Tuesday 21 June 2016

Их эзэн Чингис хаан маань агуу системчилсэн бодлого баримтлагч, лидер хүн байсныг бүх хүн мэднэ. Гэхдээ түүний байлдан дагуулалтын хамгийн гол нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь юу байсан гээч? Энх үеийн дайны бэлтгэл. Өөрөөр хэлбэл дайн гараагүй байхад дайны бэлтгэл сургуулилтаа байнга хийх, үүнийг цэргүүдийнхээ амьдралын хэвшил болгох.  Яаж тэр вэ гэхээр нүүдэлчдийн ахуйн хэрэгцээнээс урган гарсан ан авыг нарийн зохион байгуулалт, цэргийн эмх цэгцээр хийдэг байсанд оршино
Монголын эзэнт гүрэнд нэгэн үе зүтгэж байсан Персийн агуу түүхч Жиовани тухайн үеийн их авын талаар тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. "Тэд бүхэл бүтэн 2, 3 сарын туршид ав хийх цагираг үүсгэн ан аваа шахаанд оруулан, дунд нь байгаа нэг ч амьтныг гарах газаргүй болгодог. Хэрэв ангийн цагирагийг үүсгэгч нэг хүн л цагирагийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах юм бол цаазаар авах хүртэлх хатуу шийтгэлийг оногдуулдаг. Ангийн олдоц, хаанаас ямар амьтан гарч ирсэн, хаашаа явсан зэрэг ангийн явцыг хаандаа байнга мэдээлнэ. Яваандаа ангийн цагирагийг нягтаршуулж 10-15 км зайны диаметртэй болоод ирмэгц хорондоо олсоор холбогдож, улам  нягтаршин цэргүүд мөр мөрөө шүргэх дайнд ойртож ирдэг.  Эцэст нь шахаанд орсон бүх амьтдын архиралдаан, тэмцэлдээн болж ан ав амжилттай, олзоор арвин дуусдаг." Ингэж л Чингис дайны бэлтгэл болгож ан амьтадтай жинхэнэ дайныг хийж цэргүүдээ зохион байгуулалт, мэдээлэл дамжуулалт, цаг тухай бүрийн шийдвэр, алан хядлага, олзны баярыг газар дээр нь мэдрүүлж байсан байх нь. 
Энэ бүхэн тэгээд эрүүл мэндийн системд ямар хамаатай юм бэ гэжүү? За тэгэхээр эрүүл мэндийн салбарт системчилсэн бодлогогүй, үймээн самуурлын бэлтгэлгүй бол юу болдог талаар нэг баримт дурдъя.
1998 онд Африкийн Гана улсын Батлан хамгаалах яамны харъяа нэгэн цэргийн госпитальд эмч нарын цалинг нэмжээ. Харин бусад эмнэлэгийн эмч нарт энэ боломж хүртсэнгүй. Энэ нь улс даяар эмч нарын бослогыг өдөөж өгсөн байна. Эмч нар өөрсдийнхөө төлөө бослого гаргаснаар засгийн газар бодлогоо эргэн нэг харж, эмч нарын ажилласан илүү цагийн мөнгийг нэмж олгохоор болжээ.  Энэ шийдвэр нь чухамдаа бусад хэдэн арван жилийн турш зогсонги байсан салбаруудаа ч анхаарч үзэх хөшүүрэг нь болсон байна. Яагаад нэгэн жижиг эмнэлгийн бяцхан шийдвэр ийнхүү улсыг бүхэлд нь хамарсан үр дагавар авчрах болов?
Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэ бодлогууд дандаа амжилттай шийдэлд хүргэдэг үү гэвэл худлаа. Шинэ бодлогын үр дүнд үүссэн эрүүл мэндийн системийн өөрчлөлт нь эргээд бодлогоо буруутуулах шалтгаан нь болж өгдөг. Зөвхөн нэг жишээ дурьдахад Европ, Өмнөд Америкт хийгдсэн маларияг устгах кампанит ажил амжилттай болсоноос улбаалан дэлхий даяар энэ өвчнийг устгаж чадах юм байна гэсэн итгэлийн очийг бадраасан. Гэсэн ч малариягийн эсрэг олон сая тэрбум долларын хөрөнгө зарсаны дараа  өвчний гол цөм болох Африк тивээс төслөө татаж авахаас өөр аргагүй байдалд хүргэж байлаа. Учир юун гэвэл шумуулын хоронд малария тээгч шумуулнууд тэсвэртэй болсон зэрэг техникийн шалтгаанаас гадна угийн сул дорой эрүүл мэндийн систем нь энэ ажлыг амжилттай үргэлжлүүлэх орчныг бүрдүүлж өгч чадаагүй юм. 
