Sunday 26 April 2020

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ТОВЧ ТҮҮХ


                    

                           
14 тэрбум жилийн тэртээ матери, энерги, цаг хугацаа, орон зай хоорондоо нэгдэн нийлж энэ ертөнцийг үүсгэжээ. Эдгээр үзэгдлийн түүхийг физик гэдэг. Харин атом молекулын харилцан үйлчлэлийн түүхийг хими гэдэг. Бие махбодийн түүхийг биологи гэдэг. Түүнээс гаралтай хүн төрөлхтөний түүхийг энд өгүүлэх болно.

Хүн төрөлхтөний түүхийг 3 үндсэн хувьсгал бүрдүүлжээ. Танин мэдэхүйн хувьсгал 70 мянган жилийн өмнө, хөдөө аж ахуйн хувьсгал 12 мянган жилийн өмнө, шинжлэх ухааны хувьсгал 500 жилийн өмнө үүсч. Харин энэ сүүлийн хувьсгал хүн төрөлхтөний түүхийг дуусгаж, шинэ эриний эхлэл ч болж магадгүй юм.

Танин мэдэхүйн хувьсгал анх хүнийг амьтнаас ялгаруулж эхэлжээ. Гагцхүү хүн л байхгүй зүйлийн тухай ярьж, түүндээ итгэж чаддаг. Та сармагчинг хэзээ ч үхсэнийхээ дараа сармагчингийн диваажинд очоод хязгааргүй их бананатай болно гээд одоо байгаа гадилаа өөртөө өгөхийг ятгаж чадахгүй юм. Яг энэ зарчмаар хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хүмүүсийн төсөөлөлд бий болж амьдрал дээр оршин тогтнож, мөнгөний эргэлт үүсгэж байна.

Хөдөө аж ахуйн хувсгал хүмүүст нийгэм улс төр , мөнгө гэдэг зүйлийг бий болгожээ. Ихэнх үнэт зүйлийг хадгалж болдоггүй. Үүнд цаг хугацаа ба гоо үзэсгэлэн орно. Харин зарим удаан хадгалж болдог үр тариа гэх мэт зүйлс дээр тулгуурлан мөнгө зохиогджээ. Бид танихгүй хүнд итгэдэггүй ч түүний зоосонд итгэдэг. Хэрэв тэд зоосгүй болж эхэлбэл бид бас итгэхээ больж эхэлдэг. Үүнээс улбаалан бид нийгмийг цогцлоож, тэр байтугай шашин улс төрийг бий болгосон. 

Ингээд биологиос тусдаа хүний төсөөллээс үүссэн ертөнц үүсч эхэлсэн. Хүний төсөөлөл материаллаг ертөнцөд биеллээ олдог. Индивидуализм хүмүүсийн амьдрах орчинг өөрчлөв. Олон өрөөтэй байшинд хүмүүс амьдрах болсоноор хүүхдүүд тусдаа өрөөнд унтах болов. Тэд өөрийн гэсэн орон зайтай болохоор өөрийгөө хувь хүн гэж төсөөлөхөд амархан болж, өөрийн үнэ цэнээ дотроосоо хайж эхэлцгээдэг. Гэтэл дундад зууны үед хүүхэд үргэлж бусдын нүдэн дээр өсч торнидог байв. Хэн нэгний харсан, ярьсан бүрийг тооцоолж, өөрийнх нь үнэ цэнэ нийгмийн давхарга, бусдын түүнийг юу гэж тодорхойлсоноор хэмжигддэг байв. Хүний төсөөлөл хэрэглээний түвшинд бодит биеллээ олсон бас нэг сонгодог жишээ бол гадаадад аяллаар явж, юм үзэж нүд тайлах явдал юм. Сармагчинд жишээ нь хэзээ ч саахалт сүрэг дээр очиж тэднийхнийг сонирхох бодол орж ирэхгүй юм. 

Нийгмийн давхарга бол бас л хүний төсөөллөөс урган гарсан бүтээгдэхүүн. Баян хүний хүүхэд баян болж, ядуу хүний хүүхэд ядуугаараа дуусдаг нь батлагдсан зүйл. Биологийн талаас авч үзвэл баян, ядуу хүний хооронд бие махбодийн болон оюуны чадамжийн ямар ч ялгаа байхгүй юм. Гэсэн хэдий ч хоёр ихрийг багаас нь баян ядуу гэр бүлд тусгаарлан өсгөлөө гэхэд яг адил байгалиас заяагдсан авьяас чадвартай ч түүнийг хөгжүүлж, зүлгэж байж л илүү тодордог тул хангамжтай орчинд өссөн хүүхэд л илүү чадвартай болно. Яаж ийж байгаад хоёуланг нь адил түвшинд хөгжүүллээ ч гэсэн хоёулаа адил хэмжээний амжилтанд хүрэхэд хэцүү. Эдийн засгийн тоглоомын дүрэм журам тэр хоёрын гарал угсаанд хязгаар тавих ба нүдэнд үл үзэгдэх шилэн хана саад болох болно. Бизнесийн орчинд хүний дэг жаяг, холбоо сүлбээ бол удамшиж авсан генээс хүчтэй. 

