Wednesday 8 August 2018

Хэвлий дэх үрдээ зориулж идэх нь

Танд хөөрхөн үр заяах гэж байна. Одооноос эхэлж бяцхан үрдээ зориулж та хязгааргүй их хөрөнгө оруулалт хийж чадна. Эхлээд жирэмсэн болсоноо мэдмэгцээ биеийн жингийн индексээ тооцоолж гаргая. Тэгж байж хэр зэрэг жин нэмбэл зүгээр вэ гэдэгээ мэдэж авна гэсэн үг. Хэт туранхай эхээс бага жинтэй нярай (2500г-с бага) мэндэлнэ, харин тарган эхээс аварга хүүхэд (4000г-с их) гарна. Нярайн биеийн жин хэт бага юмуу их байх нь эрүүл мэндийн байдлыг нь муутгаад зогсохгүй, насан туршид нь муу үр дагавраа хадгалсаар байдаг. Хүүхэд наснаасаа бага жинтэй байвал халдварт өвчинд өртөмтгий болдог. Ялангуяа охид насанд хүрсэн хойноо төрөхийн хүндрэл, дутуу жинтэй хүүхэд төрүүлэх, умайн өсөлтгүй жирэмсэн, цаашлаад төрөлтийн улмаас нас барах эрсдэл нь ихэсдэг.
Харин тарган байвал өсч том болоод хэвийн жиндээ эргэж ороход хэцүү болж, илүүдэл жинтэйгээ байнга тэмцэх шаардлагатай болдог. Улмаар өвчлөмтгий болж чихрийн шижингээр насан туршдаа зовиурлах болно. Түүнээс гадна, илүүдэл жинтэй, таргалалттай хүүхдэд ирээдүйд сөрөг сэтгэл зүйн үр дагаврууд үүсч, сурлагын чанар муудан, боловсрол эзэмшилтийн байдал нь дорддог.

Биеийн жингийн индекс=Биеийн жин (кг) : өндөр (м): өндөр(м)
Гарсан тоо нь:
18.5-с бага байвал тураалтай байна гэсэн үг бөгөөд бага жинтэй нярай төрүүлэх магадалал их байна. 9-12 кг нэмэх шаардлагатай.
18.5~25 хооронд байвал дүрдээ итгэж хэт идэлгүй, турах гэж хэт улайралгүй эрүүл хооллонгоо 7-12 кг нэмбэл тохиромжтой.
25-с их байвал 5 кг орчим л нэмье. Хэт тарган эх өөрөө жирэмсэний хордлогод их орно, даралт ихдэн, жирэмсэн үеийн чихрийн шижин үүснэ. Улмаар төрөхийн хүндрэлүүд гарах өндөр магадлалтай. Эрүүл хооллолтоор биеийн жингээ аль болох барья.

