Tuesday 26 July 2016

 Гурван үг

Меланиа трамп гэж нэг өөрөө өөрийгөө хутгалдаг эмэгтэй байна. Нөхрийнхөө ерөнхийлөгчийн кампанит ажил дээр давхиж очоод, найман жилийн өмнөх Мишел Обамагийн илтгэлээс бүхэл бүтэн хоёр догол мөр хуулж аваад илтгэсэн байна. 
Плажиаризм гэж юу вэ?
Мастерынхаа ажлыг хийх гээд диссертаци бичиж байхдаа плажиаризмтай анх танилцаж билээ. Хүмүүс янз бүрээр л үүнийг тодорхойлдог. Гэхдээ яг хаана хүртэл хуулбал өршөөгдөөд, хаана хүрэхээр цээрлэгдэх ёстой нь нэг л шуудхан бууж өгөхгүй байлаа. Ганц тодорхой хэлж өгсөн юм нь хэрэв плажиаризм хийгээд баригдвал чиний эрдэм ном хөөх зам чинь дуусаа гэдэг зүйл. 
Монголд анагаахад сурч байхад реферат бичихдээ багш нарын номыг нэг байтугай нэлээн хэдэн параграфийг тэр чигээр нь хуулаад хашлаганд хийгээд хуулсан номынх нь нэрийг тавьдаг байж билээ. Ингэхлээр нөгөө номоо хуулуулсан багш нь их баярлана, надад их талтай хандна. Өөрийнх нь номыг ишилсэн байна гээд сайшаана. Би ч өөрийгөө аягүй дажгүй биччихлээ гэж андуурна.
Харин манай Жонс Хопкинсын Их сургуулиас ирсэн Япон удирдагч багш маань тов тодорхой хэлж өгч билээ. Гурван дараалсан үг.
Ердөө л энэ. Хэрэв чи гурван дараалсан үг хэн нэгнээс хуулах юм бол энэ бол плажиаризм. Аймшигтай байгаа биз? 
Үнэндээ гурван дараалсан үг тухайн өгүүлбэрийн, бүр цаашлаад тухайн судалгааны ажлын гол цөмийг илэрхийлж чадах увидастай. Чи хичнээн хайгаад тэр хүний сонгож бичсэн гурван үгнээс өөр тохирох үг олж чадахгүй байх тохиолдол олонтаа гарна. Гэвч дүрэм юм хойно орлуулах үгийг олж л таараа. 
За тэгэхээр танд одоо Меланиа Трамп хэрхэн агуу тэнэгтсэн нь бууж ирж байгаа биз? Тэр энэ үйлдлийнхээ төлөө олын өмнө гарах нүүргүй гэсэн үг. Ядаж л эрдэм шинжилгээний салбарт тийм байх ёстой.
Гэтэл юу вэ???
Трампын сонгуулийн кампанит ажлынхан үүнийг Трампыгаа магтах сайхан зэвсэг болгон ноён хөзөр үзүүлэх нь тэр. Яасан гэхээр тэр илтгэлийг нь олон жилйн хамтран зүтгэгч, үнэнч бичээч найз ажилтан нь бэлдэж өгсөн юм байх. Тэгээд найз ажилтан яахавдээ том тэнэгтсэнээ хүлээн зөвшөөрөөд ажлаас халах өргөдөл өгсөн юм байх. Тэгсэн Трамп ах олон жилийн итгэмжлэгдсэн харилцаа, нөхөрлөлийн үнэ цэнээ илүүд үзэж түүний ажлаас халах өргөдлийг хүлээж авах нь бүү хэл, намтар түүхийг нь дурайтал бичиж интернэтэр цацаад өөрийгөө энэхүү явдалд хэрхэн уужим хандаж, нөхөрлөлөө хэрхэн үнэнчээр хадгалж чаддагаа дэлхий даяар сурталчлаад авав.
Хорвоо дэлхий ингэж л эргэдэг юм байна. Дүрмийн дагуу тоглож, ямар ч алдааг боломж болгон ашигла гэдгийн жишээ энэ буюу. 

