Би бол бичил биетний үүр
Хүний биеийн зөвхөн 10% нь эд эсээс бүрддэг гэнэм. Үлдсэн 90% нь бичил биетийн орчин буюу микробиот дээр оршин тогтнодог байна. Английн эрдэмтэн зохиолч Аллана Колины бичсэн энэ ном сүүлийн үед барууны уншигчдын дунд шуугиан тариад байна.
Хүний бие дэх удамшлын генүүд олон төрлийн уураг үйлдвэрлэж, тэдгээр нь бие махбодийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг гүйцэтгэдэг гэж өнөөгийн шинжлэх ухаан тайлбарладаг. Гэтэл үнэндээ таны биеийг саяхан хүний геномын бүтцийн судалгааны эцсийн үр дүнгээр тодорхойлогдсон 21 мянган ген чинь биш, харин биенд чинь зэрэгцэн орших 100 триллион бичил биетэн удирддаг гэвэл итгэх үү? Эдгээр бичил биетийн бүрдүүлсэн орчин л бидний эрүүл байх нөхцлийг хангадаг гэх. Тэгэхээр манай эриний он тоолол эхэлсэн цагаас хүн төрөлхтөн "Би гэж юу вэ?" хэмээх философийн асуултанд хариулах гэж шаналсаар ирсэн бол энэ номноос үзвэл би гэдэг нь бичил биетний үүр, тэдний унаа унш болж таарах нь.
20-р зуун хүн төрөлхтөнд хүний эрүүл мэндийг аврах дөрвөн том ололт амжилтыг авчирсан билээ. Вакцин, эмнэлгийн орчны ариун цэвэр, газар доорх бохир, цэвэр усны байгууламж, антибиоткийн нээлт. Эдгээр нь хүн төрөлхтөнийг олон янзын өвчин, тахлаас хамгаалж чадсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд хүний биед хэвийн бус үзэгдлүүд илрэх болсон байна. Эдгээр нь харшил, арьсны атопи, чихрийн шижин, чонон хөрвөс, гурилан бүтээгдэхүүн боловсруулах чадваргүй болдог целиакийн өвчин, сэтгэл гутрал, аутизм гэх мэтээр хөвөрнө. Гэтэл энэ бүгд нь эрт үед хүн төрөлхтөнд ажиглагддаггүй байсан өвчнүүд. Таргалалт ч ялгаагүй. 1960-аад онд АНУ-д улсын хэмжээнд 13%-тай байсан таргалалт энэ онд даруй 36% давжээ. Энэ нь зөвхөн Америкаар зогсохгүй бусад олон орны нийтлэг үзэгдэл болоод байгааг та мэдэж байгаа байлгүй. Харин Колин бээр номондоо хүний биеийн бичил биетийн орчны алдагдал энэхүү таргалалтыг нөхцөлдүүлж байгаа хэмээн бичжээ. Жишээлбэл тарган, туранхай хоёр хулганы микробиотийг бүрдүүлэгч бичил биетнүүд хоорондоо бүтцийн асар их ялгаатай байдаг гэнэ. Тэр бүү хэл тарган хулганы микробиотоос жаахныг аваад туранхай хулаганад суулгахад л мань хулгана хөөрхөн бондойгоод ирдэг гэнэ шүү. Ямар ч байсан эндээс таргалалттай тэмцэх шинэ эмчилгээг хүний биеийн микробиот дээр суурилан гаргаж авах боломжтой болоод байгаа юм байна. Тэгэхээр өнөөг хүртэл турах оролдлого хэчнээн хийгээд бүтээгүй хүмүүс хамаг бурууг өөрөөсөө хайх хэрэггүй болж, баярлууштай сайхан үйл явдал тохиож байгаа нь гарцаагүй.
За тэгвэл микробиотийн тэнцвэрт байдал яагаад алдагддаг юм бол?
Уг номноос үзвэл, антибиотикийн замбараагүй хэрэглээ, хүнсний эслэг дутуу авах, нярай хүүхэд өсгөх арга зэргээс хамаардаг гэнэ шүү. 20-р зууны эхээр хүн төрөлхтөний үхлийн гол шалтгаанд уушигны хатгалгаа, сүрьеэ, халдварт суулгалт ордог байсан ба хөгжингүй орнуудад хүртэл дундаж наслалт 50 гарч чаддагүй байв. Харин өнөөдөр хөгжингүй орны хүн бол 80 наслах нь зайлшгүй үзэгдэл болж хувирсан ч үхлийн эхний гурван шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар, тархины шигдээс болж өөрчлөгджээ. Сүүлийн үеийн анагаах ухаанд үүнийг тайлбарлахдаа хүний биед удаан хугацааны туршид үрэвсэл явагдсантай холбоотой хэмээн үзэж байна. Үрэвсэл гэдэг маань ердөө өнөөх л бичил биетийн орчны алдагдал, ялангуяа ходоод гэдсэн дэх шаардлагат нянгуудын тэнцвэрт байдал алдагдахыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид өглөө бүр өөрсдийн биенд орших бичил биетнүүддээ жаахан санаа тавьж сурвал, олон төрлийн өвчин зовлонд өртөхгүй байх бүрэн бололцоотой цаг ирсэн ажээ.

Эх сурвалж:
https://www.amazon.com/10-Human-Microbes-Health-Happiness/dp/0007584032
https://www.amazon.com/10-Human-Microbes-Health-Happiness/dp/0007584032
https://www.cdc.gov/obesity/data/adult.html
http://forbesjapan.com/articles/detail/13608/3/1/1