Tuesday 30 May 2017

Бөөрөө бөгсөнд цээрээ цээжинд атугай



Г. Аюурзанын Тэнгэрийн Судар үнэхээр уншууртай ном юм, гэхдээ яавч хөнгөн биш. Зүгээр гүйлгээд уншчихаж барахгүй эд. Монголын нууц товчоог мань мэт нь хэлцийг нь ойлгож төвдөхгүй, ойлгох гээд хүчлээд ч нэмэргүй. Харин Тэнгэрийн Судар бол агуу Монгол хэлний үүх түүхийг, бас соёл дурсгалтай, мөнхүү хаадын тэмцлийг баатарлаг туульстай нь хамт өгүүлдэг гайхамшигт зохиол юм гэдгийг зохиолч абугайн нүдээр бэлэн будаа идэж чадахаар. Ямар ч байсан нууц товчоог бардаггүй юмаа гэхэд Тэнгэрийн Судараас тоймыг нь багцаалаад авчихад гэмгүй бас гарцаагүй. 

Энэ номон дээрээс Монгол нүүдэлчдийн эртний аман яриа, хэллэгүүдийг өнөөгийн залуус бид идэвхитэй хэрэглэж чадвал, аялгуу сайхан Монгол хэл маань хэчнээн яруу тансаг, бас утга төгөлдөр сонсогдох вэ гэж төсөөлөн төсөөлөн уншиж дуусгалаа.

Тэгээд энэ дээрээс та бид яриандаа хэрэглэж болохоор үгсийг нь түүвэрлэж авсаныгаа толилуулахаар шийдлээ. Тэгж чадах аваас эх хэл минь сэргээгдэх түүхэн үйлст хувь нэмрээ оруулах нэг алхам болж чадах нь дамжиггүй. Яагаад энэ алхам тийм чухал вэ гэжүү?

Яагаад гэвэл эх хэл үгүй болбол тухайн соёл мартагдаж, үндэстэн бүхлээрээ устаж алга болдог түүхийн гашуун үнэн цөөнгүй байна. Бид 800 жилийн өмнөх хэлээ ойлгохгүй шахуу болчихоод байна, үүнийг та нууц товцооныг сөхөж үзээд л гадарлана. Дээрээс нь бид эх хэлэндээ хэрхэн гадаад үг хольж ярьж, Монгол үгсийн сан маань өдрөөс өдөрт залуусын үгийн баялгаас нэг нэгээр хасагдаад байгааг олон нийтийн сүлжээгээр та харж, мэдэрч суугаа. Харин энэ хооронд эртний Монгол хэлээ судалж, тайлбарлаж, нийтийн хүртээл болгож чаддаг хүн Монголд хэд байгаа билээ? Ингээд тоочвол гуниг хурмаар санагдавч, Ринчин абугайн бичиж үлдээснээр "Босоо бичгээ хараад өөдлөн дэвжихийн хувьтайд" нь үргэлж итгэдэг дээ.

 За ингээд жагсаалтаа эхэлье.

Саваа шандас, унгас мяндас- унгас савж буй хүнд хэлэх ерөөл, мэндчилгээ
Үйл бүт- оёж мэтгэж суугаа хүнд хэлэх үг
Үнээ сүүтэй- сааль сааж буй хүнд
Тийн атал- түүний хойно
Энд атал юун- энд юугаа хийж байх вэ?
хуулилах- хууль журманд оруулж эмхлэх
хээлээ өлсөмсөр- өлөн гэдэс биед амар
цэгээн- тэнгэрийн өнгө
урианхайдай, бэсүдэй- урианхай эр хүн, бэсүд эр хүн
урианхайжин, бэсүжин- урианхай эмэгтэй, бэсүд эмэгтэй
амиа хорго- амиа авар
орчих- эргэлдэх
үгэ- ноён
үжин- хатан
нотун- бат нот
цээл усан нядарлаа, цэгээн чулуу цуурлаа- цээлийн ус тасарлаа, цэгээн чулуу бяцарлаа
надаар гэсхээгтүн- надаар зогсоо, би сүүлийн хүн нь байг
бөөрөө бөгсөнд, цээрээ цээжинд атугай- хайр дурлал, үйл хэрэг хоёроо ялгаж салга, эм хүнээс болж эрүүл ухаанаа бүү алд
нэлхэй- нэхий өлгий
жишин ажгуу- санаархах ажээ
эдүгээ юун хэмээх- өнгөрсөн хойно нь халаглаад яахав
ой нь орж, сэтгэл нь сэнтрэх- ой дурсамж нь ихэсч, сэтгэл хөдлөл нь багасан хөгшрөх
сүүрлэх- сүүрс алдах
чиний мэт үл сэтгэн- өөрийн юм шиг бодож
манагар- маргааш эрт
үг баралдах- ярилцаж тохиролцох
цагт нөхөр- цаг зуурын найз
урт дурын хүмүүн- чөлөөт ард
мэт дүрийн хүн- зөвхөн тийм төрлийн хүн, элит
нарийн авирт- ааш цочмог
цул улцуур- доромж үг
эхийнхээ сүүн зүрхийг ээдүүлэх- эхийгээ гомдоох
одтой тэнгэр орчих- үймээн самуунтай байх
ил болго- батлав
ил хийгээд булха иргэн- дагасан хийгээд дайсан этгээд