Эх сурвалж:
http://www.nytimes.com/2016/07/21/us/politics/melania-trump-speech-meredith-mciver.html?_r=0
http://www.cnn.com/2016/07/19/politics/melania-trump-michelle-obama-speech/

Thursday 14 July 2016


Жон Мэний бичсэн The Leadership Secrets of Genghis Khan гэдэг номыг уншиж дуусгалаа. Тэр бол анхдагч байсан, олон зүйл дээр. Яагаад гэдгийг нь би одоо тайлбарлая. Гэхдээ бүх хүний мэдэж байгаа замаар биш. 
Би түүний санаачилсан тогтолцоог эрүүл мэндийн салбарт хэрхэн буулгаж болох бол хэмээн бодож сууна. 
Удирдагч байх ухаан №1.
Олонд хүргэх мессэжээ хяна. 
Чингис нас барахынхаа өмнөхөн Монголын Нууц Товчоог бичих тушаал гарган, өөрийгөө тэнгэр заяат хэмээн тэмдэглүүлж үлдээсэн байдаг. Энэ хэдийгээр абстракт сонсогдож байгаа ч тухайн үедээ энэ мэссеж  түүний байлдан дагуулалтын гол зэвсэг болж чадсан юм. Бүх зүйл тэнгэрийн тааллаар болдог, хэрэв тэнгэр та нар луу намайг илгээсэн бол та нар Тэнгэрийн гэсгээлийг хүртэх хувьтай байж хэмээн Хорезмыг эзлэх үедээ тунхаглаж байсан гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт энэ яаж буух вэ?
Эрүүл биед саруул ухаан гэж Монголын маань сайхан үг бий. Эрүүл байж гэмээнэ толгой чинь ажиллана, толгой чинь ажиллаж гэмээнэ мөнгө олох чадвартай байна, мөнгө олж гэмээнэ амьдрал чинь дээшилнэ, амьдрал чинь дээшилж гэмээнэ улс чинь хөгжинө. Тэгэхээр эрүүл байх бүхний үндэс мөнөөс мөн. Манай аялгуу сайхан Монгол хэлэнд аль хэдийн энэ чухал мэссеж суугаад өгсөн байна. 
Удирдагч байх ухаан №2.
Шүүмжлэлийг хүлээж ав. 
Тэмүүжин багадаа эх нэгтэй Бэгтэр ахыгаа харваж хороодог тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Зарим судлаачид түүнийг өшөө авах, алаан хядлагын донтой,  багаасаа цус нэгт ахыгаа хороож байсан сэтгэцийн өвчтэй гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл тэр Монголын нууц товчоог өөрөө захиалж бичүүлсэн юм бол яагаад энэ гашуун явдлыг нуун дарагдуулаагүй юм бэ? Яагаад гэвэл тэр зэмлэлийг хүлээн авч өөрийгөө засч залруулах чадвартай, сэтгэл зүйн тэвчээр асар өндөр хүн байсан болохоор тэр. Тэр Өүлүн эхийнхээ зэмлэл, сургаалийг хүлээн авч, хийсэн үйлдэлдээ насан эцэслэтлээ харамссан болхоор л энэ түүхээ хэнээс ч нуугаагүй юм. Харин ч үүнийгээ цаашдын гаргах шийдвэрүүдийнхээ гол үндэс суурь болгосон юм. Атаа хорсол, сэтгэл хөдлөлдөө бүү авт, гол зорилгодоо анхаарлаа хандуулж шийдвэрээ гарга гэдэг том сургамжийг тэр арван хоёр настай байхдаа амьдралаас мэдэж авсан юм. Эрүүл мэндийн салбар, ер нь аль ч салбарт ч адил. Болохгүй байгаа асуудлыг хүлээн зөвшөөрч сур, буруу шийдвэр гаргасандаа гэмшиж сур, харин тэгээд залруул.
Удирдагч байх ухаан №3.
Алсын хараатай бай.
Чингис Хаан тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулах явдал нь түүний анхны зорилго байв. Харин тэр энэ зорилгодоо хүрчихээд л зогссон бол дахиад л дотоодын хагарал, хаан ширээний тэмцэл дуусахгүй байсан биз. Түүний оронд Чингис Монгол гэсэн нэрийн дор нэгдсэн овог аймгуудад бүгдэд таалагдах, тэднийг нэгэн цул болж нэгтгэх алсын хараатай зорилгыг нөхцөлдүүлсэн юм. Тэр нь Монгол үндэстнээр дэлхийг удирдуулах. 
