Friday 31 August 2018

Эсийн хогийн сав яагаад Нобел авав?

Япончууд нийт 26 Нобелийн шагнал хүртсэн нь өдгөө АНУ-н дараа 2-т орохоор их байна. Нобелийн шагнал авна гэдэг бол Нобел авахын төлөө олны анхаарал татсан сэдэв сонгох биш хэний ч нүдэнд өртөхөөргүй хийж байгаа судалгаандаа бүх амьдарлаа зориулахаар үнэнч байж, урт хугацаанд тасралтгүй судалсаны үр өгөөж байдаг. Үүнийг батлах нэгэн жишээ нь Ёшинори Осүмигийн аутофагийн механизмын нээлт. Түүнийг залуу байхад эс доторх хогийн сав, ямар үүрэгтэй нь ойлгомжтой хэмээн аутофагийг тоож судалдаг хүн байсангүй. Бүгд л халуун сэдэврүү хошуурцгаана. Харин тэр зүгээр л нэг талхны хөрөнгийн бактерт аутофагийн механизм хэрхэн яаж явагдаж байгааг микроскопоор судалдаг байв. Тэрээр 43 настай байхдаа өөрийн лабораторитай болж гуравхан хүний багтайгаар судалгаагаа хийж байсан гэдэг. Тэр өөрөө ч аутофаги бол эсийн өөрөө өөрийгөө залуужуулдаг процесс, өвчний олон эх үүсвэрийн сэжүүр болох юм гэж төсөөлөө ч үгүй байх. Олныг дагаж хошууралгүй, хөрөнгөний эсийн 90 хувийг эзэлдэг энэхүү вакуоль яагаад ийм том болдог юм бол гэдгийг мэдэх гэж л микроскопоор тасралтгүй хардаг байжээ.

Аутофаги нь эс өөрт хэрэггүй болсон зүйлсийг нэг уутанд цуглуулж байгаад задлан дахин энергийн эх үүсвэр үүсгэн ашиглах боломжийг өгч байгаа механизм юм. Энэ процесс нь эсийн стрессийн үед, тухайлбал тэжээлийн дутагдлын үед идэвхиждэг. Өөрөөр хэлбэл мацаг барих үед хүн хэрэггүй уурагнаасаа салж дахин цоо шинэ амин хүчлүүд үйлдвэрлэдэг. Энэ нь элгэнд очиж энергийн эх үүсвэр бий болгох глюконеогенез болоход ашиглагдахаас гадна бусад шинэ уургийг бүрэлдүүлнэ. Хэрэв хүнд аутофагиийн механизм дутагдах юм бол энд тэнд хэрэгцээгүй уураг хуримтлагдаж алцхеймрийн өвчин, хавдар гэх мэтийн эх үүсвэр болно. Харин хэт их аутофаги явагдвал мэдрэлийн эсийн гэмтэл, эсийн цагаасаа өмнөх үхлийг дагуулж мэдрэлийн гаралтай өвчнүүд, булчин хатингирших өвчлөлийн шалтгаан болдог.

Ёшинори Осүми хөрөнгөний эсийн аутофаги бусад хөхтөн амьтан буюу хүнийхтэй төстэй механизмаар явагддагийг тодорхойлсоноос гадна энэ механизмтай холбоотой 15 генийг илрүүлсэнээр физиологи анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртжээ. Аутофагийн механизм нь хавдрын эсрэг үйл ажиллагаа, эсд халдвар орсон үед дархлааны хариу урвал болдог чанар, мэдрэлийн өвчнүүдийн эх үүсвэрийг тайлах анагаахын ач холбогдол зэргээр ирээдүйн анагаах ухааны эргэх цэг болно хэмээн найдлага төрүүлээд байгаа билээ. 
#Medicalresearchmongolpodcast

Эх сурвалж:
Rubinsztein, D. C., & Frake, R. A. (2016). Yoshinori Ohsumi's Nobel Prize for mechanisms of autophagy: from basic yeast biology to therapeutic potential. The journal of the Royal College of Physicians of Edinburgh, 46(4), 228-233.
Sedwick, C. (2012). Yoshinori Ohsumi: Autophagy from beginning to end.
https://logmi.jp/164190
https://www.dietdoctor.com/renew-body-fasting-autophagy
https://medium.com/personal-growth/fasting-and-autophagy-9f4e97596ed4
Thorburn, A. (2014). Autophagy and its effects: making sense of double-edged swords. PLoS biology, 12(10), e1001967.
Shi, R., Weng, J., Zhao, L., Li, X. M., Gao, T. M., & Kong, J. (2012). Excessive autophagy contributes to neuron death in cerebral ischemia. CNS neuroscience & therapeutics, 18(3), 250-260.
Liu, Y., & Levine, B. (2015). Autosis and autophagic cell death: the dark side of autophagy. Cell death and differentiation, 22(3), 367.
Chabrol, B., Figarella-Branger, D., Coquet, M., Mancini, J., Fontan, D., Pedespan, J. M., ... & Pellissier, J. F. (2001). X-linked myopathy with excessive autophagy: a clinicopathological study of five new families. Neuromuscular Disorders, 11(4), 376-388.

No comments:

Post a Comment