Хүн төрөлхтөнийг дээд доод төрөлтөн хэмээн ангилах нь хоосон төсөөллөөс хэтрэхгүй зүйл гэдгийг бүгд л шууд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэрнээ хүн бүр тэгш тэнцүү гэдэг ухагдахуун ч бас эргэлзмээр. Яг ямар байдлаараа хүн бүр тэгш юм бэ? Хүний төсөөллөөс гадуур гарт баригдаж нүдэнд үзэгдэх эн тэнцүү байдал бидэнд үнэхээр бий гэж үү? Хүн бүр тодорхой хэмжээнд өөр өөр удмын кодтой, өөр өөр орчинд өсч торнидог. Үүнээс үүдэлтэйгээр хөгжил нь өөр, амьдрах чадвар нь өөр. Гэтэл хүн бүр адил бүтээгдсэн гэж ярьдаг. Биологид хүн эволюцийн дагуу хөгжиж ирсэн л болохоос хэзээ ч хэн нэгэн бүтээсэн гэж үздэггүй. Тийм болохоор хэн ч хүн төрөлхтөнд тодорхой зүйлийг бий болгоогүй, заяагдсан тэгш эрх гэдэг зүйл байгальд байхгүй. Шувууд далавчтай учраас л нисдэг болохоос нисэх эрхтэй болохоор нисдэггүй юм.

Үүнтэй адилаар биологид жендерийн асуудал байхгүй. Бонобо сармагчин, зааны нийгэмд эм хүйстнүүд илүү хоорондоо нэгдэж чаддаг, харин амиа бодсон нэгдмэл чадваргүй эрэгчингүүд нийгмээсээ шахагддаг. Бонобо эмэгчин сул дорой ч хил хязгаарыг зөрчсөн эрэгчингээ бүлэглэн зодож чадна. Хэрвээ энэ амьтдын хувьд боломжтой юм бол яагаад хүн тийм биш юм бол? Хүн угаасаа сул дорой амьтан. Тийм болохоор эмэгтэйчүүд ч гэсэн илүү нэгдмэл чанараараа хувиа хичээсэн эрчүүдийг эрхэндээ оруулж хүссэнээрээ байлгаж чадах юм биш үү. Яг л хар арьстнууд цагаануудын менежментэд захирагддаг шиг эмэгтэй захирагчийн дор цэрэг эрсийг удирдаж болохгүй юм уу?  Гэтэл хүн төрөлхтөний дунд эрчүүд хүч чадалтай, өрсөлдөөнч гэхээсээ илүү нийгмийн харилцааны чадвар өндөртэй, хоорондоо нэгдэх чадвараар эмэгтэйчүүдийг бодвол давамгай байж болох л юм. Ер нь нэгдмэл чанар хүн төрөлхтөнийг нийлүүлж мега соёлыг бий болгож байна. Анхны жишээний нэг нь Монголын эзэнт гүрэн юм. 1281 онд Хубилай хааны цэрэг Япон луу дайлаар мордоход үстэй дээлтэй Монгол морьтонгууд хулсан малгайтай Хятад явган цэргүүдтэй мөр зэрэгцэн, Солонгос цэргийн нэмэлт хүчээр байлдаж, Европын адал явдлыг амаа ангайлган сонсдог байсан юм. Эд бүгд нэг л удидагчийн дор өрнөсөн явдал. Нэгдмэл чанар, чадварлаг зохион байгуулалт, төмөр зарчим бол Монголын эзэнт гүрнийг Евроазийг эзлэн авахад хүргэсэн болохоос ямар нэгэн технологийн дэвшил биш байсан юм. Харин ч Монголд эзлүүлж байсан улс орнууд технологиороо илүү хөгжсөн байсан. Яагад гэвэл шинжлэх ухааны мэдлэг мөнгөтэй холбогдож түүнийг хөгжүүлэх сэдэл байдаггүй байсан болохоор тэр.

