Thursday 29 September 2016

Би бол бичил биетний үүр

Хүний биеийн зөвхөн 10% нь эд эсээс бүрддэг гэнэм. Үлдсэн 90% нь бичил биетийн орчин буюу микробиот дээр оршин тогтнодог байна. Английн эрдэмтэн зохиолч Аллана Колины бичсэн энэ ном сүүлийн үед барууны уншигчдын дунд шуугиан тариад байна. 
Хүний бие дэх удамшлын генүүд олон төрлийн уураг үйлдвэрлэж, тэдгээр нь бие махбодийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг гүйцэтгэдэг гэж өнөөгийн шинжлэх ухаан тайлбарладаг. Гэтэл үнэндээ таны биеийг саяхан хүний геномын бүтцийн судалгааны эцсийн үр дүнгээр тодорхойлогдсон 21 мянган ген чинь биш, харин биенд чинь зэрэгцэн орших 100 триллион бичил биетэн удирддаг гэвэл итгэх үү? Эдгээр бичил биетийн бүрдүүлсэн орчин л бидний эрүүл байх нөхцлийг хангадаг гэх. Тэгэхээр манай эриний он тоолол эхэлсэн цагаас хүн төрөлхтөн "Би гэж юу вэ?" хэмээх философийн асуултанд хариулах гэж шаналсаар ирсэн бол энэ номноос үзвэл би гэдэг нь бичил биетний үүр, тэдний унаа унш болж таарах нь.  
20-р зуун хүн төрөлхтөнд хүний эрүүл мэндийг аврах дөрвөн том ололт амжилтыг авчирсан билээ. Вакцин, эмнэлгийн орчны ариун цэвэр, газар доорх бохир, цэвэр усны байгууламж, антибиоткийн нээлт. Эдгээр нь хүн төрөлхтөнийг олон янзын өвчин, тахлаас хамгаалж чадсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд хүний биед хэвийн бус үзэгдлүүд илрэх болсон байна. Эдгээр нь харшил, арьсны атопи, чихрийн шижин, чонон хөрвөс, гурилан бүтээгдэхүүн боловсруулах чадваргүй болдог целиакийн өвчин, сэтгэл гутрал, аутизм гэх мэтээр хөвөрнө. Гэтэл энэ бүгд нь эрт үед хүн төрөлхтөнд ажиглагддаггүй байсан өвчнүүд. Таргалалт ч ялгаагүй. 1960-аад онд АНУ-д улсын хэмжээнд 13%-тай байсан таргалалт энэ онд даруй 36% давжээ. Энэ нь зөвхөн Америкаар зогсохгүй бусад олон орны нийтлэг үзэгдэл болоод байгааг та мэдэж байгаа байлгүй. Харин Колин бээр номондоо хүний биеийн бичил биетийн орчны алдагдал энэхүү таргалалтыг нөхцөлдүүлж байгаа хэмээн бичжээ. Жишээлбэл тарган, туранхай хоёр хулганы микробиотийг бүрдүүлэгч бичил биетнүүд хоорондоо бүтцийн асар их ялгаатай байдаг гэнэ. Тэр бүү хэл тарган хулганы микробиотоос жаахныг аваад туранхай хулаганад суулгахад л мань хулгана хөөрхөн бондойгоод ирдэг гэнэ шүү. Ямар ч байсан эндээс таргалалттай тэмцэх шинэ эмчилгээг хүний биеийн микробиот дээр суурилан гаргаж авах боломжтой болоод байгаа юм байна. Тэгэхээр өнөөг хүртэл турах оролдлого хэчнээн хийгээд бүтээгүй хүмүүс хамаг бурууг өөрөөсөө хайх хэрэггүй болж, баярлууштай сайхан үйл явдал тохиож байгаа нь гарцаагүй. 
За тэгвэл микробиотийн тэнцвэрт байдал яагаад алдагддаг юм бол?
Уг номноос үзвэл, антибиотикийн замбараагүй хэрэглээ, хүнсний эслэг дутуу авах, нярай хүүхэд өсгөх арга зэргээс хамаардаг гэнэ шүү. 20-р зууны эхээр хүн төрөлхтөний үхлийн гол шалтгаанд уушигны хатгалгаа, сүрьеэ, халдварт суулгалт ордог байсан ба хөгжингүй орнуудад хүртэл дундаж наслалт 50 гарч чаддагүй байв. Харин өнөөдөр хөгжингүй орны хүн бол 80 наслах нь зайлшгүй үзэгдэл болж хувирсан ч үхлийн эхний гурван шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар, тархины шигдээс болж өөрчлөгджээ. Сүүлийн үеийн анагаах ухаанд үүнийг тайлбарлахдаа  хүний биед удаан хугацааны туршид үрэвсэл явагдсантай холбоотой хэмээн үзэж байна. Үрэвсэл гэдэг маань ердөө өнөөх л бичил биетийн орчны алдагдал, ялангуяа ходоод гэдсэн дэх шаардлагат нянгуудын тэнцвэрт байдал алдагдахыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид өглөө бүр өөрсдийн биенд орших бичил биетнүүддээ жаахан санаа тавьж сурвал, олон төрлийн өвчин зовлонд өртөхгүй байх бүрэн бололцоотой цаг ирсэн ажээ.