Эрүүл мэндийн салбарын алсын хараа юу вэ? Мэдээж бүх хүн эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэж, нэг ч хүн үлдээлгүйгээр эрүүл амьдрах. Тодорхойлоход хамгийн амархан мөртлөө тогтоох бараг боломжгүй эд. Гэхдээ энэ алс хэтийн бодлого мэдээж бүх хүний сэтгэлд нийцэх нь дамжиггүй. 
Удирдагч байх ухаан №4.
Амалсандаа хүр.
Юу ч болж байсан, хэрвээ чи лидер л юм бол хэлсэн үгэндээ эзэн бол. Чингис хаан Мэргэдүүдэд Бөртэ хатнаа алдчихаад Тоорил Вангийн туслалцаатайгаар авааль эхнэрээ буцааж авдаг. Харин энэ үед Бөртэ бие давхар болчихсон байдаг ч Чингис хаан нэгэнт л өөрөө шийдэж Бөртэгээ авч байгаа хойно энэ фактыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үнэндээ тэр эрх мэдэлтэй хүний хувиар ямар ч шийдвэр гаргаж болох байсан. Гэвч тэр болсон нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авч төрсөн үр Зүчээ өөрийн үр хэмээн хайрлаж өсгөсөн байдаг юм. Энэ нь ч Чингисийн албатуудын түүнд хүндэтгэл хайраа өгөх бас нэгэн том шалтгаан болж өгсөн байна.
Эрүүл мэндийн салбарт хүний амийг аварна, хүнийг бие махбодь, сэтгэл зүрхний хувьд илааршуулан, хувийн нууцыг чандлан хадгална гэж эмч та тангараг өргөсөн бол няцаж үл болно. Аливаа хүнийг мөнгөтэй төгрөгтэйгээр нь, нөлөөтэй, эрх мэдэлтэйгээр нь, эсвэл өөрийн, хүнийхээр нь ялгаж эрүүлийг хамгаалах юм бол та анагаагч биш алуурчин болсонд өөрийгөө тооц.
Удирдагч байх ухаан №5.
Хатуу хөтүүг өөр дээрээ үүр. 
Сайн лидер амжилтыг аз хөтөлсөн гэж үздэг боловч, уналтыг өөрсдөө хариуцдаг. Чингис хаан нөхөдтэйгээ хамт дайтаж, өөрөө хэзээ ч хойш сууж байгаагүй юм. Тэр байлдаан дунд орж, цэргүүдтэйгээ нэгэн тал, тэдний төлөө өөрийгөө бүрэн зориулж байгаа гэдэгээ мэдрүүлж чаддаг байв. 
Энэ чанар Эрүүл Мэндийн Яамны сайд хүнд тохирно. Хэрэв эрүүл мэндийн салбарыг хариуцаж л байгаа бол тэр үед улаан бурханы дэгдэлт гарсан, нялхас хэдэн арваараа нас барсан бол сайд үүнд хариуцлага үүрэх ёстой. Харин энэ манайд эсрэгээрээ, аль доод албан тушаалтны л буруу болоод өнгөрөх жишээний. 
Японд энэ үзэл бүрэн утгаараа хөгжсөн байдаг. 2011 оны цүнамигаас болж Фүкүшимагийн цахилгаан станцын осолд өөрийн хийж чадах бүх зүйлийг хийсэн боловч, бэлтгэл муу базаасан, тохиромжтой арга хэмжээг авч чадаагүй гэдэг шалтгаанаар тухайн үеийн ерөнхий сайд Наото Кан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон байдаг. Иймэрхүү жагсаалт Японд бараг хэвийн үзэгдэл мэт хөвөрнө. 
Удирдагч байх ухаан №6.
Өөрийн сул талаа мэд.
Чингис хаан хэдийгээр бичиг үсэггүй нэгэн байсан боловч, их засгийг удирдахад бичиг үсэг, боловсрол юу юунаас ч илүү чухалыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байв. Тэр анх Уйгарын Тата-Тунгагаар Монгол бичгийг зохиолгож, уйгаржин бичгийг авч Монголжуулсан байдаг юм. Энэ бичиг өдгөө бидний өв соёлын ямар агуу үрийг үлдээв дээ. Чингис хаан боловсрол мэдлэгийг дээдэлдэг, прагматик үзэлтэй хүн байсан болохоор Хятад ч бай, Уйгар ч бай хамаагүй номтой эрдэмтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн зөвлөгөө, сургаалийг нь хүлээн авч өөрийн засаглалд гярхайгаар тусгаж авсан байдаг юм. Менежментийн том урлаг.