Эрүүл хооллолт маань үндсэндээ өдрийн 3 удаа хооллолж байж биелдэг зүйл. Өглөөний цайгаа өдөр бүр ууж хэвшье. Өнөөг хүртэл өглөөний цай уудаггүй байсан хүн жирэмсэлсэн ч тэр чигээрээ уухгүй байвал жирэмслэх явцад хамгийн их сөрөг нөлөөтэй.
Өдөр тутмын илчлэгээ жирэмслээгүй үеийнхтэйгээ харьцуулбал жирэмсэний эхэн үед 50ккал-р, дунд үед 250 ккал-р, хойд үед 450 ккал-р нэмж байж тухайн өдрийн энергиэ нөхөж чадна. Жирэмсэн үед авах илчлэг 1500 ккал-с бага байвал ургийн өсөлт хөгжил саатах аюултай. Тэгэхээр өглөөний цайгаа уулгүй өдөрт 2 л хооллодог бол тухайн өдөрт авах ёстой илчлэгийнхээ гуравны нэгийг алдаж байна гэсэн үг.
Өглөөний цай маань биеийн тэжээллэг байдлыг хангаад зогсохгүй , цусан дахь сахарыг бага хэмжээнд барих гол үүргийг гүйцэтгэнэ. Өдөр оройдоо л хоол иддэг бол цусны сахар гэнэт ихэсч, илүүдэл чихэр нь өөх болж хуримтлагдна. Жирэмсэний декритээ аваад гэртээ сууж байгаа ээжүүд өглөө хэт их унтаж өглөөний хоолоо алгасчихдаг бол эртхэн босч цайгаа ууж хэвшье. Энэ нь жирэмсэн үеийн цихрийн шижин, хэт тэргалалтаас сэргийлж өгнө. Өглөөний цайгаа уугаагүй жирэмсэн эхэд биеийн доторх цаг бүрэн сэргэлгүй, бие хөрж, цусны урсгал удааширна. Өдөр бүр 7-8 цаг унтаж, өглөөний нарны илчийг авч, цайгаа ууж өдрийг идэвхитэй эхлүүлээрэй.
Өглөөний цайндаа тараг бяслаг өндөг гэх мэтийн гарын дорх уургийг биедээ оруулж өгөхгүй бол цус багадан, булчингийн хүч сулран ядрамтгай болдог. Өглөөний цайг алгассанаар өдөрт авах нийт хоолны хэмжээ багасан, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасч өтгөн хатах давхар шалтгаан ч болдог.
За ингээд өдөр оройн хоолондоо хэвлий дэх ургийнхаа өсөлтийг дэмжиж уураг заавал авья. Ураг болон ихэст хоол тэжээл, хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй цусны үндсэн бүрэлдэхүүн бол уураг. Уураг нь амин хүчлээс бүрдэх ба хүний биед үүсдэггүй амин хүчлүүд ч байдаг. Эдгээрийг хоолоороо тэнцвэртэй авахын тулд 5 төрлийн уураг болох мах, загас, сүүн бүтээгдэхүүн, өндөг, вандуйн төрлийн хүнс хэрэглэбэл зохино.
Ингээд хоол болгон дээрээ олон төрлийн хүнс идэхгүй бол болохгүй нь гээд толгой эргээд эхэлж магадгүй. Ер нь таван өнгийг л агуулна гэдгийг өдөр тутмын хоолондоо анхаараад явчихвал амар. Улаан, шар, ногоон, цагаан, хар, бор, үзмэн ягаан өнгөнүүдээс аль дуртай, гарын дорх таван өнгийг хоолондоо сонгож хийхийг хичээе. Жишээ нь луувангийн улаан өнгө арьс салст бэхжүүлдэг байхад лоолийн улаан өнгө хөгшрөлтөөс хамгаална гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Нүүрс ус бүхэлдээ дайсан биш гэдгийг санаарай. Хүний бие, тархийг үйл ажиллагаанд оруулдаг үндсэн энергийн хүч юм шүү. Өтгөн хатаад байгаа хүмүүс нүүрс усаа хэт багадуулсан байх ч магадлалтай. Өтгөнийг бүрдүүлдэг гол масс нь гурил будаа болж өгдөг. Гол нь гурил будаагаа сонгохдоо бүхэл үрийн болон хөц будаа түлхүү хэрэглэхэд анхаарья. Мөн хоол идэхдээ ногоогоо эхэлж идэн цусан дахь сахараа огцом ихэсгэлгүйгээр нүүрс усыг биедээ оруулаарай. Нүүрс ус нь гэдсэн дэх хоолыг боловсруулалцаж өгдөг хэвийн нянгийн гол идэш болохоор хэвийн нянгаа ихэсгэх түлхүүр болж өгнө.

ЭХ СУРВАЛЖ
Abarca-Gómez, L., Abdeen, Z. A., Hamid, Z. A., Abu-Rmeileh, N. M., Acosta-Cazares, B., Acuin, C., ... & Agyemang, C. (2017). Worldwide trends in body-mass index, underweight, overweight, and obesity from 1975 to 2016: a pooled analysis of 2416 population-based measurement studies in 128· 9 million children, adolescents, and adults. The Lancet, 390(10113), 2627-2642.
妊娠中の食事  細川 モモ 2016

No comments:

Post a Comment