Эх сурвалж:
https://www.amazon.com/10-Human-Microbes-Health-Happiness/dp/0007584032
https://www.cdc.gov/obesity/data/adult.html
http://forbesjapan.com/articles/detail/13608/3/1/1

Thursday 8 September 2016

Хөшигний цаадах амьдрал

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэдэг Японы нэгэн сайн дурын ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжилтэн эмч надтай уулзаж байсан юм. Тэрээр бараг Монголын бүх аймгуудаар явж, тэргэнцэр бэлэглэж, бас тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийг цуглуулж, реабилитацийн дасгал зааж өгдөг гэнэ.
Тэр хүний ярианаас цочирдмоор нэгэн баримтыг мэдэж авсан нь хөдөө орон нутгуудаар явж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орон дээрээ суулгачихаад, хүн орж ирэхээр орныхоо хөшгийг татчихдаг айл цөөнгүй харсанаа ярьсан явдал байв.
Тэрээр цааш ярихдаа тийм айлын эцэг эхчүүд хүнд харуулмааргүй байгаа үедээ хөшиг урдуур нь татчихдаг, амьдралынх нь хугацаанд бараг үг сольж үзээгүй, яг л тасалгааны цэцэг шиг харьцдаг юм байна лээ. Гэтэл энэ хүүхдүүдэд жаахан л анхаарал тавьж, нөхөн сэргээх дасгал хийлгээд байх юм бол өдөр тутмын ойр зуурын үйлдлээ өөрсдөө хийгээд байж чадахаар болно шүү дээ гэв.
Хирдхийм баримт.
Нээрээ л одоо бодоод байхад бага байхдаа хөдөө зусахаар очиход тархины саатай хүүхэд нэг биш удаа харж билээ. Хөөрхийсийг бараг нохойтой адил үздэг байж билээ. Энд тэнд тэнээд л явж байдаг, айл айлд ороод л тавган дээрх боов боорцог,  ааруулаас нь аваад л гардаг, хэн ч түүнтэй нийгмийн хүн ёсоор хандаж харьцдаггүй байж билээ. Хөдөөнийхөн тийм хүүхэдтэй айлыг ер нь гадуурхах талдаа, зарим нь халдвартай гэж бодно, зарим нь хараал хүрсэн, сүнс нь зайлчихсан юм гэнэлээ гэж ярьна.
Монгол орны хэмжээнд бараг зуугаад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн, 11 мянга гаруй нь хүүхэд юм байна. Үүнээс тусгай дунд сургуульд хамрагддаг нь ердөө 1600. Тэгэхээр үлдсэн 10 мянга нь үндсэндээ хөшигний цаана амьдардаг ажээ. 
Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бараг 70 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн тооцоо ч байна. Ямар аймшигтэй зураглал вэ?
Орлогогүй, ажилгүй, боловсролгүй хүмүүс мухар сүсэгт итгэхдээ амархан байдаг. Гадуурхагдна гэх айдас илүү байдаг. Тэд үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хүний нүднээс нууж амьдарч байгаа юм гэжүү?