Харин Монголын эрүүл мэндийн салбарт инээх ч хэцүү, уйлах ч хэцүү нэгэн үзэгдэл байдаг. Юу вэ гэхээр аягүй том ярьна. Зорилго гээд хэдэн сарын өмнө бичсэнээ хэдэн сарын дараа биелүүлчихлээ гэж зарлан тунхаглана. За юуны тухай яриад байна вэ гэхээр нэг жишээ дурьдъя. Манайхан эх нялхасын төв эмнэлэгт чухам сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй мундаг лаборатори бариад, дэлхийн жишигт нийцсэн судалгаа шинжилгээ хийхээр боллоо гэдэг. Начир дээр нь очоод үзэхээр боловсон хүчин нь уул нь байна. Гадаадад доктороо хамгаалсан, олон эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шижигнэсэн сайхан залуус нь байна. (Дашрамд дурдахад тэдний өчүүхэн цалингаа юман чинээд тоолгүй, зөвхөн эх орноо гээд ирсэн сэтгэлд нь алга ташья!) том том тусламжаар авсан багажнуудын зарим нэг нь байна. Харин нөгөө урвалж бодис, байнгын ажиллагааг нь хангах жижиг багаж хэрэгсэл, эсийн сан, туршилтын амьтны үржүүлэг энээ тэрээ юу ч байхгүй. Өрөө гаргаад өгчихсөн, өнөө муу залуусыгаа ийм тийм юм хариуцсан дарга, захирал гээд том гуншин цоллочихсон, ингээд цаашдыг нь та нар өөрсдөө хийцгээ гээд орхичихсон, тэгээд түүндээ дарга нар нь сэтгэл ханачихсан. Тийм тийм юм үздэг, яасан ийсэн лабораторийг байгууллаа гээд зарлан тунхаглаад, бүр нээлтээ хийгээд, туузаа хайчилчихна. Манайхан баярлах тэмдэглэхдээ хэнээс ч дутахгүй. Сэр л дээ.
Чадахгүй байгаа юмаа чадахгүй байна гээд хэлж суръя, хэт том зорилго бүү тавь, наад захын шаардлагатай шинжилгээнүүдээ бүх эрүүл мэндийн төв, хөдөө орон нутгууддаа хүргэе. Тэр сумдад багаж нь байсан ч юу үздэгийг нь хариуцсан хүн нь өөрөө мэдэхгүй байна. Жирэмсэн эхэд юу юу үзээд явуулахаа ч гадарлахгүй байна. Нөхцөл байдал ийм л байна. Дутагдлаа бодитоор харъя. Тэгээд чаддаг хүмүүсээс нь тусламж авъя. Хийрхэж, нэр хүнд олж авах, тууз хайчилахаа урьтал болгохоо л больчихъё.
Удирдагч байх ухаан №7.
Удирдагч хүнд үнэнч албат хэрэгтэй. 
Хүмүүсийг өөртөө үнэнч байлгахын тулд яах ёстой вэ? Өөрийгөө үнэнч гэдэгийг харуул. Чингис хаан Жамуха андтай байр суурь булаалдан эе эвдрэлцсэн ч, түүнийг өөрт нь барьж ирээд тушаасан албатуудыг цаазаар авсан юм. Тэр урвалт хүний хамгийн дорд чанар гэж үзэж, үүнийгээ ч олон янзаар батлан харуулж, өөрөөс нь урвабал юу болохыг ардын сэтгэлд гүнзгий хадаж өгсөн юм. Гэхдээ нөгөөтэйгүүр тэр өөрийг нь дагавал ямар ашигтай болох, Чингис хаан түүнийг ямар хувь тохиолоор шагнаж болохыг ч харуулахаа мартаагүй юм. Тэр цэргүүддээ дайн байлдааны олзноос авахуулаад, өндөр албан тушаал, шан харамжаар бялхуулж, тэдний үнэнч сэтгэлийг өөртөө татаж чаддаг байсан юм. 
За энэ ч тодорхой байлгүй, эмч нарын өвчтөний итгэлийг олж авахыг хэлж болох байх. Нууцыг чандлан хадгалж, өвчтөндөө өөрийгөө мэдлэг чадвартай, эмгэг хуучийг нь илааршуулах увидастай гэдэгээ мэдрүүлж гэмээнэ сая өвчтөн эдгэрч байна гэж өөрийгөө боддог. Энэ итгэлийг яаж олж авах вэ? Нэгт харилцаа хандлага, хоёрт мэдлэг чадвар. Аль алинд нь чармайлт хэрэгтэй. 