Тэгэхээр эрүүл мэндийн систем нь нарийн уялдаа холбоо, хоорондоо хамаарал бүхий олон системийн цогц болж таарах нь. 
За эргээд Ганаруугаа оръё. Энэ орон эрүүл мэндийн системдээ төсвийнхөө 15%-ийг зарцуулдаг, эх нялхсын эндэгдэл өндөртэй орнуудын нэг. Хамгийн гол нь эмч нарын өндөр хөгжилтэй оронд цагаачлах үзэгдэл газар авсан. Улсынх нь гайгүй гэсэн анагаахын сургуулийг төгссөн эмч нарын 60% нь Англи Америкруу гарчихдаг гэж байгаа юм. Чингээд үлдсэн эмч нар нь яасан гэхээр сард ердөө 200-270 орчим долларын цалин авдаг байж. Энэ нөхцөл байдал нь юунд хүргэсэн гэхээр 100 мянган хүнд ногдох эмчийн тоог ердөө 6 болгосон байна. Тэгэхэд Америкад энэ тоо 270 давсан Англид 160 хол гарсан байдаг. Ингэхээр эмч нарын ажлын ачаалал, үүнийг зохицуулдаг хууль нь ямархуу байх нь ойлгомжтой. 
Ийм эмч нарын гомдол цөхрөл хуримтлагдсан суурин дээр цэргийн госпиталийн удирдлагад сууж байгаа хэдэн нөхдүүд эмч нарынхаа цалинг нэмээдхэж. Уул нь бол хөөрхийс эмчлэх боловсон хүчин дутагдчихаад залуу эмч нарыг татах санаатай санаачилсан ажил нь юмсанж. Энэ явдал мэдээжийн хэрэг батлан хамгаалах яамны харъяа бус бусад эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын дургүйцлийг ихээхэн хөдөлгөж. Ингээд л бүх юм эхэлсэн хэрэг.  Энэ нь ч олон жил дуугүй явсан ахмад үеийн эмч нарын ч дэмжлэгийг даруй авч улс нийтийг хамарсан эмч нарын ажил хаялт, жагсаал болж хурцдав. Тэд үндсэндээ цалингийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, долоо хоногийн ажлын цаг 40-с давсан тохиолдолд ажлын ачааллын зохицуулга гэсэн 3 сонголтын аль нэгийг биелүүлэх шаардлагыг тавив. Хөдөө орон нутаг нь бараг 100% улсын эмнэлэгээс бүрддэг эрүүл мэндийн систем нь ийнхүү зогсов. 
Засгийн газар эмч нарын холбоотой даруй зөвшилцөл хийсэн боловч цаг, мөнгө хожих үүднээс 2 дахь сонголт буюу илүү цагийн нэмэгдэл хийхээр болж. Эмч нарын холбоо ч зөвшөөрч. Гэхдээ нэг болзолтой. Хэрэв илүү цагийн нэмэгдэл төлөгдөхгүй байвал эмч нарын ажил хаялтыг ямар ч анхааруулгагүйгээр эхлэнэ хэмээн хугацаа заав. Харин өөрсдөө илүү цаг ажилласан тэмдэглэгээ жагсаалтаа бэлдэж үзүүлэх юм болов. Иймэрхүү олон шат дамжлагатай процесс нь мэдээж хүндрэл чирэгдэл үүсгэж засгийн газар заасан хугацаанд мөнгөө шилжүүлж чадсангүй. Уур нь хүрсэн эмч нарын ажил хаялт давалгаалан сувилагч нарын тэмцлийг ч өдөөж өгөв. Сувилагч нарын 7 өдрийн ажил хаялт нь эрүүл мэндийн салбарыг дахин сөхрүүлэв. Засгийн газар ч сандран  илүү цагийн нэмэгдэлдээ сувилагч нарыг багтааж өгье гэв. Энэ амлалт нь байдлыг бүр дордуулж эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх ажилчдыг  идэвхжүүлж, өөрсдийгөө ч мөн нэмэгдэлд хамруулахыг шаардав. Ингээд хагас жилийн дараа гэхэд эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх хүмүүсийг нэмэгдэл хөлс бодож өгөх тогтолцоонд хамруулахаар болов. 
