Wednesday 8 February 2017

Хөгшрөлтийн эсрэг яах ёстой вэ?


Хүний биеийн хөгшрөлт үндсэндээ гурван механизмаар явагддаг.

  • Исэлдэлт 
  • Сахаржилт буюу чихрийн түлэгдэлт
  • Үрэвсэл
  • Исэлдэлт 
Хүн агаар амьсгалж амьд явна. Гэхдээ амьсгална гэдэг маань өөрөө хөгшрөхийн нэр юм. Яагаад гэвэл агаарт 21 хувийн хүчилтөрөгч агуулагддаг ба энэ нь амьсгалаар орж хүний биед энерги үүсэх үйл явцад оролцоно. Гэвч энэ үйл явцад оролцоогүй биед хуримтлагдсан хүчилтөрөгч нь исэлдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хүний биеийн гадна дотор эрхтэнүүдийг зэвтүүлнэ гэсэн үг, яг л метал зэвэрдэг шиг. Нэг үгээр хэлэхэд амьдралын зайлшгүй үйл явц боловч, хөдөлгөөнгүй байх, тамхи, архи, стрессийн нөлөөгөөр энэхүү зэврэлт даамжирна. Ингээд зэврэлт хуримтлагдаад эхэлмэгц эрхтэнүүд үйл ажиллагаагаа бүрэн сайн явуулж чадахгүй даралт ихсэх, чихрийн шижинтэх, судас хатуурах гэх мэт амьдралын хэвшлээс үүдэлтэй өвчнүүд үүсч эхэлнэ. Бүр цаашлаад төрөл бүрийн хавдар, эмэгтэйчүүдэд өндгөн эсийн тоо цөөрч, үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд олох магадлал буурна гэсэн үг.

Энэхүү исэлдэлтээс сэргийлж өгдөг, зэврэлтийг саармагжуулдаг зүйл бол антиоксидант. Антиоксидант ерөнхийдөө хурц тод өнгөтэй хүнсэнд агуулагддаг. Тэгэхээр аль болох олон өнгийн зүйл идэх тусам сайн гэсэн үг. Болдог бол солонгын долоон өнгөний дагуу хоолловол хамгийн сайн. Улаан, ногоон, шар, үзмэн ягаан, бор, хар, цагаан өнгийн хүнсийг  хольж иднэ гэсэн үг. За бүр болохгүй бол дор хаяж 3-4 өнгө хооллох бүрдээ анхаарч идэх хэрэгтэй. 

Зарим хүн бодож магадгүй. Өргөст хэмх чинь ногоон юмуу цагаан юмуу гэж. Гаднах өнгөөр нь тооцоорой. Ногоон шүү. Алим уу? Улаан шүү.

  • Сахаржилт буюу чихрийн түлэгдэлт

Цусанд сахарын агууламж ихсэхэд хүний бие түлэгддэг гэдгийг та мэдэх үү?
Хүний биен дэх уураг түлэгддэг гэсэн үг. Туршилтаар хүний биед байдаг коллагенийг авч үзэж. Цусан дахь сахар тогтмол их байхад энэхүү арьсыг толигор сайхан харагдуулах үүрэгтэй, эмэгтэйчүүдийн амин хайрт цэлцгэнэсэн тунгалаг коллаген маань борлож, харлан өнгөө алдаж, зарим үед бүр энд тэндээсээ түлэгдэж хатуурдаг байна. Ингээд нэгэнт хатуурч харлачихсан хөгшрөлтийн бүтээгдэхүүнийг биеэс зайлуулах ямар ч боломжгүй болдог. Улам л хуримтлагдан бөөгнөрдөг.