Улаанбаатар хотын төв хэсгүүдээр яваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бараг дайралддаггүй шүү дээ. Харин Японд хаа саагүй тэдэнтэй тааралдна.
Манайхан зарим нь Японд ирэхээрээ нэг ийм юм ярьдаг. 
Энэ Япон чинь ямар хаашаа юм бэ, бас хэт хөгжих чинь дэмий юм байна, ямар их тахир дутуу хүнтэй юм бэ гэж дуу алдацгаадаг. Үнэндээ бол Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бусад орны жишигээр хүн амын 10 хувьтай л тэнцэхээр байдаг.
Хамгийн гол нь тэд хөшигний цаана хоригддоггүй, гудамжинд гарч ирээд нийгмийн амьдралд оролцоод явдаг болохоор тэр. Ажил хийдэг, амарч зугаалдаг учраас тантай тааралддаг байх нь. 
Японд та лифтгүй галт тэрэгний буудал, тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замгүй олон нийтийн барилга байгууламж олох гээд үзээрэй. Бараг л олдохгүй. Токио хот бол бусад олон улсын метрополис хотууд болох Нью Иорк, Лондонтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их ээлтэй газар гэдэг нь нэг очиход л мэдрэгднэ. Түүнээс гадна Японы засгийн газар энэ иргэддээ зориулаад хот дүүрэг болгонд үнэгүй зөвлөх мэргэжилтэн гаргаж өгдөг. Эдгээp хүмүүс нь харьяа хороо дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажилд орох, өдөр тутмын амьдарлаа хэрхэн энгийн хүмүүстэй зохицуулж авч явахыг хүртэл зөвлөдөг юм.
Харин манайд яаж байна?
Энэ хүүхдүүдийг үндсэндээ халамжийн цөөхөн хэдэн төгрөг өгсөн болоод орхиж байна. Улаанбаатар хот ч яахав БНХАУ-н буцалтгүй тусламжаар хөгжлийн төвтэй болох юм байна. Гэтэл хөдөө байгаа хүүхдүүдийг яах вэ? Япон мэргэжилтний ярьсанаар зарим аймгийн удирдлага тэднийг хүлээж авахаас дургуйцдэг, итгэдэггүй, Эрүүл Мэндийн Яам болохоор хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ хий гэж сүржигнэдэг гэнэ. Нэгэнт өөрсдөө хүрч үйлчилж чадахгүй байж, сайн дураараа туслая гээд ирсэн хүмүүсийг яагаад боож хаадаг юм бэ? Гэрээ хийж яах гэж байгаа юм? Мөнгө авах гэж байгаа юмуу?
Тэрний оронд яамнаасаа нэг баг, нэг хүн ч болтугай томилоод тэдгээр сайн дурын ажилчдыг дагуулаад сургаад явбал яасан юм бэ? Тэгсэнээр итгэхгүй байгаа гадныхны үйлдийг ч хянах боломжтой болж ирнэ шүү дээ. 
Гадныхнаас өнөөдөр идэх загасаа авах биш, загас барих аргыг нь суралцах хэрэгтэй гэдэг үг байдаг байхаа.

Эх сурвалж:
http://www.tv5.mn/news/15/2233
http://oidov.blogspot.jp/2011/08/blog-post.html
http://www.ninjin-npo.org/