Дараагийн 4 жилд нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөний үлгэр болвоо. Засгийн газар хугацаандаа цалингаа тавихгүй байснаас байнгын   дарамт, шахалтанд орж, жагсаал хийх, ажил хаях явдлыг бүр гааруулав. Хугацаандаа цалингаа тавьж чадахгүй байсан нэг гол шалтгаан нь түрүүний хэлсэнээр ажилчдын илүү цагийн үйл ажиллагааны тайлан жагсаалт цагтаа ирэхгүй байх, тодорхой бус байх, үүнд зарцуулсан хяналт шалгалт нүсэр их ажил дагуулсанаас үүдэлтэй. Сүүлдээ эрүүл мэндийн яам ч арга нь барагдаж сангийн яамнаасаа арга чарга гуйв. Сангийн яам товч бөгөөд тодорхой хариулт ирүүлсэн нь эрүүл мэндийн яам бүтэн нэг жилийнхээ төсвийг тэр чигт нь зарцуулах явдал байв. Маш богино хугацаанд илүү цагийн нэмэгдэлд зарцуулах төсөв ийнхүү 1 саяас 84 сая доллар болтлоо өсөв. Яв явсаар илүү цагийн нэмэгдэл бус цалингаа нэмчүүл яасын гэдэг дээр ирвээ. Нэмэхдээ бас зүгээр ч нэг нэмчихсэнгүй, мэргэжлийн дээд доод түвшин гээд 2 хэсэгт хувааж байгаад хооронд нь талцуулах гэж байгаа юм шиг хол зөрүү цалин тогтоов.
Энэ бүх хугацаанд ард иргэд мэдээж нүдэн балай чихэн дүлий суусангүй. Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл эцсийн дүндээ тэдний хүргэж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ, үр дүнг сайжруулж чадаж байгаа юмуу, яагаад эх хүүхдийн эндэгдэл буурахгүй хэвээрээ байгаад байгаан гэсэн ард түмний эргэлзээ, дургүйцлийг аажим өрдсөөр байсан юм. Хүмүүс засгийн газартаа итгэх итгэл алдрав.
Энэ бүх улайрсан тэмцэл 10 жилийн дараа сая нэг юм аль аль талын зөвшилцөлд (бүрэн бус ч гэсэн) хүрч хоорондын зөрүүг багасгасан хоёр түвшний цалингийн шинэтгэл хийгдэв. Нэгэнт цалингийн шинэтгэл явагдаж байгаагаас хойш нийт улсын байгууллагын цалингийн тогтолцоог өөрчлөхөд хүргэв. Ганц эрүүл мэндийн салбар ч биш бусад бүх салбар дуугаа өндөрсгөв. 
Тэгэхээр энэ бүх процесс өчигдрийн асуудлын шийдэл нь өнөөдрийн асуудлыг үүсгэх шалтгаан болдогийг тод томруунаар харуулж байна. Гана Улсын эрх баригч нар зөвхөн хямралын тариа хийснээс бус системчилсэн бодлого баримтлаагүйгээс болоод ар араасаа хөвөрсөн олон дургүйцэл, шахалтыг амсав.
Нэгэнтээ Сигогийн хэлсэнээр "Хямралын үед хямралын л арга хэмжээ авагддаг" гэдгийн үлгэрээр зөвхөн тухайн үеийн галыг унтраах л үйл явц болж өрнөжээ. Тэгэхээр байнгын тогтолцооны хяналт хийж, хямралын эрт үеийн шинж тэмдгийг илрүүлж үргэлжийн бэлэн байдалд, хоорондоо нарийн уялдаатай системчилсэн бодлогыг баримталж   байх явдлын аргагүй байдлын тод томруун жишээ энэ буюу. 