(Үргэлжлэл бий.)

Эх сурвалж:
https://www.theguardian.com/world/2011/aug/26/naoto-kan-resigns-japan-pm
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
http://www.kuriositas.com/2013/04/genghis-khan-rides-again-huge-statue-of.html

Tuesday 5 July 2016


Англи Европын холбооноос гарах шийдвэрийг гаргалаа. Европын Холбоо нь нийт 28 орныг нэгтгэсэн эдийн засаг улс төрийн нэгдмэл холбоо байсан юм. Одоо Английн олон нийтийн санал асуулгаар шийдэж орхисон энэхүү шийдвэр зөвхөн Англичууд өөрсдөөс нь гадна даян дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бол?

Хамгийн түрүүнд мэдээж цагаачлалын асуудал гарч ирнэ. Английн эрүүл мэндийн систем цэвэр засгийн газраасаа санхүүждэг. Тэгээд Англичууд цагаачдаа ад үзээд байдгийн нэг шалтгаан нь тэднээс болоод эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардал ихэсчихлээ гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн арваад жилд цагаачлагч нар Англид эдийн засгийн том дэмжлэг болж өгсөн байдгийг University College London  сургуулийн судалгааны баг тогтоосон байгаа юм. Үнэндээ тэдний эрүүл мэндэд зарлагадсанаас 34%-р илүү орлого оруулж өгсөн байна. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатайг төсөв хариуцсан албаныхан мэдээлж. Энэ цагаачдаас үүдэлтэй эдийн засгийн эерэг  хөрөнгө оруулалтаас гадна, эрүүл мэндийн боловсон хүчний том нөөц аль хэдийн үүсчээ. Англид нийт эмнэлгийн ажилтны 10%, эмч нарын 30%-г цагаач нар эзэлж байна гээд боддоо. 

