Friday 27 January 2017

Ховрын өвчин буюу хомсдолын хавх


Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх орнуудад өлсгөлөн нэрвэж байлаа. Яг энэ үеэр Миннесотагийн Их Сургууль 36 эрийг нэгэн сонирхолтой туршилтанд хамруулсан байдаг. Юу вэ гэхээр тэднийг өлсгөлөнд нэрвэж туршиж үзсэн байгаа юм. Дайны дараах үе болохоор л ийм судалгаа зөвшөөрөгдсөн нь гарцаагүй. Өнөө үед бол мэдээж хориотой. 

За тэгээд судалгааны үр дүнг харвал тэдгээр эрсийн бодисын солилцоо 40 хувиар буурсан ба өлсгөлөнгөөс болж хатингиршсан булчин нь янгинан өвдөж, гэдэс нь шингэнээр дүүрч, цүндийгээд ирсэн байна. Энийг ч та Африкийн өлсгөлөн хүүхдүүдийн зурагнаас бишгүйдээ харж байсан болохоор нэг их гайхшрахгүй биз. 

Энэ судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ гэхээр судалгаанд оролцогчдод сэтгэцийн өөрчлөлтүүд гарсан явдал юм. Тэдгээр оролцогчдод хоолны ном, хоолны жороос өөр юм харагдахаа больж, хоолны талаарх бодол бүх зүрх сэтгэлийг нь эзэмдэж байв. Туршилтанд орохоос өмнө хоолны талаар огт сонирхдоггүй байсан хүмүүс ч мөн адил. Нэг оролцогч туршилтын талаар эргэн дурсахдаа "Хоолноос өөр ямар ч бодол орж ирэхгүй байсан, энэ дэлхийн цорын ганц чухал зүйл юм шиг санагдаж байв." гэжээ. 

Харин энэ судалгаанаас хэдэн арван жилийн дараа батлагдсан дүгнэлт бол өлсгөлөн бол зөвхөн бие махбодь, булчин шөрмөсийг хатингиршуулаад зогсохгүй хүний оюун ухааныг ч хатингиршуулдаг гэсэн үр дүн байв. Харвардын профессор Муллайнатан энэ талаар гүнзгийрүүлэн судалж "Why having too little means so much" хэмээх бүтээлийг туурвижээ. Тэдний боловсруулсан мэдээлэл дээрээс дүгнэж хэлэхэд аливаа зүйл ховордоход  хүний сэтгэл санаа өлсгөлөн, ганцаардал, хавчигдмал боогдмол байдал, ядуурлыг гүнзгий мэдэрдэг аж. 

Энэ нь ч бусад сэтгэл зүйн туршилт судалгаагаар батлагдсан байдаг. Хэрэв хүний оюун ухаан нэгэн зүйлд гүн төвлөрвөл анхаарал, биеэ хянах чадвар, төлөвлөгөө гаргах чадварууд нь сулардаг байна. Яг л олон програм зэрэг ачааллаж байгаа компьютер шиг удаад эхэлдэг гэсэн үг. Профессор Муллайнатаны баталж буйгаар ядуу хүмүүсийн гаргадаг урагшгүй шийдвэр, бодлогогүй авир бол удаан хугацаанд юмсын хомсдолд орсоноос үүдэлтэй. Хэрэв таныг өнөөдөр ядуу болгоод тавьчихвал та ч бас тэдгээр хүмүүстэй адил зан авирыг үзүүлж эхлэх бөгөөд энэ нь үнэндээ хэн байхаас хамааралгүй юм гэжээ. Нэг ёсны та ховрын өвчинд нэрвэгдэж, хомсдолын занганд орно гэсэн үг юм. 

Хомсдолын занганд та эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байж болох ч өөрийн мэдэлгүй орчихсон байх магадлалтай. Жишээ нь цаг хугацааны хомсдол. Танд аливаа ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа өгөгдсөн тохиолдолд тухайн  ажлаас бусад бүх юм танд нэг их чухал биш, хойш нь тавьж болохоор санагддаг уу?
Хэрэв тийм бол та хомсдлын занганд орж оюун ухаанаа эзэмдүүлчихээд байгаагийн шинж. 