Эх сурвалж: 
Man, J. (2009). The leadership secrets of Genghis Khan. Random House.
Agyepong, I. A., Kodua, A., Adjei, S., & Adam, T. (2012). When ‘solutions of yesterday become problems of today’: crisis-ridden decision making in a complex adaptive system (CAS)—the Additional Duty Hours Allowance in Ghana. Health policy and planning27(suppl 4), iv20-iv31.

Wednesday 15 June 2016


Таны харж байгаа энэ зураг дээр зүрх судасны эмгэгийг илрүүлэх ангиографийн ажилбарт бэлтгэн, дахин ашиглахаар ариутгаж байгаа багажууд харагдаж байна.  
Монголын хамгийн том эмнэлэгийн нэг дээр ийм шинжилгээний хэрэгслүүдийг нэг хүнд ашигласны дараа ийнхүү ариутгах уусмалд хийж байлгаад дараагийн хүнд дахин ашиглаж байхыг хараад гадаадын нэгэн эмч гайхан зургийг нь дараад эрүүл мэндийн хэлэлцүүлгийн цахим хуудсанд тавиад харамсан дуу алдаж байсан юм.  
Эдгээр багажуудыг хүний судас руу оруулж, судасны эмгэг байдлыг оношилоход ашигладаг.
Гэхдээ энд чухам юу болж байгааг та гадарлаж байна уу?

Энэ бол эмнэлэгийн багажаар халдвар тараахаас гадна судсыг гэмтээж болохуйц нөхцөл байдалд оруулахаар бэлтгэж байгаа аймшигтай дүр зураг юм.
Эдгээр багажууд цусаар дамждаг бүх төрлийн халдварын эх үүсвэр болохоос гадна, халдваргүйжүүлэх уусмалд олон дахин дэвтээсний улмаас гадаргуу нь идэгдэж гулгамтгай чанараа алдан  ажилбарыг хүндрүүлж өвчтөнд сөрөг үр дагавар учруулдаг.