Нэгэнт шинжлэх ухаан мөнгөн хөшүүрэг хоёр холбогдоод ирмэгц шинжлэх ухаан гайхамшигтай хурднаар хөгжиж эхэллээ. Өнөө цагийн Европийн давамгайлал ч үүнтэй холбоотой. Ром, Монголын эзэнт гүрнүүд олон газар орныг эзэлсэн ч тэдэнд мэдлэг дутсанаар сарнин бутарчээ. Харин Европчууд шинэ мэдлэг олж авах зорилгоор өөр газар орнуудыг эзэлж авх аянаа эхлүүлсэн байдаг. Напелеон Египетийг 1798 онд дайлахдаа өөртэйгээ цуг 165 эрдэмтдийг авч явсан нь ч үүнтэй холбоотой. Ингэж шашин, хэл судлал, ургамал судлалын шинжлэх ухааны үндэс тавигджээ. Англичууд ч гэсэн олж авсан мэдлэгээ ашиглан маш бага цэргийн хүчээр хэдэн зуун сая Энтхэгчүүдийг олзолсон түүхтэй. 19-р зууны турш, 20-р зууны эхэн хүртэл ердөө 150 мянга гаруй цэрэг, засаг захиргааны ажилтнууд, бизнесмэн болон тэдний гэр бүлийнхэн 300 сая энэтхэгчүүдийг эрхшээлдээ оруулан захирч байсан байдаг юм. 

Гэхдээ шинжлэх ухаан “Юу илүү чухал вэ, Юу сайн бэ?” гэдэг асуултуудад хариулт өгдөггүй. Зөвхөн дэлхий дээр юу байна, яаж хоорондоо харилцан үйлчилж байна, ирээдүйд юу болж болох вэ гэдэг асуултанд л хариу өгдөг. Өөрөө хэлбэл ирээдүй ямар байх ёстой вэ гэдэгт хариулдаггүй, энэ асуултанд зөвхөн шашин, үзэл суртал л хариулахыг оролддог. Шинжлэх ухаан өөрийн эрэмбийг тогтоодоггүй, шинэ гарсан нээлтээр юу хийхээ тодорхойлдоггүй.

Шинжлэх ухаан бол маш өндөр өртгөөр хөгждөг эд. Тиймдээ ч шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд аливаа бизнес, улс төрийн ашиг сонирхол байнга дагалдаж байдаг. Эрдэмтэд өөрсдөө бол улс төр, эдийн засаг, шашны ямар ч сонирхолгүй байх нь элбэг бөгөөд зөвхөн оюун санааны хүсэл сонирхол нь давамгайлдаг.

Шинжлэх ухааныг хөгжүүлж, байгалийн түүхий эд, энергийг ашиглан мөнгө их олох тусам байгаль тэр хэмжээгээр сүйдэж байна. Дэлхий хүний хэрэгцээнд зориулагдан өөрчлөгдөх явцад олон амьтан устаж үгүй болжээ. Бидний цэнхэр дэлхий бетонон ба хуванцар худалдааны төв болж зүсээ хувиргаж байна. Хүн төрөлхтөн уул нь албаар байгаль эхийг сүйтгэх гээд байгаа юм биш, хэтэрхий тоомжиргүй, хайхрамжгүй байна.  Яг л Атлантын боолын наймаа Африкчуудыг үзэн ядсанаас үүдээгүй шиг өнөөдрийн амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл амьтныг үзэн ядсанаас болоогүй юм.

Өнөөдөр дэлхий дээр байгаа 7 тэрбум гаруй хүний нийт жин 300 сая тонн. Бидний хэрэгцээг хангаж буй үхэр, гахай, хонь, тахиа гэх мэт тэжээвэр амьтдын жин 700 сая тонн. Харин байгаль дээрх заан, оцон шувуу, халим гэх мэт амьтдын нийт масс дөнгөж л 100 сая хүрэхтэй үгүйтэй байна. Гэтэл бидний хүүхдийн үздэг ном, зурагтын дэлгэцээр энэ дэлхий дээр цөөхөн үлдсэн  анааш, чоно, шимпанзены дүрсээр дүүрэн.

Ингэж явсаар хүн төрөлхтөн олон төрлийн амьтдыг устгаж, эцэстээ өөрсдийгөө ч газрын хөрснөөс арчиж мэдэх юм. 2005 онд эхэлсэн хүний тархийг судлах нэгэн төслөөр хүний тархин дахь мэдрэлийн сүлжээг дууриалган бүтээж эхэлсэн. Хэрэв энэ төсөл хангалттай санхүүжилт авч чадвал дахиад хэдхэн арван жилийн дараа гэхэд бид компьютер доторх хиймэл хүний тархийг бүтээж тэр нь хүн шиг ярьж сэтгэж чадах юм. Бид энэ бүх мэдлэг, чадвар, шинжлэх ухааны ололтыг зөв залж чадалгүй, юу хүсч байгаагаа мэдэхгүйгээр урагшилсаар байвал хүн төрөлхтөний мөхөл ирж, биднийг хүний биеэс ангид оюун ухаан орлох цаг ойрхон байна. Хүн ихийг сурч мэдэж болно, гэхдээ юу хүсч байгаагаа маш сайн мэддэг байх хэрэгтэй гэдгийг дэлхий ертөнцийн өөрчлөлт бидэнд сануулсаар.

Эх сурвалж:
Harari, Y. N. (2014). A brief history of humankind. Publish in agreement with The Deborah Harris Agency and the Grayhawk Agency.

No comments:

Post a Comment