Хомсдолын занганы гурван гол төлөөлөл бол цаг хугацаа, хоол хүнс, мөнгө юм. Эдгээр зүйлс хомсдоход та хэчнээн ухаантай нэгэн байсан ч гаргах шийдвэрүүд тань болчимгүй, алсын хараагүй, тэнэгдүү болж ирнэ гэсэн үг. Энэ талаар туршилт судалгааг энэтхэгийн фермерчид дээр хийж үзжээ. Тарьж буй ногооноосоо шалтгаалаад ургац хурааж авах үе  нь өөр өөр байдаг ба энэ нь фермерчидийн ногоогоо зарж мөнгөтэй болох үе юм. Тэд жилийн зөвхөн нэг тодорхой үед л мөнгөтэй байдаг ба бусад үед нь ядуу амьдардаг байна. Энэ хүмүүст мөнгөтэй байх үе болон мөнгөгүй байх үед нь оюун ухааны тест хийж үзэхэд мөнгөтэй байх үедээ илүү өндөр оноо авдаг нь нотлогдсон байна. 

Энэхүү хомсдолын хавхны тухай ойлголт эдийн засгийн зан үйлийн шинжлэх ухаанд харьцангуй шинэ ойлголт бөгөөд ядуу хүмүүс буруу шийдвэр гаргадаг болохоор ядуурч байгаа бус ядуу учраас буруу шийдвэр гаргадаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. 

Тэгэхээр хомсдолын хавхнаас хэрхэн зайлсхийх вэ? 

Дэлхийн хоёрдугаар дайны үед америкийн байлдааны онгоцны нисгэгчид олноороо зөвхөн нэг төрлийн ослоос болж онгоцтойгоо осолдон нас барж байв. Энэ нь нисгэгчид дугуй хянагч товчлуур болон далавч хянах товчлуураа андуурсанаас үүдэлтэй байж. Шинжээчид толгойгоо сэгсрэн яагаад ийм болчимгүй алдаа хийгээд байгааг гайхдаг байв. Гэтэл үнэндээ энэ 2 товчлуур нь хоорондоо яг адилхан харагддаг бөгөөд бие биентэйгээ зэрэгцээ байрлалтай байсныг ажиглажээ. Ингээд товчлуурын өнгө байрлалыг солих дизайны бяцхан шийдэл гаргаснаар нисгэгчдийн ийм төрлийн ослыг арилгасан гэж байгаа юм. Нисгэгчийн алдаанд төвлөрөхөөс илүү онгоцноос шалтгааныг нь хайснаар асуудал шийдэгдсэн байна.Яг үүнтэй адил. 

Ядуу хүмүүсээс өө хайх биш тэдэнд тохирсон ядуурал бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Ядуурал бууруулах хөтөлбөр, мэргэжлийн сертификат олгодог хичээлүүдэд ядуу хүмүүсийг яаж ийж байгаад албадан бүртгэж, явуулахаар болгодог ч ихэнхдээ тэд хичээлээ таслан идэвхигүй оролцсоор сүүлдээ дундаас нь хаядаг. Яагаад гэвэл тэд хичээлдээ ирэхийн тулд унаа уншны мөнгө илүү төлөхөөс авахуулаад хүүхдээ харах хүн зохицуулах хэрэгтэй болдог. Иймэрхүү хомсдолын шалтгаанаас нэг удаа хичээлдээ ирээгүй хүн хичээлийн агуулгаасаа хоцорч цаашид нөхөхөд хэцүү болдог тул дундаас нь орхихоос өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл эдгээр хүмүүсийг нэг удаа тасалчихлаа гэхэд дараагийн удаа ирэхэд нь нөхөж олгодог байхаар тогтолцоог л бүрдүүлээд өгөх нь чухал юм. Хоцорсон хүмүүст зориулсан параллел анги ч юмуу жижигхээн хөтөлбөрийн өөрчлөлт хийхэд л амжилттай төгсөгчдийн тоо ихсэх бүрэн бололцоотой. 