Одоо нөгөө талаас нь харъя. Румин Улс. Энд эмч нарын илүү цагаар ажилласан хөлсийг сарын цалинд нь багтааж тооцох юм бол цагт ердөө 1лев, Монгол мөнгөөр 300 төгрөг, ганц цэвэр ус аваад уучихаж ч чадахгүй мөнгө. Мэс засал хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй яг энэ цалингаа л авна. Румин бол Европын холбоонд багтсан хамгийн ядуу 10 орны нэг. Тийм болохоор эмч нарын урсгал Европын оронд багтсан цагаас эхлэн зогсохоо байсан. 1990 онд улсын хэмжээнд 60аад мянган эмч тоологдсон бол  2014 онд түүнээс 20 мянга гаруй нь арилаад өгсөн байна. Дандаа 20-30 насны залуу эмч нар Англи, Франц, Герман луу гараад өгч.
2013 онд Европын холбооноос явуулсан судалгаагаар Румин иргэдийн 28% нь эмчид хахууль өгч үзсэн гэсэн тоо байна. Тэгсэн тухайн үед ерөнхий сайд байсан Виктор Понта гэдэг нөхөр "Эмч нарын авилгалыг хуулиар зөвшөөрч, татвар ноогдуулна. Авилгалтай тэмцэх гэж зүдэрсэнээс албан ёсны болгочихоод татвар аваад суусан нь хамаагүй ач холбогдолтой" гэж санаачлага гаргасан ч мэдээжийн хэрэг батлагдсангүй. Гэхдээ энэ орны эмч нарын нөхцөл байдал ямаршуу хэмжээнд хүрчихээд байгааг хэлээд өгөв.
За тэр ядарсан Румин эмч нар ч яахав өөрсдөө хэлээ сайжруулчихвал сайхан газар очоод 10 нугалсан их цалин авах боломжтой юм байна. 

Харин Монгол?
Сарын дундаж цалин 621 мянган төгрөг буюу 415 ам.доллар. Бас л илүү цаг энээ тэрээгээ бодвол хэцүүхэн л тоо гарна. Авилга гэж дийлдэхээ больсон. Мянган хүнд хийсэн судалгааны дүнгээр 57.2% нь эмч нарт хахууль өгч үзсэн гэж байгаа.  
Тэгээд манай эмч нар ямар Европын холбоонд багтсан биш тийшлэх ямар ч нүх сүв байхгүй. Тийшлэх байтугай ийшлээд ойр хөрш, Азийн орнууддаа очоод ч эмчийнх нь лиценз хүлээн зөвшөөрөгдөхгүй. Ер нь хаашлах ч үгүй. Гадаад явмаар байгаа бол нэг бол судлаач болоод, эрдмийн мөрөө хөөгөөд явах. Эсвэл Монголдоо үлдээд хамаг амьтны шүүмжлэл, гологдлын бай болоод, дээрээс нь бас ус аваад уучихаж ч чадахгүй цалингаараа амьдрах сонголттой. Арай нэг дөнгүүрүүд нь борооны дараах мөөг шиг олшроод байгаа хувийн эмнэлгүүдэд ажиллах байх. Тиймээс Монголд эмч нарын тархины урсгал бол харьцангуй гайгүй байхаас аргагүй. 
Гэхдээ хаана хүн байна тэнд өвчтөн байдаг л хойно бид хэдэн эмчээ гоочлохоосоо өмнө сурах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх нөхцөл, эмнэлгийн орчинг сайжруулах, амьдарлын баталгаатай цалингаар нь хангачихаад дараа нь муусайн хэдийгээ шүүмжилж баймаар байна. Энгийн хүмүүс хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломж нь ч алга, нөхцөл нь ч алга. Нийт ард түмнээ бодоод эмч нарыгаа өөд нь татмаар байна. 