Эх сурвалж: 
Г. Аюурзана. Тэнгэрийн Судар. Улаанбаатар 2016












Tuesday 16 May 2017

Сайхан таатай намуухан маасай



Нью Иоркчуудын сэтгэл зүйн гарын авлага  гээд л хошуурцгаагаад байдаг Eat Pray Love гээд номыг та уншсан л байх. Бясалгасанаар зохиогч эмэгтэйд гайхамшигтай өөрчлөлт, аз жаргал, баяр баясал хэрхэн ундарч, амьдралыг нь аварч байгаа тухай гардаг ном. 

Хэдийгээр зохиолч эмэгтэй (Elisabeth Gilbert) хэрхэн үнэмшмээр, ойлгоход амарханаар бясалгалын ач тусыг тайлбарлаж, өөрийн амьдрал дээрээ бодитоор жишээ аван ухуулсан ч надад нэг л зөөлрүүлж хэлбэл ид шидийн, хатуудуулж хэлбэл мунхруулгын шинжтэй л ойлгогдоод болдоггүй. 

Тэгээд өөр дээрээ ч туршиж үзлээ л дээ зарим нэгээс нь. 

Үгийн хүч!
Хүн өөрийн хүсч байгаа зүйлийг яг тэр чигээр нь тодоор чангаар хэлж байвал хувь заяаны молекулууд нийлээд, чиний бодож байгаа хүсэлрүү бодитоор чиглүүлж биеллээ олно гэх маягийн зүйл. 

Тэгээд би ингэж туршиж үзэв. Надад хариугаа өгөхгүй удаагаад байсан эрдэмтнийг нааштайгаар хариугаа өгч энэ асуудал маань дуусах болно гэж би чангаар хүнд сонсогдохоор өглөө нь гэрийхэндээ хэлж үзэв. Ямар өөрөө өөртэйгээ ярилтай нь биш.
Гэтэл үнэхээр өчнөөн долоо хоног хүлээлгэсэн хүн маань тэр оройноо л хариугаа ирүүлдэг байгаа.

Би ч гайхаж, бага зэрэг итгэж эхлэв. Гэхдээ мэдээж тохиолдол байж болно. Хамгийн гол нь тохиолдол ч бай юу ч бай бодол хүслээ дотроо биш дуу гаргаж хэлсэнээр миний чихээр өөрт сонсогдож би өөрөө бухимдуу, байнгын хүлээлттэй байсан нь тайлагдаж, тайвшрах хүч өгсөн мэт.

Иймэрхүү гэнэн мунхруулга маягийн зүйл та энэ номон дээр маш үнэмшилтэйгээр бичигдсэнийг олж үзэх болно. Та өөр дээрээ зарим нэгээс нь бас туршаад үзээрэй.

Тэгээд би бодлоо л доо. 
Ер нь бясалгал гээд л зарим хүмүүс их сүжирнэ, тэр хүмүүс бяслаг идэх дуртай ч юм шиг, тэр хүнээс бяслагны үнэр үнэртэх ч юм шиг. Бяслаг шиг хөнгөн зөөлөн, цагаан зүйл л байдаг байх тэр бясалгал чинь гэх мэтээр төсөөллөө. 

