Friday 28 September 2018

“Гайтай” Яманака гайхамшиг бүтээсэн нь

Нобелийн шагналт эрдэмтэн Шинья Яманакаг залуухан байхад нь багш нь Жяманака гэж дууддаг байв. “Жяма” гэдэг нь Японоор гай, төвөг гэсэн үг. Анагаахын сургуулиа дөнгөж төгсөөд, гэмтлийн мэс заслын резидентээ хийж байхад нь багшийнх нь хадарч өгсөн хоч. Хагалгаанд орох болгондоо алдаа гаргаж, бусад эмчийн 20 минут хийдэг мэс ажилбарт 2 цаг зарцуулж лайтдаг байсан болохоор багш нь арга ядахдаа тэгж хочилсон хэрэг. Харин нөгөө “Гайтай” Яманакаг ирээдүйн Нобелийн шагналт эрдэмтэн болно гэж тухайн үед хэн ч мэдсэнгүй. Тэр тусмаа хүний биеийн бүх төрлийн эс рүү ялгарч чаддаг үүдэл эсийг нэгэнт ялгараад хөгжчихсэн арьсны эсээс буцаагаад гаргаж авсан анагаах ухааны эцэг болно чинээ төсөөлсөн ч үгүй.

Жирийн нэгэн оёдлын машины эд ангийн үйлдвэр эрхэлдэг гэр бүлээс гаралтай тэрбээр тухайн үеийнхээ бүтэлгүйтлээс болоод бага байхын л гэмтлийн мэс засалч болно гэсэн мөрөөдлөө хаяж,   судалгааны чиглэлээр цааш суралцахаар шийдэв. Энэ замыг сонгосон учир нь хэдий алтан гартай мэс засалч байгаад ч эдгээж чаддаггүй өвчин өч төчнөөн байдаг юм байна гэдгийг харж, мэдсэн болохоор тэр. Хэрвээ би хүн үздэггүй юм бол эдгэрэшгүй өвчнийг анагаах эм бүтээж яагаад болохгүй гэж? хэмээн өөрөөсөө асууж. Ийнхүү суурь анагаах ухааны салбарт эргэлт буцалтгүй орсон ч Японд эсийн судалгаа сайн хөгжиж чадаагүй, судалгааны санхүүжилт ч муу олддог байсан тэр үед Америкад сураад ирэхдээ авчирсан хулганаа өөрөө баасыг нь цэвэрлэж, хоол өгч арчилдаг байв. Гэтэл хулгана гэдэг амьтан геометрийн прогрессоор өсдөг болохоор гуравхан ширхэг ирсэн хулгана нь жилийн дараа гэхэд 500 болтлоо үржиж, өдөр тутмын арчилгаа нь огцом нэмэгдэн, өөрийгөө судалгаа хийгээд байгаа юм уу, хулганы баастай ноцолддог цэвэрлэгч хийгээд байгаа юмуу гэдгээ ойлгохоо больжээ. Эргэн тойрных нь хүмүүс ч “Юугаа хийгээд хулганы баастай хутгалдаад явдаг юм бэ, эмч ухаантай юм бол анагаах ухаанд хэрэгтэй зүйл хийвэл яасан юм бэ!” гэцгээнэ.

Гэсэн ч жаахан эвгүйтээд ирэхээр л шантарч больдог өөртэйгээ тэр эвлэрч чадсангүй. Тухайн үед дөнгөж үр хөврөлөөс үүдэл эс гаргаж, цааш нь ялгаруулан хөгжүүлж, хүний олон эрхтэний эсийг гарган авч, эдгэрэшгүй өвчнийг анагааж болох бололцооны талаар шуугиж эхэлсэн үе. Гэсэн ч хүн болж амжаагүй үр хөврөлийг судалгаанд ашиглах нь ёс зүйн хувьд асар их маргааныг дагуулж байв. Энэ үед л Яманака “Нэгэнт ялгараад хөгжчихсөн эсийг буцаагаад үүдэл эс болгоод орхиё! Тэгвэл ёс зүйн асуудлыг бүрэн шийдэх нь.” хэмээн ид шидийн юм шиг зорилт өмнөө тавьж, өнөөх баастай хулганууд дээрээ мастерийн гуравхан оюутан, нэг лаборантын тусламжтайгаар туршилт хийх судалгааны ажилдаа ханцуй шамлан оров. Гэтэл хэзээ ч бүтэшгүй гайхамшиг мэт сонсогдох энэ алсын хараагаа 6-7хон жилийн дотор бодит байдал болгож чаджээ.

iPS(Induced Pluripotent Stem Cells) буюу олон чадавхит зохиомол үүдэл эсийг гарган авсанаар мэдрэл, зүрх, нойр булчирхай, уушиг, яс, цус, булчин, арьс гэх мэт бүх л төрлийн эсрүү ялгаруулан хөгжүүлж, Паркинсоны өвчин, мэдрэл, нуруу нугасны өвчин, чихрийн шижин, элэгний үйл ажиллагааны дутмагшил, цусны цагаан эсийн хавдар, булчингийн хатингаршил, түлэгдэлт зэрэг эргэшгүй бүх л өвчнийг хүний өөрийнх нь эсээр анагаах нөхцөл боломжийг бодитоор бий болгосон агуу нээлт болсон юм. Дээрээс нь хүний өөрийн эсийг эмчилгээнд ашигласнаар уг хүндээ бүрэн тохирч, дархлааны тохирооны асуудал шийдэгдэж, ховхрох аюул үгүй болох юм.

Өдгөө iPS эсээр хүний нүдний торлог бүрхэвчийг нөхөх оролдлого Японд амжилттай хийгдсэн ба клиник туршилтанд оролцсон 80 настай эмэгтэйн харааг цааш муудахаас сэргийлж чаджээ. Энэ туршилт нь зохиомол үүдэл эсийг эмчилгээнд ашиглах бүрэн боломтойг баталсан ба цаашид хүн төрөлхтөнд хийгдэх олон олон өвчнийг анагаах салхийг хагалаад байна.

Эх сурвалж:
Wilson, K. D., & Wu, J. C. (2015). Induced pluripotent stem cells. Jama, 313(16), 1613-1614.
Mandai, M., Fujii, M., Hashiguchi, T., Sunagawa, G. A., Ito, S. I., Sun, J., ... & Takahashi, M. (2017). iPSC-derived retina transplants improve vision in rd1 end-stage retinal-degeneration mice. Stem Cell Reports, 8(1), 69-83.
Mandai, M., Watanabe, A., Kurimoto, Y., Hirami, Y., Morinaga, C., Daimon, T., ... & Terada, M. (2017). Autologous induced stem-cell–derived retinal cells for macular degeneration. New England Journal of Medicine, 376(11), 1038-1046.
https://www.newscientist.com/article/2124820-vision-saved-by-first-induced-pluripotent-stem-cell-treatment/

No comments:

Post a Comment