Энэхүү зургийн мөрөөр эмч нараас асуухад шат дарааллаар нь ариутгаад шинээр савлаж байж дахин хэрэглэдэг гэсэн юм.  Мэдээж  ном, журам, горимоо баримтлаад ажиллаж байгаа эмч нар үүнд буруугүй. Гэвч хариуцлага алдахгүй гэсэн баталгаа байхгүй,  хяналт сул.
Монголд хэрэглэдэг энэхүү ариутгалын аргыг олон улсад хэрэглэдэг эсэхийг судлаж, эрдэм шинжилгээний өгүүлэл өдөржин хайв. Хамгийн сүүлийн холбоотой мэдээлэл 2006 онд гарчээ (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16506183).  Одоогоос даруй найман жилийн өмнө гэсэн үг. Харин түүнээс хойш энэ багажийг дахин хэрэглэх сэдлийн талаар ямар ч сураг алга.
Эмч нараас асуухад ийм хэрэгсэл дэлхийн зах зээлийн үнээр ганц ширхэг нь л 1000 орчим ам.долларт хүрдэг гэнэ. “Амьдралын боломжтой нь мөнгөө төлөөд нэг удаагийнхаар хийлгэдэг юм. Ийм өртөг өндөртэй байхад эдийн засгийн боломжгүй хүнийг та мөнгөө төлөөд шинийг аваад хийлгэ гээд хүндрэл өгтөл нь хүлээх үү?” гэж манай эмч нар өөдөөс ам асууж байв. Харин дахин хэрэглэснээс үүдэн уг хүний авч болох халдвар, хүндрэл, уг сөрөг нөлөөнөөс үүсэх дараа, дараагийн эмчилгээний өртөг, тухайн хүн өвдсөнөөс болж хөдөлмөрийн бүтээмжээ алдсанаас үүссэн ажлын байрны хохирлын мөнгөн дүн, ар гэрийнхний  өвчтөнд зориулан гаргах зардлууд...
Тухайн хүн гэр бүлийн тэжээгч байгаад эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, цаашлаад амь насаараа хохирвол үр хүүхдэд нь тусах сөрөг үр дагаварыг тоочоод ч дуусахгүй. Энэ бүхэн 1000 доллараар хэмжигдэх үү?  
1994 онд буюу одоогоос 20 жилийн өмнө хийгдсэн энэ талаарх судалгааг үзвэл (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/7930278) (олдож байгаа нь л энэ) сэтгүүрийг дахин хэрэглэх нь ажилбарыг удаашруулахаас гадна, тодосгогч бодисыг ихээр шахахад хүргэн өвчтөнд хүндрэл үүсгэх магадлал нь ихэсч байна гэжээ.
Дан халдвар авах талаас нь яривал эмнэлэгийн багаж хэрэгслээр дамжуулан халдвар авч байгаа зөвхөн ганц л жишээ энэ.
Өөр нэг Монголын том эмнэлэг дээр ходоод дурандахад элэгний С вирустэй вирусгүйгээр нь ялгаж байгаад дуранддаг. Энэ танд аймшигтай сонсогдохгүй байна гэж үү? Судалгаагаар манай улсад хүн амын 15 хувь нь C вирустэй, элэгний хатуурлаар жилд 800-900 хүн нас барж,  элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орсоор байна. Энэ онд л гэхэд С вирусээс шалтгаалсан элэгний хавдараар Ази Номхон Далайн Бүсийн Орнууддаа Монгол орон нэгт жагсжээ.(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/24894597)

Монголд ямар ч эрсдэлт зан үйл хийхгүй амьдарсан ч  мөрөөрөө явж байгаад халдвар авах маш олон нөхцөл бий. Эмнэлгийн багаж хэрэгслээр дамжуулан халдвар тараах эрсдэл үнэхээр өндөр.
Ядаж улсын томоохон эмнэлгүүдийн ариутгалыг олон улсын түвшинд хүргэчихэж чадахгүй байгаа эрүүл мэндийн  тогтолцоог яах вэ?
Мөрөөрөө явж байгаа энгийн ард биднийгээ үхлийн сүүдрээр далайлгаж байгаа энэ болчимгүй байдлыг хариуцлагыг бид хэнээс асуух ёстой вэ?
Хүн мэдээлэлтэй байж л эрсдлээс сэргийлж чадна. Энэхүү нийтлэлийг бичихдээ Монголын хоцрогдсон эмнэлгийн мууг үзэх гэсэнгүй. Харин энэхүү  эрсдэлтэй нөхцөл байдалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорилоо. Дэлхийн стандардын ариутгалыг дор хаяж улсын том эмнэлгүүддээ нэвтрүүлчихмээр байна. 
Мөн хүн бүр хувийн хариуцлагаа өндөр байлгаж, чадах чинээгээр өөрийгөө халдвараас,  эрсдлээс хамгаалан эрүүл мэндийнхээ төлөө хяналт,  шаардлага тавьдаг болж хэвших  шаардлагатай  байна.    
2014 оны  7 сар 5
Монгол судлаач бүрэлдэхүүнд нь багтсан Харвардын Их Сургуулийн эрдэмтдийн баг Монгол хүүхдүүдийн дунд судалгаа явуулан хоол тэжээлийг нь Д витаминаар баяжуулснаар амьсгалын замын хурц халдвараас сэргийлж болохыг нотолжээ. (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22908115)

