Sunday 26 August 2018

Хэвлий дэх үрдээ зориулж идэх нь (2-р хэсэг)

Хэрэв та жирэмсэн бол төрөх хүүхдийнхээ эрүүл мэндийг одооноос эхэлж кодлох боломжтой. Өнөөг хүртэл юу ч бодолгүй идэж ирсэн бол үр удмынхаа төлөө өдөр тутмын хүнсээ амруугаа хийхээс өмнө дахиад нэг нягтлаад үзээрэй. Өөрийнхөө боломжийн хүрээнд сайжруулах арга заавал олдоно. Бас хөөрхөн үр заяах гэж байгаа энэ боломжийг төрсөн хойноо ч турж, сайхан биеэ хадгалангаа эрүүлээр идэх үүд хаалга нээгдлээ гэж хүлээн аваарай.

Жирэмсэний сүүл үе гэхэд эхийн биед эргэлдэх цус 1.5литр орчим нэмэгдэж шингэрээд ирдэг. Энэ цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг уурагнууд болох гемоглобин миоглобины нийлэгжилтэнд төмөр голлох үүрэг гүйцэтгэдэг. Цусанд агуулагдаж байгаа төмрийн ихэнх нь ураг уруу зөөвөрлөгдчихдөг тул жирэмсэн эмэгтэйн 70% нь цус багадалттай байдаг. Тиймээс жирэмсэний эхэн үедээ цус багадалтаас сэргийлж төмөр агуулсан хүнс аль болох хэрэглэе. Манай Монголчуудад бол ядах юмгүй асуудал л даа. Үндсэн хүнс нь мах юм чинь. Хамгийн гол нь улаан маханд агуулагддаг төмөр хүний биед шингэхдээ сайн байдаг. Харин ногоо жимснээс хар чавга, дүүпүү, бууцай зэрэг нь төмөр агуулдаг ч шимэгдэлт нь муу байдаг. Төмөр агуулсан хүнс идэхдээ витамин C ихтэй брокколи, лемон, амтат чинжүү зэргийг цуг идвэл төмрийн шимэгдэлтийг улам дэмжиж өгнө. Харин танин агуулсан ногоон цай, хар цай, кофе зэргийг хоол идсэнээс 30 минутын дараа уухгүй бол төмрийн шимэгдэлийг сааруулдаг шүү. Хоолны бус цагаар юм идмээр санагдсан үед хоосон илчлэг болох чихэр, боов, печень, зайрмаг, ундаа хэрэглэхийн оронд төмөр агуулсан хар чавга, самар, гранола, овьёосон печень , шар буурцагны сүүг сонгоорой.

Ухаантай, жаахан ч гэсэн толгой сайтай хүүхэд гараасай гэж бодож байгаа бол DHA. DHA нь мэдрэлийн эсийн гол бүрэлдүүлэгч болохоор тэр. Жирэмсэний 20 долоо хоногтойгоос ургийн тархи эрчтэй хөгжиж, нэг нас хүртлээ 1.5 дахин томордог. Үүнтэй зэрэгцэн тархин дахь DHA-н хэмжээ ч шууд хамааралтайгаар ихэсдэг. Загас бол DHA хамгийн ихээр агуулсан хүнс. Зарим хүмүүс бодож магадгүй, загас идэхээр чинь мөнгөн ус нь аюултай юм бишүү гэж. Мөнгөн ус хамгийн их агуулдаг туна загас гэхэд л 7 хоногт 80 грамаас хэтрүүлэлгүй идэхэд санаа зоволтгүй байдаг. Харин яргай гэх мэт бусад загасан дээр мөнгөн усны аюул бодох шаардлагагүй. Гэхдээ Монгол шиг загас ховор газар загасны ач тус яриад нэг их ач холбогдолгүй болов уу. Харин хушга, чиа үр зэргийг идэж заншвал биед ороод DHA болж задардаг гэж байгаа. Чанасан өндөг бас бага хэмжээгээр DHA агуулдаг. Мөн сүүлийн үед хонины мах омега 3 өөхний хүчил ихээр агуулдаг ба DHA-н урьдал тос болдог гээд шуугиад байгаа. Тэгэхээр манай Монголчууд хөл хүнд бүсгүй, шинэ амаржсан эхэд хонины шинэ шөл уулгана гээд байдаг нь цаанаа учиртай байх нь. Бас нярай хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг шүү дээ. Ардын шинжлэх ухаан. 

DHA бол биед өөрөө үүсэхгүй, заавал гаднаас авч хэрэглэх ёстой хүний биед сайн тосны төрөлд ордог. Харин транс тос бол гайтай, муу холестеролыг ихэсгэж судас бөглөх аюултай. Транс тос агуулсан хүнсийг хоолныхоо цэснээс хасъя.


ЭХ СУРВАЛЖ:
Abbaspour, N., Hurrell, R., & Kelishadi, R. (2014). Review on iron and its importance for human health. Journal of research in medical sciences: the official journal of Isfahan University of Medical Sciences, 19(2), 164.
Ponnampalam, E. N., Butler, K. L., Jacob, R. H., Pethick, D. W., Ball, A. J., Edwards, J. E. H., ... & Hopkins, D. L. (2014). Health beneficial long chain omega-3 fatty acid levels in Australian lamb managed under extensive finishing systems. Meat Science, 96(2), 1104-1110.
https://www.dietitians.ca/getattachment/de95e92c-3fb3-40db-b457-173de89bdc3a/FACTSHEET-Food-Sources-of-Omega-3-Fats.pdf.aspx

 妊娠中の食事  細川 モモ 2016

No comments:

Post a Comment