Өөр бас нэг жишээ. Нэгэн пүүс ажилчдаасаа сар бүрийн цалингаасаа тодорхой хувийг автоматаар хадгаламжинд нь хийхээр суутгаж болох эсэхийг асуужээ. Ажилчид жирийн үед энэ сонголтоос татгалзаж байсан бол тэдний цалин нэмэгдэх мөчлөгтэй давхцуулан асуухад 75% нь зөвшөөрсөн байдаг. 

Тэгэхээр хүнийг хомсдолын хавхнаас гаргах сэтгэл зүйн манипуляци хийх тохиромжтой үеийг бодлого боловсруулагчид ухаалгаар тооцож гаргаж ирж чадвал ямар ч илүү зардал гаргалгүйгээр ядууралтай тэмцэх боломжтой аж. 

Хязгаарлагдмал нөөцийг хэрхэн хуваарилахыг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Энэ бол эдийн засгийн шинжлэх ухаан гэдгийг та угаас мэднэ. Эдийн засагчид ядуурлын эдийн засгийг ойлгодог, мэддэг мөртлөө үүнийг нөхцөлдүүлж байгаа хувь хүний сэтгэл зүй үрүү хэзээ ч өнгийн харж байсангүй. Хэрвээ сэтгэл зүйн жижигхэн шийдлүүдийг л олчих юм бол сая сая доллар хэмнэх боломжтой юм байна гэдгийг дэлхий дахин саяхнаас л ухаарч эхлээд байгаа бөгөөд хөгжсөн орнуудад хүний оюун ухаанд үүсдэг хомсдолын хавханд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 

Эх сурвалж:
http://harvardmagazine.com/2015/05/the-science-of-scarcity



Tuesday 24 January 2017

Хүний зан үйлийг өөрчлөх боломжтой юу?




Бараг ихэнх эпидемиологийн судалгаа ердөө 2 янзын өгүүлбэрээр төгсдөг гээд хэлчихэд хэтрэхгүй л болов уу. Эхлээд ийм өвчний улмаас ингэж хор уршиг гарч эсвэл ийм эрсдэлт хүчин зүйлс нөлөөлж байгаа тул энэ өвчнөөс сэргийлэх эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хэрэгтэй гэж бичнэ. Тиймээс хэрхэн яаж арга хэмжээ авах талаар нарийвчлан судлах шаардлагатай байна гээд дараагийн өгүүлбэрээ бичээд төгсгөнө.

Та итгэхгүй бол google scholar луу ороод дурын анагаахын сэтгүүл дээр гарсан дайралдсан өгүүллийг л уншаад үз. 
Ингэж их төвөг болж, ингэж их зардал чирэгдэл учруулж, энэ их хөлс хүчийг шавхчихаад эрдмийн ажлаас гарах гаргалгаа ердөө л энэ үү?
Арай дөнгүүр шийдвэр хэлээд өгчихгүй дээ гэж урам хугарах үе зөндөө.
Гэхдээ хүний амьдрал эрээнтэй бараантай, энэ орчлон ертөнц төвөгтэй ээдрээтэй, нэг дусал шидэт бодисоор эдгээдэг ид шидийн үлгэр биш.

Үүнээс цааш бодит амьдрал дээр бий болдог нөхцөл байдлыг томъёолон авч үзсэн байдаг. Амьдарлын хэвшлээ өөрчлөх явц нь хүний зан үйлийг өөрчлөх эрүүл мэндийн сургалт сурталчилгаатай нягт холбоотой. 

Харин эрүүл мэндийн сургалт сурталчилгааг яаж хийвэл үр дүнтэй юм бэ?
Ер нь хүний зан үйлийг өөрчлөх боломжтой юм уу?
National Institute of Health буюу NIH хэмээх дэлхийн ихэнх анагаах ухааны нээлт гарч байдаг судалгааны төвөөс гаргасан нэг сурах бичиг байна. Theories at a glance гээд.

Энэ номноос үзэхүй, хүний зан үйлийг өөрчлөхөд 3 түвшинд нөлөөлөх шаардлагатай гэнэ. Нэгд хувь хүний, хоёрт хүн хоорондын, гуравт нийгмийн түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй. 

