Friday 27 January 2017

Ховрын өвчин буюу хомсдолын хавх


Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх орнуудад өлсгөлөн нэрвэж байлаа. Яг энэ үеэр Миннесотагийн Их Сургууль 36 эрийг нэгэн сонирхолтой туршилтанд хамруулсан байдаг. Юу вэ гэхээр тэднийг өлсгөлөнд нэрвэж туршиж үзсэн байгаа юм. Дайны дараах үе болохоор л ийм судалгаа зөвшөөрөгдсөн нь гарцаагүй. Өнөө үед бол мэдээж хориотой. 

За тэгээд судалгааны үр дүнг харвал тэдгээр эрсийн бодисын солилцоо 40 хувиар буурсан ба өлсгөлөнгөөс болж хатингиршсан булчин нь янгинан өвдөж, гэдэс нь шингэнээр дүүрч, цүндийгээд ирсэн байна. Энийг ч та Африкийн өлсгөлөн хүүхдүүдийн зурагнаас бишгүйдээ харж байсан болохоор нэг их гайхшрахгүй биз. 

Энэ судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ гэхээр судалгаанд оролцогчдод сэтгэцийн өөрчлөлтүүд гарсан явдал юм. Тэдгээр оролцогчдод хоолны ном, хоолны жороос өөр юм харагдахаа больж, хоолны талаарх бодол бүх зүрх сэтгэлийг нь эзэмдэж байв. Туршилтанд орохоос өмнө хоолны талаар огт сонирхдоггүй байсан хүмүүс ч мөн адил. Нэг оролцогч туршилтын талаар эргэн дурсахдаа "Хоолноос өөр ямар ч бодол орж ирэхгүй байсан, энэ дэлхийн цорын ганц чухал зүйл юм шиг санагдаж байв." гэжээ. 

Харин энэ судалгаанаас хэдэн арван жилийн дараа батлагдсан дүгнэлт бол өлсгөлөн бол зөвхөн бие махбодь, булчин шөрмөсийг хатингиршуулаад зогсохгүй хүний оюун ухааныг ч хатингиршуулдаг гэсэн үр дүн байв. Харвардын профессор Муллайнатан энэ талаар гүнзгийрүүлэн судалж "Why having too little means so much" хэмээх бүтээлийг туурвижээ. Тэдний боловсруулсан мэдээлэл дээрээс дүгнэж хэлэхэд аливаа зүйл ховордоход  хүний сэтгэл санаа өлсгөлөн, ганцаардал, хавчигдмал боогдмол байдал, ядуурлыг гүнзгий мэдэрдэг аж. 

Энэ нь ч бусад сэтгэл зүйн туршилт судалгаагаар батлагдсан байдаг. Хэрэв хүний оюун ухаан нэгэн зүйлд гүн төвлөрвөл анхаарал, биеэ хянах чадвар, төлөвлөгөө гаргах чадварууд нь сулардаг байна. Яг л олон програм зэрэг ачааллаж байгаа компьютер шиг удаад эхэлдэг гэсэн үг. Профессор Муллайнатаны баталж буйгаар ядуу хүмүүсийн гаргадаг урагшгүй шийдвэр, бодлогогүй авир бол удаан хугацаанд юмсын хомсдолд орсоноос үүдэлтэй. Хэрэв таныг өнөөдөр ядуу болгоод тавьчихвал та ч бас тэдгээр хүмүүстэй адил зан авирыг үзүүлж эхлэх бөгөөд энэ нь үнэндээ хэн байхаас хамааралгүй юм гэжээ. Нэг ёсны та ховрын өвчинд нэрвэгдэж, хомсдолын занганд орно гэсэн үг юм. 

Хомсдолын занганд та эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байж болох ч өөрийн мэдэлгүй орчихсон байх магадлалтай. Жишээ нь цаг хугацааны хомсдол. Танд аливаа ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа өгөгдсөн тохиолдолд тухайн  ажлаас бусад бүх юм танд нэг их чухал биш, хойш нь тавьж болохоор санагддаг уу?
Хэрэв тийм бол та хомсдлын занганд орж оюун ухаанаа эзэмдүүлчихээд байгаагийн шинж. 

Хомсдолын занганы гурван гол төлөөлөл бол цаг хугацаа, хоол хүнс, мөнгө юм. Эдгээр зүйлс хомсдоход та хэчнээн ухаантай нэгэн байсан ч гаргах шийдвэрүүд тань болчимгүй, алсын хараагүй, тэнэгдүү болж ирнэ гэсэн үг. Энэ талаар туршилт судалгааг энэтхэгийн фермерчид дээр хийж үзжээ. Тарьж буй ногооноосоо шалтгаалаад ургац хурааж авах үе  нь өөр өөр байдаг ба энэ нь фермерчидийн ногоогоо зарж мөнгөтэй болох үе юм. Тэд жилийн зөвхөн нэг тодорхой үед л мөнгөтэй байдаг ба бусад үед нь ядуу амьдардаг байна. Энэ хүмүүст мөнгөтэй байх үе болон мөнгөгүй байх үед нь оюун ухааны тест хийж үзэхэд мөнгөтэй байх үедээ илүү өндөр оноо авдаг нь нотлогдсон байна. 