Өвлийн эрс тэрс,хүйтэн ширүүн улиралтай манай оронд тэр дундаа,  утаа, агаарын бохирдлоо дийлэхээ больсон их хотын хувьд хүүхдүүд тогтмол гадаа гарч тоглон шаардлагатай хугацаагаар наранд ил байж чаддаггүй. Үүнээс үүдэн арьсан доорх  Д витамины нийлэгжилт хангалтгүй байсаар хүүхдийн биед энэ аминдэм ихээр  дутагдаж эхэлдэг. Д витамин нь кальцийн бодисын солилцоог эрчимжүүлж, ясны эрүүл мэндэд голлох үүрэг гүйцэтгэхээс гадна, энэхүү амин дэм дутагдвал амьсгалын замын хурц халдвар гэсэн янз бүрийн өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйл болдог. Д аминдэмийг  хүүхдэд хангалттай өгснөөр амьсгалын замын өвчлөлөөс бүрэн сэргийлж чадахуу? Туршиж л үзэхгүй бол хэзээ ч мэдэхгүй. 
Харин Харвардын Их сургуулийн эрдэмтэд тэнд ажилладаг Монгол судлаачийн ачаар энэ асуудалд анхаарал хандуулжээ. Тэд 3, 4-р ангийн 700 гаруй Монгол хүүхдийг судалгаандаа хамруулж,Д витаминаар баяжуулсан сүү, энгийн сүү өгч харьцуулалт хийжээ. Судалгааны үр дүнд дөнгөж 300IU буюу 7.5микрограмм Д витаминаар баяжуулсан сүү өдөр бүр өгөхөд л хүүхдийн амьсгалын замын хурц халдварыг эрс бууруулж байгаа нь нотлогдож, ганц ч хүүхдэд баяжуулсан сүүнээс шалтгаалсан гаж нөлөө илрээгүй байна. Түүгээр ч барахгүй энэ нь удаан хугацааны турш Д витамины дутагдалтай байсан хүүхдүүдэд ч адилхан үр дүн үзүүлжээ. Агаарын бохирдлоос болж хүүхдүүд нь байнгын ханиад хүрч байдаг эцэг эхчүүдэд энэ мэдээ яг л алт эрдэнэс мэт үнэтэй баримт байх болов уу.

Өвлийн  арваннэгдүгээр сараас  хоёрдугаар саруудад  амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт огцом нэмэгдэж,  эмнэлэгүүд  ачааллаа дийлэхээ больдог. Жил бүр Монголд 5-с доош насны нийт хүүхдийн 87 % нь амьсгалын  замын хурц өвчлөлөөс болж эмнэлэгт ханддаг гэсэн тоо байна. Антибиотикийн өргөн хэрэглээ, амьсгалын замын вирусын байнгын дэгдэлт хүүхдүүдийн биеийг улам сулруулсаар богинохон зуны гурван сард энэ дутагдлаа эргүүлэн нөхөж авч чадахгүй байх нь бий

Гэвч манай оронд Д витаминаар баяжуулсан сүү үйлдвэрлэдэг эсэх талаар судалж үзэхэд, тодорхой баримт олдсонгүй. Ийм хэрэгтэй нотолгоо аль дөрвөн жилиййн өмнө хэвлэгдэж гараад байхад хэн ч өлгөн авч бизнестээ тусгасангүй. Сүү ХК  энэ аминдэмийг агуулсан тараг, мөн бусад аминдэмээр баяжуулсан тослоггүй сүү гаргадаг ажээ. Гэхдээ хэдэн микрограм агуулсан гэдэг тодорхой мэдээлэл алга.

Ирээдүй болсон нялх балчир үрс маань эрүүл чийрэг , эрдэм боловсролтой өв тэгш өсч хүмүүжих нь зөвхөн эцэг эхийн асуудал биш юм. Хичээлийн жил эхэлснээр хүүхдүүд ихэнх цагийг  цэцэрлэг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Торниж байгаа нялх организмын физиологийн хэрэгцээг хангасан найрлага, илчлэг сайтай олон нэр төрлийн хоол хүүхдүүддээ өгч, хооллолтын зохистой дэглэм хэвшүүлж чадвал  хүүхдийн биеийн болон оюуны хэвийн хөгжлийг хангаж, эрүүл чийрэг, ухаан төгс  хөгжих  үндэс болно. 