Хувь хүний түвшинд нөлөөлөх явцыг моделчлон авч үзвэл эрүүл мэндийн итгэл үнэмшлийн модел, өөрчлөгдөх үе шатны модел, төлөвлөгөөт зан үйлийн модел хэмээн 3 хуваадаг байна. 
Эрүүл мэндийн итгэл үнэмшлийн моделд тухайн өвчин тусах магадлал, хүндрэлийг тооцож, өөрийн зан үйлийг өөрчилсөнөөр гарах сайн үр дагавар,мөн эдийн засаг сэтгэл зүйн бэлтгэлээ хэр базаасан эсэхийг үнэлэх ёстой аж. Мөн цаашлаад зан үйлээ өөрчлөхөд түлхэц болох сэдээлт (Энэ бодит амьдрал дээр их чухал үе шат бололтой. Өмнөх тэмдэглэл дээрээ энэ талаар өгүүлсэн байгаа.), зан үйлээ өөрчилж чадна гэсэн өөртөө итгэх итгэл бүрдүүлдэг байна.
Өөрчлөгдөх үе шатны моделд зан үйлээ өрчилье гэж бодоо ч үгүй яваа үе, ер нь ойрын хагас жил дотроо нэг ингэчих юмсан гэж бодох болсон үе, бэлтгэлийн үе буюу эхний алхамаа хийсэн үе, хагас жилээс дотогш хугацаанд өөрийн хэвшлийг өөрчилж чадсан үе, хагас жилээс дээш хугацаанд амьдалын хэвшлээ өөрчилсөн үе ордог байна. Тэгэхээр хүн 6 сараас дээш хугацаагаар ямарваа нэг зан үйлээ өөрчилж хадгалж чадвал, түүнийг амьдарлын хэвшлээ өөрчилж чаджээ гэж үздэг байх нь. 
Төлөвлөгөөт зан үйлийн моделд 4 хүчин зүйлс багтдаг нь зан үйлээ өөрчилсөнөөр ямар сайн үр дагавар гарах вэ гэдэгт итгэх итгэл үнэмшил ба өөрийн муу зан үйлд хандах хандлага, бусдын нөлөө,  зан үйлээ өөрчлөхөд шаардагдах зүйлс юм.

Хүн хоорондын түвшинд нийгэм танин мэдэхүйн модел орно. Үүнд тодорхой зан үйл ба орчны хамаарал, зан үйлээ хэрхэн өөрчлөх талаарх мэдлэг, зан үйлийг өөрчилсөнөөр гарах сайн үр дагавар, хүлээлт, өөрчилж чадна гэсэн өөртөө итгэх итгэл, бусдын жишээнээс суралцах, зан үйлийг давтан хйилгүүлэх гадны сэдээлт (машины бүсээ бүслэхийг анхааруулсан дохиот систем гэх мэт) багтна. 

Нийгмийн түвшинд байгууллагын тогтолцоо, шинэ нээлт санаа оноог цааш нэвтрүүлэх, түгээх, олон нийтийн харилцааны хэрэгсэл зан үйлээ өөрчлөхөд нөлөөлж чаддаг. 
Тэгэхээр бид бүхний толгойд хамгийн түрүүнд харван орж ирдэг олон нийтийн харилцааны хэрэгсэл болох зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэл бол хүний зан үйлийн өөрчлөлтөнд нөлөөлөх зөвхөн нэг хүчин зүйл болж таарах нь. Харин алийг нь сонгож, хэрхэн эрүүл мэндийн сургалт сурталчилгаагаа явуулах нь жижигрүүлж ярьбал тухайн хүний, томруулж ярьбал тухайн улс орны шийдвэр гаргагч нараас л хамаарна.

Харин энэ бүх модель, авах арга хэмжээний эхний тулах цэг нь шинжлэх ухааны нотолгоо болж өгдөгтэй хэн ч маргахгүй буй за. Хар таамгаар биш шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой л арга хэмжээ авч үз хэмээн эпидемиологийн судалгаанууд хашигирч байгаа гээд л ойлгочих.

