Friday 7 September 2018

Хэвлий дэх үрдээ зориулж идэх нь (3-р хэсэг)


Ямар ч хүн ер нь давсны хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Давс ихэдвэл биед хуримтлагдсан давсыг тэнцвэржүүлэхийн тулд бие махбодь усыг өөртөө татаж, судсан дахь цусны хэмжээ хэт ихсээд ирдэг. Ингээд даралт ихэсч, судасны ханаар ус нь шүүрээд эхэлдэг. Энэ нь хаван болж харагддаг хэрэг. Жирэмсэний үед давсны бодисын солилцоо удааширдаг тул бүр их анхаарахгүй бол болохгүй. Жирэмсэний үеийн хавагналт, даралт ихдэлт, түүнээс үүдэлтэй манас таталт гэсэн жирэмсэний хүндрэлүүдийн шалтгаан болохоор тэр. ДЭМБ-с өдөрт 5 граммаас хэтрүүлэхгүй давс идэж байхыг зөвлөсөн байдаг. Энэ нь 2,000 мг натри гэсэн үг л дээ. Гэтэл натри нь та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг олон хүнсэнд зүгээр л байж байдаг. Сүү, өндөг, талх, гахайн утсан махнаас тус тус 100 граммыг идэхэд л нийлээд 1880 грам натри өлхөн хэрэглэчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хоолонд нэмж давс хийхгүй байхад л өдрийн хэрэгцээний натриа авчихдаг байх нь. Тэгэхээр чинь одоо давсгүй хоол, салат яаж идэх хэрэг вэ гэж гайхаж байгаа байх. Лемон, сармис, цагаан гаа, сонгино, цагаан цуу гэх мэтээр амталж сурвал амт нь ч зөөлөрч дотор нь амархан муухайрдаг жирэмсэн эх ч идэхэд аятайхан болдог. Бас давстай юм идэхдээ калитай хослуулж идвэл шээсээр амархан гадагшлуулж өгнө. Кали нь бууцай, байцаа мэтийн төрөл бүрийн навчин ногоо, төмс, вандуй, гадил, киви гэх мэт жимсэнд агуулагдна. Тиймээс жирэмсэн болсоноороо далимдуулаад өөрийн болон гэр бүлийнхээ хоолны зуршил, агуулгыг сайжруулаад аваарай.

Эхийн гэдсэнд агуулагдах хоол боловсруулах ашигтай нянгууд урагт дамждаг. Гэдсэнд хүний дархлааны эсийн 60% нь агуулагддаг ба ашигтай нянгууд эдгээр эсийг хамгаалж байдаг. Ингэж ашигтай нянгууд дархлааг дэмжиж, халдвараас сэргийлэхээс гадна хүний биед зарим витамин, эрдэс бодисыг нийлэгжүүлж байдаг. Түүнээс гадна орж ирсэн хүнсийг исэлдүүлж, боловсруулахад тусалдаг болохоор “Тураадаг нян” ч гэж нэр авсан байдаг.

Гэдсэн дэх ашигтай нянгууд 3 хоногт бараг бүрэн солигддог гэж үздэг тул жирэмсэн байхдаа ашигтай нянгаа ихэсгэж чадвал, төрж гарч ирэх үрдээ хамгийн том бэлгийг өгч байгаа нь тэр юм. Тэр тусмаа хожуу төрж байгаа эх анхаарах хэрэгтэй. Хүн нас ахих тусам гэдэсний ашигтай нянгууд цөөрч эхэлдэг. Тийм ч болохоор залуу байсан үеийнх шигээ идсэн хэвээр байвал амархан таргалж, өтгөн хатаж, дархлаа муудан, өвчлөмтгий болдог шүү дээ. Төрөл бүрийн цагаан идээ гэдэсний ашигтай нянг нөхөж өгдөг. Монгол ахуйн ааруул, ээзгий, тараг, зөөхий гээд тансаг амттангуудаа улам сайн хэрэглэж заншъя. Шарсан хуурсан хоолноос татгалзъя, өнөөх нянгуудыг чинь багасгаж, таргалат, чихрийн шижингийн эхлэл болно. Гэдэсний ашигтай нянгийн хоол болж өгдөг жимс ногоог харин сайн оруулж өгөөрэй.

Ураг төрөх үед эхийн төрөх зам, үтрээгээр дамжиж гарч ирэхдээ эхийн биед агуулагдах нянг өөртөө наалдуулж, амандаа хийдэг ба энэ нь тэр чигтээ гэдэснийх нь нян болж үлддэг гэсэн үг. Тиймээс ч кесарев хагалгаагаар төрсөн хүүхэд гэдэсний нянгийнх нь тэнцвэр алдагдаж, таргаламтгай, өвчинд өртөмтгий байж болзошгүй гэсэн судалгаанууд ар араасаа гарч ирж байгааг мэдэхэд илүүдэхгүй биз.

Эцэст нь фолийн хүчил агуулсан брокколи, бууцай, вандуйг өдөр тутам алгасалгүй хэрэглэж заншъя, төрөлхийн гажигаас сэргийлэхэд тус болно.

Архины төрлийн ундаа, эм нь төрөлхийн гажиг, хөгжлийн бэрхшээл үүсгэх шалтгаан болдог тул архийг тэр чигт нь хасч, зайлшгүй тохиолдолд эмийг эмчийн заавраар хэрэглэе.
Монголын эрүүл саруул үрс маш олон болтугай!

http://www.who.int/mediacentre/news/notes/2013/salt_potassium_20130131/en/

妊娠中の食事  細川 モモ 2016

No comments:

Post a Comment