Удахгүй шинэ хичээлийн жил эхэлнэ. Хүүхдүүд маань ихэнх цагаа сургууль, цэцэрлэгтээ өнгөрүүлдэг. 2006 оноос хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай”  хөтөлбөрт 6-9 насны бага ангийн сурагчдыг хамруулах болсон. Хичээлийн дундуур өгөх “үдийн цай” тэдэнд хоногт шаардагдах хоолны илчлэгийн 15,8%-ийг өгөх тооцоо  гаргаж байжээ.  Нэг хүүхдэд ноогдох үдийн цайны төсөв 600 төгрөг байсан.  Мөн хямд,  муудсан бүтээгдэхүүн өгсөнөөс болж сургуулийн хүүхдүүд нийтээрээ хордсон олон баримт бий.  2009 оноос “Үдийн цай”-г  “хоол”  болгон өргөжүүлэх зоримог шийдвэр гарсан ч  ноогдож байгаа мөнгөөр нь өнөөдөр ганц бууз авч хүрэхээргүй байна.“Үдийн цайнаас” хоол болно гэдэг том алхам боловч чанар, стандарт, агууламжид нь анхаарал хандуулах хамгийн чухал байна.

Үүнд Д витаминаар баяжуулсан хоол хүнс оруулж, чанар агууламжид нь  эцэг эхчүүд хөндлөнгийн хяналт сайтар тавих  нь бидний хойч ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл байх нөхцлийг бүрдүүлж, эх оронд минь ихийг бүтээх чанартай иргэдийг бэлтгэх нэг түлхүүр мөнөөсөө мөн юм.
Дэлхий дээр жил бүр 20 сая эмэгтэй зөвхөн жирэмслэтээс үүдсэн эрүүл мэндийн доройтолд өртөж байна. Үүнээс 8 саяд нь амь насанд аюул заналхийлсэн хүндрэл тохиолдож байгаагаас Африк Ази тивийн эмэгтэйчүүд гэхэд л нийт жирэмслэлт, төрөлтөөс үүдэлтэй нас баралтын 90%-ийг эзэлж байна.   
Хүн төрөлхтөнд ийнхүү хүний амьдралын энгийн нэгэн физиологийн явц их гарз хохирол учруулж байгаа номер нэг шалтгаан нь ядуурал юм. Ядуурал бол хүүхэд дархлаажуулалтанд хамрагдахгүй байх, цэвэр усаар хангагдахгүй байх, бохир заваан байдал, наад захын эрүүл мэндийн тусламжийг авч чадахгүй байх гол шалтгаан. 
Энэ дээрээсээ нэмээд эрүүл мэндийг улам аюултай байдалд оруулдаг нь хотжилт юм. Ядуу хүмүүс амьдрахын эрхээр хот бараадна. Энэ нь хотын хүн амыг нягтаршуулаад зогсохгүй, зах хязгаарын гэр хорооллыг тэлж, элдэв халдварт өвчний тархалт, хортой хүнсний бүтээгдэхүүн, гэмт хэрэг, хүчирхийллийн үүр уурхай болно. Хотжилтын менежмент муутайгаас болоод, хүн амынхаа эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж байх үүрэгтэй хотын засаг захиргаа, эрүүл мэндийн нэгжүүд ачааллаа дааж чадахгүй, наад захын эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бүх хүндээ тэгш хүртээж чадахгүйд хүрнэ. 
За тэгээд нөгөө муу хотжилтыг дагаад гэр хорооллын утаа, машин тэрэг ихэсч, агаар гэж авах юмгүй болгоод өгнө. Энэ дээр нь дөрөөлөөд өнөө айхтар амьсгалын замын цочмог халдвар, хатгаа, багтраа нь толгой дараалан хүүхэд хөгшид гэсэн дархлаа султай хүмүүсийгээ нэрвэнэ. Өнөөдөр дэлхий дээр эрүүл мэндэд заналхийлсэн агаараар амьсгалан өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүсийн тоо аль хэдийн тэрбум давжээ. 
Агаарын бохирдол нь хүн амьтнаа битгий хэл хөөрхий муу озоны давхаргаа цоолж, экоссистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Ингээд хүн бидний үйл хөдлөлөөс болоод цаг агаарын өөрчлөлт явагдаж, байгалийн гамшиг, далайн түвшин нэмэгдэж, хур тундас яахаа мэдэхээ байж эхэлнэ.
Тэгэхээр би энэ бүх хадуурлаараа юу хэлэх гээд байна вэ? 
Хүний эрүүл мэндийг хамгаалах төлөвлөгөө чинь явж явж энэ дэлхийг сүйрлээс аврах баатарлаг үйлс байж таарах нь. Кино яриад байгаа ч юм биш. Өвчлөл үүсгэдэг механизмуудаа цогцоор нь авч үзэхгүй бол ер болохгүй юм байнаа л гэсэн санаа.
Эрүүл мэнд бол тогтвортой хөгжлийн үзүүлэлтээс гадна, түүнийг бүрдүүлэгч үндсэн элемент болж өгдөг. Яагаад гэвэл дээр дурьдсан эрүүл мэндийн нөхцөл байдлууд эдийн засгийн өсөлт хөгжилд  чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Тиймээс ч дэлхийн эдийн засгийг тодорхойлогч тэргүүлэх форумууд, G8 уулзалт, олон улсын хэмжээний эдийн засгийн хамтын ажиллагааны чуулгануудад эрүүл мэндийн асуудлыг нухацтайгаар авч хэлэлцдэг учрыг зах зухаас нь өгүүлэхэд ийм байна. 