Эх сурвалж:
https://sbccimplementationkits.org/demandrmnch/ikitresources/theory-at-a-glance-a-guide-for-health-promotion-practice-second-edition/

Monday 16 January 2017

Амьдарлын хэвшлээ өөрчлөх "Алтан үе"


Амьдарлын хэвшлээс үүдэлтэй өвчнүүд "Амьдарлын л хэвшил"-ээс болж үүсдэг юм бол амьдарч байгаа хэвшлээ өөрчлөөд л болоо юм бишүү?
Хэлэхэд ийм амархан мөртлөө хийхэд хэцүү эд. 

Эмч хүн гэлтгүй хэлтэй амтай л бол хэр баргийн тарган хүн, архичин, тамхичныг харсан хэнбугай ч "Ууж идэхээ л больчихооч!", "Наад тамхи чинь ямар ч ашиггүй, зөвхөн илүү зардал шүү дээ, мэдсээр байж!" гэж халагладаг.
Иймэрхүү донтой хүмүүс ч биш жирийн хүн ч эрүүл байхын тулд "Уул нь өдөрт хэдхэн минут өөртөө зориулаад хөдөлчих юмсан" "Энэ кофенийхоо чихрийг багасгамаар л байна." "Үүрийн таван жингээр сэрдэг болохсон." гэх мэтээр түмэн янзын өөрийгөө өөрчлөх хүсэлд автан, энэ нь гагцхүү өөрийнх нь үйлдлээс л шалтгаалаад байгааг мэдээд байгаа хэрнээ нэг л болж өгдөггүй. 

Гэтэл зарим хүн ямар аз нь дайрдаг юм бүү мэд гэнэт л өөрчлөгддөг. Уудаг нь уухаа больж, татдаг нь тамхийг жигшиж, ууланд авирах их хүслээ гэнэт нэг өдөр л биелүүлдэг. Атаархмаар!!!
Харин үлдсэн нь "За тэр угаасаа тэмцэгч хүн л дээ" "Ганц бие юм чинь аргагүйшд, өөртөө зарцуулах цагтай." "Мөнгө л биз, арын хаалга л биз" гэх маягаар өөрөө хийж чадахгүй байгаагаа зөвтгөх мянган шалтгаан бодож олоод сэтгэлээ амраана.

Ер нь хүнд ямар үед амьдарлын хэвшлээ өөрчлөх "Алтан үе" тохиодог юм бол? Энд нэгэн ид шидийн их хүч нуугдаад байх шигээ. Энэ хүчийг хэрхэн хаанаас олж авах вэ?
Гэтэл үнэхээр энэ нь хүний мэдсэн, дуулсан, харсан, сонссонтой холбоогүй гэнэ шүү. Энэ бол зөвхөн хүн өөрийн дотоод хүчийг хэвлийдээ мэдэрч чадсан үед л тохиолддог гэнэ. Жишээлбэл үүрийн 3 цагт босоод нэг удаа ууланд авираад үз. Энэ үйл явдал нь хүний дотоод орчныг өөрчилж, гэнэтийн зүйлийг хүлээн авахад бэлтгэгдсэн бие цогцсыг бүтээдэг гэнэм. 

Одоогоор энэ талаар хийгдсэн судалгаа, шинжлэх ухааны нотолгоо алга. Гэхдээ ямар ч сэтгэл зүйч амьдарлын хэвшлээ өөрчлөхөд бага багаар биш шууд л эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэхээр яаж аливаа үйлдлийг шууд эхлүүлэх, түүнийгээ удаан хугацаанд тогтоон барих вэ гэдэг л гол асуулт юм. Үүний тулд бие махбодио гэнэтийн цочролд оруулж, тархинд нь санах ой суулгаж өгсөнөөр цаашдын зорилтот үйлдлийг хийхдээ төвөгшөөхгүй болдог байна.

Богино боловч, туршаад үзэхэд гэмгүй, судлаад үзэхэд нааштай мэдээлэл танд өгөх гэж зорьлоо өнөөдөр!


Эх сурвалж:
http://forbesjapan.com/articles/detail/14591