Харин сүүлийн үед энэхүү бяслаг биш бясалгал гэдэг зүйл чинь үнэхээр хүний бие дэх теломеразын үйл ажиллагааг идэвхижүүлж балансыг нь барьдаг гэдэг судалгаа хүчээ авч байгаа гэнэ шүү. Бүр тийм судалгаа өчнөөнөөр байна. Юун хэцүү Тэ Мэ-тэй үг яриад эхэлвээ гэж битгий тээршаагаарай. Их амархан эд. 

Хүний биеийн хромосомын төгсгөлд, одоо, малгай гутал маягаар теломер гээд таг шиг зүйл байдаг гээд л ойлгочих. Энэ нь теломераз гэдэг энзимийн тусламжтай нийлэгждэг.
Теломер тэгэхээр яг л малгай гуталны үүрэгтэй ижил, хромосомыг элэгдэж, бохирдож, муудахаас хамгаална. Тэгээд эсийн үхлийн цаг болохоор теломер богиносож эсийг үхүүлэх болно. Харин ид үед нь теломераз идэвхитэй ажиллаж теломерийг байнгын сэргэг байлган эсийн эрүүлээр хуваагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл залуу сайхан, стрессгүй байлгана гэсэн үг. Харин эсрэгээрээ байнга хуваагдаж олширч байдаг учиртай хавдрын эсүүдэд теломеразын идэвхижил маш их байдаг. Теломеразын нээлтээр ирээдүйд хүний хөгшрөлтийг зогсоох, эсвэл хавдрын эсийг идэвхигүйжүүлэх эмчилгээний асар том боломж байна гэж шуугицгааж байна. Үүнийг нээсэн эрдэмтэн нь нобелийнхоо шагналаа ч аваад амжсан. Дашрамд дурдахад уг эрдэмтэн нь эмэгтэй хүн шүү.

За тэр ч яахав, тэгэхээр теломераз ихдээд ч хэрэггүй багадаад ч хэрэггүй эд байх нь. Энэ гайхамшигтай балансыг олгож өгдөг нэгэн онцгой арга нь өнөөх л нэг эрүүл зөв нойр, хоол, хөдөлгөөн гурав дээр чинь нэмэгдээд бясалгал, хүн хоорондын харилцаа гэж байгаа юм. 

Бясалгал хийснээр теломераз идэвхижих үү гэдгийг Калифорнийн их сургуулийнхан тодорхой баясалгалын аргыг эмнэл зүйн туршилт судалгаагаар туршсан байна. Гэтэл бясалгал хийсэн эмчилгээний бүлгийнхэнд теломераз нь 43%-р идэвхижсэн гэж гараад ирж. Ердөө 2хон сарын дотор өдөр бүр 12 минут энэ бясалгалыг хйлгэсэн гэж байгаа юм.

Яасан? Та ч бас хийж үзмээр болчихов уу? Юмыг яаж мэдэхэв дээ, их л тайвшруулдаг, стресс тайлдаг ид шидтэй арга гэцгээх юм. Үзээд алдахад юу л унав гэж тээ?

Яг ямар бясалгал вэ гэж үү?
Эрхий хуруугаа бусад хурууныхаа өндөгтэй ээлж дараалан нийлүүлж, СА ТА НА МА гэж хэлэх юм байна. Мэдээж бясалгаж байгаа хүн юм чинь бяслаг шиг сайхан хөнгөн зөөлөн таатай зүйл дотроо төсөөлнө. 
Са Та На Ма-- Сайхан Таатай Намуухан Маасай!!!
Яаж хийхийг эндээс харж болно.
https://www.youtube.com/watch?v=jfKEAiwrgeY

Сайхан таатай намуухан маасайж, теломеразаа идэвхижүүлэхийн тулд тэнгэрийн хаяа, цэцэг, лааны гэрэл ширтвэл бас тустай гэцгээх юм билээ шүү. Лааг төрөл бүрээр нь цуглуулаад л, оройн зоогон дээрээ хайран сайхан амьд цэцэг тасдаж авчирч чимэглээд л, тэнгэрийн хаяа руу ширтэж бодлогшроод л байдаг романтик хүмүүс чинь үнэндээ бол теломеразаа идэвхижүүлээд л завгүй байж байгаа нь тэр гээд л ойлгочих.

Эх сурвалж:
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC120798/
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3057175/
https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2009/press.html
http://tmhome.com/benefits/study-tm-meditation-increase-telomerase/
http://bottomlineinc.com/health/stress/kirtan-kriya-meditation-12-minute-brain-boost-for-stressed-out-people