Monday 6 February 2017

Хүнд гай болохгүй хөгшрөхийн тулд



Ясны нягтаршил гэж юу вэ?

Энэ нь ясанд хэр их минерал агуулагдаж байгааг тодорхойлдог ба энэ үзүүлэлт нь хүүхэд ахуй цагаас л шийдэгдчихдэг. Сайн хооллож, унтаж, хөдөлдөг байсан хүүхдийн ясны нягтаршил их болж өснө. Харин байнга чихэрлэг зүйл идэж, хөдөлгөөнгүй байсан хүүхдийн ясны нягтаршил багасна.

Одоо та нэгэнт том хүн болчихсон болохоор ясны нягтаа хэрхэн нэмэх билээ гэж гайхаж байгаа байх. Нэмэх ямар ч аргагүй. Харин та үр хүүхэдтэй бол түүндээ сэтгэл гаргаж ясыг нь бэхжүүлэхэд анхаараарай.

Гэхдээ оройтсон гэж битгий гутар. Хамгийн гол нь одоо байгаа ясныхаа нягтыг хадгалж, хэрхэн сийрэгжүүлэхгүй байх вэ гэдэгт анхаарахаас өөр зам танд үлдсэнгүй. Үүнд одооноос эхлэн анхаарал тавьж эхэлбэл хөгширсөн хойноо шал өөр амьдрал таныг хүлээж байгаа гэдэгт итгэ.

Эмэгтэй хүний бие эстрогений ачаар яснаас калци хайлж алга болохыг сэргийлж байдаг. Эстроген нь өөрөө уургаас бүтнэ. Тэгэхээр амархан хугарчихдаг ястай болохгүйн тулд өнөөх л уураг чинь хэрэгтэй байх нь. Үнэн хэрэгтээ эмэгтэй хүн цэвэршмэгц эстрогений ялгарал багасч ясны сийрэгжилт явагдаж эхэлнэ. Тиймээс 50 наснаас эхлэн яс гэнэт л сийрэгжиж эхэлдэг нь ийм учиртай. Яс бүдчихэд л амархан хугардаг болж, тоолгүй орхибол 60, 70 гэхэд хэвтэрт орсон байх вий. Үр хүүхэд, ойр дотныхондоо бөөн ажил. Таны өөрийн амьдралын чанар ч хэрхэн доройтохыг бодоод үз. Тэгэхээр та одооноос ясныхаа нягтад санаа тавьж аль болох багасгахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Цэвэрших нас болоогүй байсан ч эстрогений ялгарлаа тогтмол хэмжээнд хадгалж байж гэмээнэ ясаа бат бөх байлгаж чадна. Сарын мөчлөгийн алдагдалтай хүмүүс төмөр, уураг агуулсан хүнс түлхүү хэрэглэж, цус багадалтаас үүдэлтэй мөчлөгийн алдагдлаа засах хэрэгтэй. Төмөр, уураг хоёрыг зэрэг ихээр агуулж, басхүү шимэгдэлт сайтай байдаг шидэт хүнс бол мах юм шүү.


Хүний ясны минералууд 3 жилийн мөчлөгтэйгээр бүгд солигддог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өдөр бүр хуучин калциа гадагшлуулж шинэ калцийг суулгаж өгч байдаг. Харин энэ процесс нь ясанд ачаалал өгсөн үед л явагдна. Ачаалал өгнө гэдэг маань хөдөлнө гэсэн үг юм.

Гүйж болж байна, алхаж болж байна, бүр больё, зүгээр зогсоход л хангалттай. Автобусанд ороод та хүнд суудал тавьж өгөөд өөрөө босоод зогсохдоо ясандаа хөрөнгө оруулалт хийж байна л гэж ойлгоорой. Танд л ашигтай. Өдөрт ядаж ганц хоёр цагийг босоо байдалд өнгөрөөчих хэрэгтэй.

Үүнээс гадна калцийг хүнсний зүйлээр биед оруулж өгөх хэрэгтэй. Өнөөх л тараг, сүү, бяслаг чинь. Сүү, сүүн бүтээгдэхүүнд дургүй хүн загас, бууцай, брокколи, байцаа, ногоон сонгино, салатны навч гэх мэт төрөл бүрийн ногоон өнгөтэй ногоогоор орлуулж болно. Гэхдээ эдгээрийг оройн зоогондоо идвэл унтаж байх үед ясанд чинь калци сууж өгдөг. Яагаад гэвэл гүн нойронд автсан эхний 3 цагт өсөлтийн даавар ялгаран калцийг зөөвөрлөдөг. Ялангуяа өглөө цайгаа уудаггүй хүн, туранхай хүн, сарын тэмдэг алдагддаг хүмүүс илүү анхаараарай.

Мөн чихэрлэг зүйлс их идвэл сахар шээсээр ялгарахдаа кальцийг хамт аваад гардаг. Түүнээс гадна шээсээр ялагарахдаа өөртөө кальцийг наалдуулаад авч гардаг бодист фосфор орно. Фосфор нь бэлэн гоймон, хүнсний нэмэлт бодисууд, утсан бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Сахар фосфор хоёрыг аль алийг нь агуулдаг зүйл бол газтай ундаа билээ. Эдгээрийг их хэмжээгээр хэрэглэдэг эрчүүдэд ясны сийрэгжилт их явагдах нь гайхмаар зүйл огт биш юм.


Өөр бас ясны бат бөх байдлыг хангаж байдаг нэгэн амин дэм бол витамин Д. Үүнийг хятад мөөг зэрэг хоол хүнсээр авахаас илүү порцоор биедээ шингээх хамгийн энгийн бөгөөд түгээмэл арга бол мэдээж наранд биеэ ээх. Хэсэг нарласнаар арьсан дээр витамин Д-ийн нийлэгжил явагддаг. Тиймээс өдөрт дор хаяж 30 минут нүүрээ биш юмаа гэхэд (сэвхтэнэ барьна гээд зарим хүн дургүй байгаа байх) гараа ч юмуу хөлөө ч юмуу, хүзүүгээ ч юмуу ээчих хэрэгтэй. Түүнээс гадна жаахан далийвал үдээс өмнийн нар хүний тархинд аз жаргалын даавар серотониныг ялгаруулдаг учраас нарыг ер нь үзэн ядах хэрэггүй шүү.

Гадаадууд чухам өглөө тагтан дээрээ хооллоод л эсвэл цэцэрлэгт хүрээлэнд нарлаад л байдаг чинь цаанаа их учир жанцантай эд байсан юм байна шүү. Манай Монгол шиг хүйтэн газар өвөл ялангуяа хөлдөж үхэх гээд л нарлаад байлтай нь биш, ядаж үдээс өмнө оффис дээрээ очоод цонхны хажууд байрлалаа эзлээд авчих хэрэгтэй. Тэгэхэд л яс чинь, тархи чинь талархаад явчихна шүү дээ.

Эх сурвалж:
「食事」を知っているだけで人生を大きく守れる 細川モモ 2016
https://www.healthaliciousness.com/articles/high-calcium-vegetables.php


No comments:

Post a Comment