмэгтэйчүүд өөрсдөө манай нийгэмд феминист хэрэггүй гэж андуурдаг, учир нь бид эрэгтэй эмэгтэй тэгш нийгэмд амьдарч байгаа гэж гэнэхнээр боддог. Гэтэл үнэн хэрэгтээ аливаа нэг байгууллагын даргыг эмэгтэй байвал яагаад “Эмэгтэй лидер” хэмээн тодотгодог юм бэ? Зүгээр л лидер хүн биз дээ. Тэгээд лидер нь эмэгтэй байхаар л хувийн амьдрал гэж авах юмгүй, ажлын төлөө үхэн хатан зүтгэдэг, уян хатан чанараа гээж эр хүний дүрд хувилсан “Төмөр хатагтай” гэж цоллодог. Ийм ташаа хандлага өмнө нь ч байсан өдгөө ч байна. Үүнийг сүүлийн үед нийгэм хүлээн зөвшөөрч эмэгтэй хүнийг “харж үзээд” ажилд авахдаа гэр бүлийн байдал, хүүхэдтэй эсэхийг нь асуухыг хориглодог болсон. Ухаан нь эдгээр үзүүлэлтээс шалтгаалж хүнийг ажилд авах эсэхийг тодорхойлохгүй байх гэж тэр. Гэтэл үнэндээ хүүхэдтэй эмэгтэй оройн цагаар хүүхдүүдтэйгээ өнгөрөөж, ажлын хажуугаар хүүхдүүддээ ч гэсэн анхаарах нь зүй ёсны хэрэг биз дээ. Би ажилтай хөөн гээд хэн ч хүүхдээ гаргуунд нь гаргаад өдөр шөнөгүй ажил дээрээ байхыг хүсэхгүй. Харин ч хүнийг ажилд авахдаа тухайн боловсон хүчний цэвэр чадвар дээр нь үндэслэж, хүүхэдтэй бол эхнээс нь тэрэнд нь тохируулсан ажлын цаг, хангамжийг бодолцвол олон чадварлаг эмэгтэйг ажиллах хүчинд нэгдүүлэх үүд хаалга нээгдэх юм байгаан уул нь. Тухайн ажлын байранд хүйсийн тоо тэнцвэртэй байх тусам бүтээмж нь ихэсч, байгууллагын нийт орлого нэмэгддэг гэсэн судалгаа ч байдаг. Мөн хамтран ажиллахад хүн эсрэг хүйсийн хүнтэй цуг ажиллабал илүү ажлын бүтээмж өндөр байдаг гэсэн 29 оронд хийсэн олон улсын судалгаа ч бий. Ямар ч ажилд тодорхой хэмжээний золиос хэрэгтэй. Хамгийн гол нь шаардлагагүй золиос гаргахгүй байх л чухал. Хүүхэдтэй эмэгтэйчүүд ажлаасаа эрт тардагаа өөрийгөө зуун хувь ажилдаа зориулж чадахгүй байна гэж бодох нь ташаа ойлголт.

Феминист гэдэг нь нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд хүйсийн тэгш байдалд итгэдэг хүнийг л хэлнэ. Тэгэхээр бид хүйсийн тэгш бус байдал өнөө цагт оршин тогтнохгүй байгаа юм шиг дүр эсгэж, зайлсхийхийн оронд энэ асуудлыг өөрийн орчин тойрноос эхэлж хөндөж, ил тодоор тавьж байж л жинхнээсээ дэвшил ирнэ. Харвардын бизнесийн сургууль нэгэн туршилт явуулж. Энэ сургуульд дандаа эрэгтэй Америк оюутан бусдаасаа илүү сурлагын үзүүлэлттэй байдаг байв. Энэ байдлыг өөрчлөхөөр “Манлайлагч гэдэг нь өөрийн нөлөөгөөр бусдыг сайжруулж, тэндээс гараад явахад ч тэр нөлөө нь үргэлжилж байхыг хэлнэ.” гэсэн уриа сургуульдаа дэвшүүлжээ. Жирийн үед хоорондоо хамтрахааргүй эрэгтэй, эмэгтэй, гадаад оюутнуудыг хольж бүлэг болгон ажиллууллахад, жилийн дараа урь урьд жилийнхээс ч илүү сурлагын амжилт аль аль бүлэгт нь ижил тоогоор илэрчээ. Энэ нь тэгш орчинг бүрдүүлсэнээр бүтээмж сайжрахаас гадна бүгдийнх нь аз жаргалын түвшин нэмэгдсэнтэй хобоотой.
Нэгэнт өндөр байр сууринд хүрж чадсан эмэгтэйчүүдийн 73 хувь нь залуу үеийн эмэгтэйчүүдээ дээш өгсөхөд нь гараа сунгаж тусалсан байдаг гэсэн тоо байна. Өнөөгийн нийгэмд хэрвээ удирдлага чинь эмэгтэй бол доодох эмэгтэй ажилтандаа илүү эелдэг сайхан хандах ёстой гэсэн хүлээлт хандлага байдаг. Тэгээд тийм харьцаа авч чадаагүй хүмүүс өсөрхөж, гомддог. Эмэгтэй удирдагч байлаа гээд илүү наалинхай ч байх албагүй, хатуу чанга ч байх албагүй. Хамгийн гол нь тэнцвэртэй харьцах. Ямар ч хүйсийн удирдлага байсан бид бүгдээс нь эелдэг харьцааг хүлээх эрхтэй.
Эмэгтэйчүүд өндөр байр сууринд хүрэхэд өөрийн чадварыг дутуу үнэлж, өөрөө өөрсөддөө хаалт тавих үзэгдэл бас ажиглагддаг. Жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй. Адаглаад хуралд суухдаа ширээний голд байраа эзлэх нь чухал. Та анзаараад байгаарай, эмэгтэйчүүд дандаа ширээний бус захын суудлаар байраа эзэлдэг. Эндээс л үл үзэгдэх шилэн хана босч эхэлдэг.

Ихэнх эмэгтэйчүүд энэ өөрчлөлтийг нийгэмд авчрах гэж зүтгэх боломжгүй, зөвхөн өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа нь бодит байдал. Нийт ажил хийдэг эмэгтэйчүүдийн 50% нь хүүхдээ өвдөхөд ажлаасаа чөлөө авч чаддаггүй. Ингээд ажлаасаа чөлөө авсан ч цалинтай чөлөө олгогддоггүйн улмаас өрхийн орлого буурч, өр ширэнд орж ядуурдаг гэсэн судалгаа ч байна. Хэтэрхий их чадварлаг эмэгтэйчүүд энэхүү олон талт саад бэрхшээл, шударга бус байдлаас болж хөдөлмөрмйн хүчнээс шахагддаг. Тиймээс бидний нийгэмд дээд шатны албан тушаалд эмэгтэйчүүд илүү их хэрэгтэй байна. Тэгж байж л бид үзэгдэхгүй байгаа шилэн ханыг нурааж чадах юм. Би үүнд итгэдэг, ирээдүй хойч үеийнхээ төлөө бид алхам тутамдаа энэ тэгш бус нийгмийн нормыг эвдэхийн төлөө зүтгэх ёстой, үүрэгтэй.