Saturday 29 June 2019

Gesundheit!
Хэрвээ мөрөөдөл чиний сэтгэл зүрхэнд хорогдоод эхэлбэл чи юу хийх вэ? Чи мөрөөдөлтэйгээ цуг гүйж болно, эсвэл мөрөөдөл чиний амьдралыг чиглүүлж болно, бүр болиод чи мөрөөдлөө хөөж явуулчихаад насан туршдаа яах байсан бол гэж гайхширж ч болно.
Доктор Адамсын бага насанд аав нь бараг хамт байсангүй, байсан ч хүүхдүүдтэйгээ огт харьцдаггүй хүн байв. Харин 16 настай байхад нь аав нь зүрхний шигдээсээр нас барахынхаа өмнөх нэгэн долоо хоногийг хүүтэйгээ цуг өнгөрөөжээ. Энэ л үед тэрбээр аавынхаа дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноос хойш хэрхэн сэтгэл санааны гүн шарх авч, анд найз нь өөрийг нь аврахын тулд гэдсэндээ гренат хийж амиа өгч байсанд харамсаад ч бардаггүй тухай мэдэж авчээ. Аавынх нь амьдралын хамгийн том гэмшил нь хүүхдүүддээ сайн аав байж чадаагүй явдал байв. Аав нь хүүгээсээ уучлал хүсч, сэтгэлээ уудалсанаас хэдхэн хоногийн дараа зуурдаар нас барсан нь Адамст маш хүнд цохилт болов. Үүний дараа давхар давхар золгүй явдал тохиолдсоноос болж, Адамс амиа хорлохоор шийдсэн ч ээж нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэнээр бүх зүйл орвонгоороо эргэжээ. Энэ л үед тэрбээр ганцаардал бол хамгийн хор хөнөөлтэй байдал, сэтгэл санаа бол хүний бүх төрлийн өвчний эх үүсвэр болохыг ойлгож авав. Нэг өрөөнд цуг хэвтэж байсан өвчтөний яриаг сонсоод хэрвээ би энэ чигээрээ бусдаас ирж байгаа хайрыг хүлээж авахгүй байсаар байвал ирээдүйд ийм л болох юм байна гэж мэдрэв. Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг үл ойшоож, бүхнийг шинжлэх ухаанчаар батлах гэж оролдох нь эсрэгээрээ түүнийг ганцаардуулдаг байсан аж.
Хэтэрхий их бодох нь өөрөө асуудал юм. Бодохын оронд мэдрэх хэрэгтэй. Эндээс Адамсын амьдралд эргэлт гарч, олон ном уншиж, олон хүмүүсийн амьдралын түүхийг сонсож, өөрийн гэсэн амьдралын номын сангаа бүтээж эхэлжээ. Тэрбээр хүмүүс ямар үед сайхан мэдрэмж авдаг, яагаад аз жаргалтай гэр бүл үүсдэгийг мэдэж авахыг хүсэв. Хүмүүстэй ярих туршлага суухын тулд дурын утасны дугаарлуу ярьж хэр удаан ярьж чадах эсэхээ сорьж үздэг байв. Нийгэм судлалын оюутан, урлаг судлаач болж дүр эсгээд утасны цаадах хүн өөрийн доторх би-гээ хэр зэрэг нээхийг харах гэж оролдов. Цахилгаан шатанд суугаад хэдэн давхар хүртэл явахад тэр хүн өөртэй нь илэн далангүй ярьж, бүр цуг дуу дуулж болохыг туршиж үзэв. Сургуульд байхдаа шинжлэх ухааны туршилт хийх дуртай байсан бол одоо хүмүүсийн аз жаргалтай мөчийнх нь тухай яриулж чадах эсэхээ туршдаг болов. Ингээд нэг жил сайн дураараа хүмүүсийг сурвалжилдаг болсоны дараа амьдралын үзэл нь батжиж, насан туршид хадгалагдах өнөөгийн бие хүнийг нь бий болгожээ. Энэ үедээ л анагаахын сургуулийн үүдийг татаж эмч болохоор шийдсэн байна.
Гэтэл эмч хүн гэхээр л хувиралгүй нүүртэй, бүхнээс дээгүүр, их мэдэгч царайлж, өвчтөнийг хүн талаас нь биш өвчин талаас нь хардаг тухайн үеийн эрүүл мэндийн системтэй нүүр тулгарах үед цочирдов. Тэр үүнийг өөрчлөхийг хүсэв. Анагаахын хичээлдээ үргэлж онц сурдаг байсан тэрбээр хичээлийн их номын хажуугаар уран зохиолын ном уншихаа, хүн хоорондын харилцааг судлахаа хэзээ ч болисонгүй. Энэ удаад яаж хүн инээлгэдэг болох тал дээр хичээллэж эхлэв. Яагаад гэвэл хүн инээж, аз жаргалтай байвал эмчээс үзүүлж байгаа эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байдагийг анзаарсан болохоор тэр. Улам бүр технологийн шийдлээр орчин үежиж байгаа анагаах ухааны ертөнцөд хүний зөвхөн биеийг бус сэтгэлиийг хамтатган эмчилж чаддаг хүн л үнэлэгднэ, ялгарна.
Америкийн эрүүл мэндийн системийн харгис, мөнгөний төлөө байдлыг хараад өөрийн үнэ төлбөргүй эмнэлгийг байгуулахыг мөрөөдөв. Өвчтөнөөс нэг цент ч авахгүйгээр үйлчилж чаддаг эмнэлгийг байгуулах гэж гучин жилийн туршид шантарч буцалгүй зүтгэв. Нүсэр их цаг хугацаа, хандив туслалцаа, олон хүний сайн дурын хүч хөдөлмөр энэ эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад одоо ч шаардагдсаар байна. Өдгөө энэ эмнэлэг бүрэн хүчин чадлаараа баригдаж дуусаагүй ч тэрбээр өөрийнхөө мөрөөдлийг хэзээ ч хаясангүй, бүхий л амьдралаараа энэхүү галзуу ч юм шиг зорилгынхоо төлөө зүтгэсээр байна. Хүнд ер нь жаахан галзуурал байх хэрэгтэй, тэгж байж хүлээстэй олсоо тас татан, өөрийгөө чөлөөлөх зориг гардаг. Ноцтой чухал царайлалгүй санамсаргүй зугаатай амьдрахад яагаад болохгүй гэж.

No comments:

Post a Comment