Энэхүү хомсдолын хавхны тухай ойлголт эдийн засгийн зан үйлийн шинжлэх ухаанд харьцангуй шинэ ойлголт бөгөөд ядуу хүмүүс буруу шийдвэр гаргадаг болохоор ядуурч байгаа бус ядуу учраас буруу шийдвэр гаргадаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. 

Тэгэхээр хомсдолын хавхнаас хэрхэн зайлсхийх вэ? 

Дэлхийн хоёрдугаар дайны үед америкийн байлдааны онгоцны нисгэгчид олноороо зөвхөн нэг төрлийн ослоос болж онгоцтойгоо осолдон нас барж байв. Энэ нь нисгэгчид дугуй хянагч товчлуур болон далавч хянах товчлуураа андуурсанаас үүдэлтэй байж. Шинжээчид толгойгоо сэгсрэн яагаад ийм болчимгүй алдаа хийгээд байгааг гайхдаг байв. Гэтэл үнэндээ энэ 2 товчлуур нь хоорондоо яг адилхан харагддаг бөгөөд бие биентэйгээ зэрэгцээ байрлалтай байсныг ажиглажээ. Ингээд товчлуурын өнгө байрлалыг солих дизайны бяцхан шийдэл гаргаснаар нисгэгчдийн ийм төрлийн ослыг арилгасан гэж байгаа юм. Нисгэгчийн алдаанд төвлөрөхөөс илүү онгоцноос шалтгааныг нь хайснаар асуудал шийдэгдсэн байна.Яг үүнтэй адил. 

Ядуу хүмүүсээс өө хайх биш тэдэнд тохирсон ядуурал бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Ядуурал бууруулах хөтөлбөр, мэргэжлийн сертификат олгодог хичээлүүдэд ядуу хүмүүсийг яаж ийж байгаад албадан бүртгэж, явуулахаар болгодог ч ихэнхдээ тэд хичээлээ таслан идэвхигүй оролцсоор сүүлдээ дундаас нь хаядаг. Яагаад гэвэл тэд хичээлдээ ирэхийн тулд унаа уншны мөнгө илүү төлөхөөс авахуулаад хүүхдээ харах хүн зохицуулах хэрэгтэй болдог. Иймэрхүү хомсдолын шалтгаанаас нэг удаа хичээлдээ ирээгүй хүн хичээлийн агуулгаасаа хоцорч цаашид нөхөхөд хэцүү болдог тул дундаас нь орхихоос өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл эдгээр хүмүүсийг нэг удаа тасалчихлаа гэхэд дараагийн удаа ирэхэд нь нөхөж олгодог байхаар тогтолцоог л бүрдүүлээд өгөх нь чухал юм. Хоцорсон хүмүүст зориулсан параллел анги ч юмуу жижигхээн хөтөлбөрийн өөрчлөлт хийхэд л амжилттай төгсөгчдийн тоо ихсэх бүрэн бололцоотой. 

Өөр бас нэг жишээ. Нэгэн пүүс ажилчдаасаа сар бүрийн цалингаасаа тодорхой хувийг автоматаар хадгаламжинд нь хийхээр суутгаж болох эсэхийг асуужээ. Ажилчид жирийн үед энэ сонголтоос татгалзаж байсан бол тэдний цалин нэмэгдэх мөчлөгтэй давхцуулан асуухад 75% нь зөвшөөрсөн байдаг. 

Тэгэхээр хүнийг хомсдолын хавхнаас гаргах сэтгэл зүйн манипуляци хийх тохиромжтой үеийг бодлого боловсруулагчид ухаалгаар тооцож гаргаж ирж чадвал ямар ч илүү зардал гаргалгүйгээр ядууралтай тэмцэх боломжтой аж. 

Хязгаарлагдмал нөөцийг хэрхэн хуваарилахыг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Энэ бол эдийн засгийн шинжлэх ухаан гэдгийг та угаас мэднэ. Эдийн засагчид ядуурлын эдийн засгийг ойлгодог, мэддэг мөртлөө үүнийг нөхцөлдүүлж байгаа хувь хүний сэтгэл зүй үрүү хэзээ ч өнгийн харж байсангүй. Хэрвээ сэтгэл зүйн жижигхэн шийдлүүдийг л олчих юм бол сая сая доллар хэмнэх боломжтой юм байна гэдгийг дэлхий дахин саяхнаас л ухаарч эхлээд байгаа бөгөөд хөгжсөн орнуудад хүний оюун ухаанд үүсдэг хомсдолын хавханд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 

Эх сурвалж:
http://harvardmagazine.com/2015/05/the-science-of-scarcity



No comments:

Post a Comment