Эх сурвалж:
http://blogs.plos.org/globalhealth/2016/06/brexit-and-global-health/
http://globe.asahi.com/feature/article/2016062900005.html?page=2
http://www.assa.mn/content/16606.shtml?a=social
http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4472
http://www.globalresearch.ca/why-there-will-probably-be-a-second-referendum-on-brexit/5533705
Өнөөдөр би  70 хүнд мэс засал хийчихлээ. Нүдний давхраа хийхэд л 3-4 минутанд 1200 доллар, уруул нимгэлэх нэг хагалгаа гэхэд л 1500 доллар, хамар өндөрсгөхөд 3500 доллар гэх жишээний.
Ямар үнэтэй юм бэ гэж хүмүүс дуу алддаг ч 40 жилийн турш огт үнээ өөрчилсөнгүй. Гоо сайхны мэс засал бол хүний өөрийнх нь сонголт учир сүүлийн үеийн мэдлэгтэй, чадвартай эмч бол цөм хийх боломжтой чөлөөт өрсөлдөөний ертөнц юм.  Чадвар дорой ч сайн ч байсан ялгаагүй ижил цалин авдаг улсын эмнэлгээс өөр. 
Манай Такасү Клиник  жилдээ 60 сая долларын орлого олдог. баян хүмүүсээс их мөнгө авдаг болохоор л бусад хүмүүст үнэгүй үйлчилж чаддаг.  Эмчийн буян гэж үүнийг л хэлнэ. Газар хөдлөлт, цүнамигийн их гамшигийн үеэр гамшигт нэрвэгдэгсдэд үнэгүй үйлчилгээ үзүүлж байлаа. Сэвх, үрчлээг нь арилгаад, залуужуулаад өгөхөөр л сэтгэл нь сэргэж амьдрах урам зориг нь оргилоод ирж байгаа юм. Гоо сайхны мэс засал чинь үнэндээ гайхамшигтай эмчилгээ юм шүүдээ. 
Хүмүүс намайг төрөлхийн авъяастай төрсөн, эмчийн лицензгүй нэрт мэс засалчийн тухай өгүүлдэг Black Jack зохиолын баатартай адилтгадаг. Би харин түүнийг үзэн яддаг. Нэгт эмчийн лицензгүй хүн үзнэ гэж юу гэсэн үг вэ, хоёрт төрөлхийн мэс заслын авъяас гэж байдагүй юм, олон удаагийн алдаа оноо хийж байж сая мэс засалчийн гартай болдог юм. 
Би чинь ердөө 7 хоногт 2 өдөр л гоо сайхны мэс засалч хийдэг хүн. Бусад өдөр нь хөдөө байдаг хөгшчүүлийн асрах газраа удирдаж ажиллуулдаг. Бүгдийг нь даатгалаар үздэг. Гэхдээ өөрийн санаснаар чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тусам алдагдалд ордог. Үүнийгээ би гоо сайхны мэс заслын эмнэлгээсээ нөхөж авдаг болохоор дампуурдаггүй юм. 
Миний хувьд мөнгө бол цустай адил. Хүн амьд явахын тулд цусаа байнга эргэлдүүлэх шаардлагатай, хэрэгцээнээс ихэдсэн цусаар хүн яах ч юм билээ. Тэрийг хураагаад нөөцлөөд байх шардлага байхгүй. Одоо тэгээд 71 хүрчихлээ, юу л байна мөнгө байна. Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлах, Төвдөд сургууль барьж өгөх, хөгжиж буй оронд эмчилгээ үнэгүй хийж өгдөг эмч нарын санд эмчилгээний өрөө бэлдэж өгөх мэтээр нийгэмд хувь нэмрээ оруулах ажлыг хийгээд л явж байна даа. 
Такасү Клиникийн захирал Такасү Кацүя
Эх сурвалж: http://globe.asahi.com/feature/article/2016062900007.html