Цусны сахарын агууламжийг огцом өсгөдөг зүйлст нүүрс усны агууламж ихтэй хүнс орно. Гоймон, шарсан төмс, гурилан бүтээгдэхүүнүүд, сахар зэрэг голдуу цагаан өнгөтэй хүнс орно. Өглөө хоолоо идэж амжилгүй, өдөр тийшээ асар ихээр өлсөж шууд цатгах зориулалттай эдгээр хүнсийг хэрэглэбэл цусны сахарын хэмжээ пуужин адил (200 мг/дл хүрдэг) хөөрнө гэсэн үг. Сахарын хэмжээ их болоод ирэнгүүд инсулин  ялгарч эсүүдэд сахарыг зөөвөрлөн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Энэ байдал хэт их хэмжээгээр удаа дараа давтагдан үргэлжилбэл инсулин дутагдаж эхлэн, орж ирсэн сахартай тулж ажиллаж чадахгүйд хүрдэг. Ингээд инсулинээ хамаа замбараагүй ашиглачихсан хүнд цусны сахар нь ихэссэн хэвээр байх ба ам цангах, нойр хүрэх шинжүүд илэрч сахарын өвчний эхлэл тавигдаж буйн дохио болж өгнө. Тиймээс ингэж амархан цусны сахараа өсгөхгүй байлгах хамгийн чухал урьдчилан сэргийлэлт бол өглөөний хоол юм.

Цусан дахь сахарын хэмжээ ердийн үед 70-100 мг/дл байдаг. Харин хоолны дараа ихэссэн үедээ 140 хүрдэг. Энэ хэмжээ 150-с их болоод ирэхээр түлэгдэлт явагдаж эхэлнэ. Эмэгтэй хүнд өндгөн эсийн уураглаг шингэн хүртэл үүнд өртөнө. Жирэмсэн болж чадахгүй байгаа хүмүүс үнэндээ цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэн байдаг нь ховор тохиолдол биш.

Тэгэхээр хоолны дараа цусан дахь сахарын хэмжээгээ хэрхэн ихэсгэхгүй байх билээ?
Үүний тулд цусны сахарын агууламжийг огцом өсгөдөггүй мах, загаснаас гадна ногоог гурил будаатай цуг идвэл сахар гэнэт цусанд ихсэхгүй. Ресторанд ороход эхлээд салат гарч ирдэг нь цусны сахарыг өсгөхөөс сэргийлж байгаа нэг арга.
Өөр бас нэг сахараа огцом ихэсгэхгүй байх арга бол хэт өлсөхгүй байх. Үдийн цай энэ үүргийг гүйцэтгэнэ. Үдийн цай гэхээр заавал ч үгүй чихэрлэг зүйл идэж уух албагүй. Самар, хатаасан жимс, ногоо, тараг, ислэг ихтэй хүнснүүд байж болно. Эдгээр нь сахараас хамгаалаад зогсохгүй хавагналт, өтгөн хаталтанд ч тустай байдаг. Мөн өмнөх хоолон дээрээ ургамлын гаралтай сүү хэрэглэвэл цусны сахарыг багасгаад зогсохгүй дараагийн хоолноос үүдэх сахарын өсөлтөөс сэргийлдэг. Үүнийг хоёрдогч хоолны нөлөө гэдэг.
  • Үрэвсэл

Ер нь хүний биед байнга л жижиг жижиг үрэвслүүд явагдаж байдаг. Өвчин бол үрэвслийн нэг том жишээ. Харин өвчин үүсгэхээргүй хэмжээнд явагддаг үрэвслүүд хүнийг хөгшрүүлдэг. Энэхүү үрэвслийг дарж өгдөг хүнсэнд омега 3 өөхний хүчил (DHA EPA) агуулсан зүйлс орно. Загас эдгээрийг хамгийн ихээр агуулдагаас гадна гүнжидийн үр, вандуйн төрлүүд мөн энэ төрөлд орно. Монголчуудад олддог гарын доорх хүнс бол хушга.  
Сүүлийн үеийн судалгаагаар илрээд байгаа омега 3-аар баялаг Монголчуудад ээлтэй нэгэн хүнс бол хонины мах юм. Хөгшин хүмүүүс хонины махаа идэх дуртай байдаг нь байгалиас заяасан бас нэгэн шалгарлын хэлбэр ч байж болох. 

Эх сурвалж:

http://www.grazeonline.com/landsalmon
食事」を知っているだけで人生を大きく守れる 細川モモ 2016
http://www.jsa-site.com/about_kousanka.htm

No comments:

Post a Comment