Эх сурвалж: World Health Organization. (2002). Health and sustainable development: Key health trends. Commission on Sustainable Development. World Summit on Sustainable Development.

Monday 13 June 2016

Та эпидемиолгийн эцэг Жон Сновын тухай дуулсан байх, түүнийг холерын тархалтаас хэрхэн Лондон хотыг аварсаныг сонссон байх. 1854 онд гарсан уг тахлын шалтгаан нь холерын нян байсан ба гудамжинд суурилуулсан ус авах шахуургануудаас гарах бохирдсон ундны усаар тархаж байгаа нь тогтоогджээ. Жон Снов бээр хотод байдаг бүх усны цоргоны бариулыг хугалж авсанаараа тухайн үед дэгдэж байсан тахлыг зогсоож байлаа гэж Лондончууд сурталчлах дуртай. Тэгж сурталчлаад Жон Снов гэдэг нэртэй баар нээгээд, дотор нь мулталж авсан бариулын дүрстэй сувенир хөөрхөн үнээр зарж бизнес хийнэ.
Гэтэл үнэндээ усны татуургын бариулыг хэдхэн сарын дараа оршин суугчид буцааж суурилуулаад усаа авч эхэлсэн байдаг. Харин ундны усны бохирдол, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэлтийн талаар  Эдвин Ланкестр гэдэг хүн л арваад жилийн турш Лондончуудад ухуулж ойлгуулж байж сая нэг их хотынхон усны ариун цэврээ сахисан байдаг юм. Тэгэхээр нэг шийдэл бус системчилсэн арга хэмжээ л аливаа ажлыг үр дүнд хүргэж болохыг харуулж байна. Энэ блог бол тэр тухай л блог байх болно. Хүн амын эрүүл мэндийн ухамсарт байдлыг ганц шийдлээр өөрчилж болдоггүй тухай, байнгын оролдлого хэрэгтэй тухай, хүн бүр өөр өөрийнхөө эрүүл мэндийн тухай юу хийж чадах, ямар шийдвэр гаргавал зохих, улмаар өөрсдийнх нь эрүүл мэндийг хамгаалж өгдөг тогтолцоо ямар байх ёстой, яаж сайжруулах хэрэгтэй талаар, гарах арга замууд, бусад орны жишээнүүд, мөн цаашлаад даварвал миний тархин дотор эргэлдэх түмэн янзын бодлууд байх болно. Ингээд надтай цуг аялж байгаад талархъя.